Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 288 сургуулийн автобус үйлчилнэ. Гэвч өчигдрөөс эхэлсэн сургуулийн автобусны үйлчилгээнд зарим хүн сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж байна. Тодруулбал, нийслэлийн 126 дугаар сургуулийн автобус эвдрэлтэй байгаа бөгөөд түр хугацаанд сурагчдыг зөөх боломжгүй гэдгийг сургуулийн захиргаа өчигдөр /2023.09.04/ мэдэгдсэн аж.
Тус сургууль нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрладаг. Одоогоор сургуулийн автобусны засвар хэдийгээр дуусах нь тодорхойгүй байгаа аж.
2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн сургуульд байршил, сурагчийн тооноос хамаарч сургуулийн автобусыг хуваарилсан. Энэ жилд 315 сургуульд 385 мянга гаруй сурагч суралцана. Одоогоор төрийн өмчийн 31 сургуульд 42, хувийн 15 сургуульд 54 автобус байдаг. Үүн дээр нэмээд түрээсийн 117, төслийн 72 автобус сурагчдад үйлчилнэ. Гэвч зарим сургуулийн автобус эвдрэлтэй учир үйлчилгээнд гараагүй байна.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй тээвэрлэх зорилгын хүрээнд 2019 онд “UB school bus” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн туршилтыг 2019 оны арваас арванхоёрдугаар сард хийж нийт 40 автобусаар 29 сургуулийн 115 мянган хүүхэд зорчсон статистик байдаг. Тухайн үед үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон байдаг.
Холбоотой мэдээ