ОХУ-ын генерал Сергей Суровикин зургадугаар сард болсон “Вагнер”-ын бослогоос хойш сураг чимээгүй байсан. Түүнийг Евгений Пригожинтой дотно байсан, “Вагнер”-ын бослогын талаар урьдаас мэдэж байсан гэх таамаг ч гарчээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин түүнийг Агаар, сансрын хүчний командлагчийн албан тушаалаас нь саяхан огцруулсан нь энэ бүх сэжиг таамгийг улам дэвэргээд байв.
Суровикиныг мөрдөн байцаалтад байгаа гэх мэдээлэл гарсан ч тэрбээр өчигдөр гудамжинд гэр бүлийн хүнтэйгээ явж байгаад папарацийн дуранд өртжээ.
“Генерал Сергей Суровикин гарч ирлээ. Амьд мэнд, эрүүл энх, эх орондоо, гэр бүлийнхэнтэйгээ, Москвад шүү дээ. Өнөөдөр авсан зураг” гэж Оросын хэвлэл мэдээллийн идэвхтэн Ксения Собчяк телеграмдаа бичсэн байв. Түүнчлэн Оросын сэтгүүлч Алексей Венедиктов “Генерал Сергей Суровикин эх орондоо гэр бүлтэйгээ байгаа. Тэр түр чөлөөтэй байгаа. Батлан хамгаалахын яамны ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байгаа” гэж бичжээ.
Генерал эхнэр Аннатайгаа сугадалцан явж байгаа зураг чухам хэзээнийх гэдгийг бат нотолсон зүйл үгүй. Суровикин хамгийн сүүлд “Вагнер”-ын бослогын ид үеэр цэргүүдэд энэ үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлж буй бичлэгээр л олны өмнө гарсан. Үүний дараахан түүнийг баривчлагдсан гэж хэвлэлд мэдээлж эхэлжээ.
Эх сурвалж: BBC