Америкийн Нээлттэй тэмцээний шөвгийн наймд тоглох теннисчид шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2023.09.05-нд нийтлэгдсэн

Америкийн Нээлттэй тэмцээний шөвгийн наймд тоглох теннисчид шалгарлаа

Талбайн теннисний энэ оны сүүлийн “Их Дуулга” болох АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдож буй “Америкийн Нээлттэй” тэмцээний шөвгийн наймд тоглох эрэгтэй, эмэгтэй теннисчид тодорлоо. Эрэгтэйчүүдийн төрөлд тус тэмцээний чансааг тэргүүлэгч Испанийн К.Алкараз [12] Германы А.Зверевтэй тоглоно. Өмнөх тойрогт К.Алкаразын хувьд Италийн М.Арналдиг 6:3, 6:3, 6:4 харьцаатай төвөггүй хожсон бол А.Зверев мөн л Италийн теннисчин [6] Я.Синнертэй 4 цаг 41 минут тоглосны эцэст 6:4, 3:6, 6:2, 4:6, 6:3 харьцаатай тус тус хожив. Сербийн [2] Н.Жоковичийн учраа нь тэмцээнийг зохион байгуулагч орны хамгийн өндөр чансаатай тамирчин болох [9] Т.Фриц байх юм. Т.Фриц нь өмнөх тойрогтоо Швейцарийн тамирчин Д.Стрикерийг 7:6, 6:4, 6:4 харьцаатай хожсон бол Н.Жокович Хорватын тамирчин Б.Гожог 6:2, 7:5, 6:4 харьцаатай тус тус хожсон байна. Тус тэмцээний чансааны гуравдугаарт эрэмблэгдсэн ОХУ-ны теннисчин Д.Медведевийн учраа нь нутаг нэгт [8] А.Рублёв байх юм. Д.Медведев өмнөх тойрогтоо Австралийн хамгийн өндөр чансаатай [13] А.Де Минаурыг 2:6, 6:4, 6:1, 6:2 харьцаатай хожсон бол А.Рублёв Их Британийн теннисчин Ж.Дрэйперийг 6:3, 3:6, 6:3. 6:4 харьцаатай хожив. Шөвгийн наймд хоорондоо тоглох сүүлийн хос нь Америкийн теннисчид болох [10] Ф.Тиафо болон Б.Шелтон нар юм. Б.Шелтон нь өмнөх тойрогтоо мөн л нутаг нэгт [14] Т.Полыг 6:4, 6:3, 4:6, 6:4 харьцаагаар хожсон бол Ф.Тиафо Австралийн Р.Хижикатаг 6:4, 6:1, 6:4 харьцаагаар тус тус хожсон байна.

Эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч Польшийн теннсичин И.Швиантек Латвийн тамирчин [20] Е.Остапенкод шөвгийн 16-д хожигдсоноор энэ удаагийн тэмцээнд шинэ аварга төрөх нь тодорхой болов. Е.Остапенкогийн шөвгийн наймын учраа нь АНУ-ын залуу теннисчин [6] К.Гауф байх юм. К.Гауфф өмнөх тойрогтоо Данийн К.Возниацкиг 6:3, 3:6, 6:1 харьцаатай хожсон. Чехийн [10] К.Мухова Румын улсын теннисчин [30] С.Кирститэй учраа таарав. С.Кирсти өмнөх тойргууддаа Казахстаны [4] Е.Рыбакина болон Швейцарийн [15] С.Бенчич нарыг тус тус хожсон билээ. Харин К.Мухова нь АНУ-ын тамирчин Т.Таунсенд болон БНХАУ-ын Ш.Вангийг тус тус хожин шөвгийн наймд үлдээд байна. Шөвгийн наймд үлдсэн хамгийн өндөр чансаатай [2] эмэгтэй теннисчин болох Беларусын А.Сабаленка БНХАУ-ын Ч.Женгтэй өрсөлдөх юм. А.Сабаелнка өмнөх тойргуудад Францын К.Бюрел болон ОХУ-ын Д.Касаткина нарыг тус тус хожив. И.Швиантек шөвгийн 16-д хожигдсоноор есдүгээр сарын эхний долоо хоногийн шинэчлэгдсэн чансаагаар А.Сабаленка анх удаагаа дэлхийн чансааг тэргүүлэх боломжтой болж байна. Энэ жил 20 настай Хятадын теннисчин Ч.Женгийн хувьд өмнөх тойргууддаа Италийн Л.Бронзетти болон Тунисын [5] О.Жабеүр нарыг тус тус хожиж өөрийн карьерийн анхны Их Дуулгын шөвгийн наймд шалгараад байна. Шөвгийн наймд хоорондоо тоглох сүүлийн хос бол АНУ-ын [17] М.Кийз ба Чехийн [9] М.Вондроусова нар байх юм. Энэ оны долдугаар сард болсон Уимблдоны Их Дуулгын аварга М.Вондроусова өмнөх тойргууддаа ОХУ-ын [22] Е.Александрова болон АНУ-ын П.Стернс нарыг тус тус хожсон юм. М.Кийзийн хувьд өмнөх тойргууддаа ОХУ-ын [14] Л.Самсанова болон АНУ-ын [3] Ж.Пегүла нарыг тус тус хожиж шөвгийн наймд шалгарав. Шөвгийн наймын тоглолтууд Улаанбаатарын цагаар 2023.09.05-наас 2023 оны есдүгээр сарын 6-нд шилжих шөнийн 12:00 цагаас эхлэн тус тус явагдана.

Г.Хантулга 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж