Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "S’Outlet" дэлгүүрийнхэн шүүхийн шийдвэргүйгээр барилгыг нураах нь хууль бус гэдгийг хэлж, эсэргүүцлээ илэрхийлж жагсч байна. Тав хоногийн өмнө /2023.08.31/ тус дэлгүүрийн барилгыг үерийн эрсдэлтэй бүсээс чөлөөлж албадан буулгах талаар мэдэгдлийг нийслэлийнхэн танилцуулсан.
Тодруулбал, "S’Outlet" дэлгүүрийн барилгыг буулгаж газрыг чөлөөлөхөөс гадна газрын зөвшөөрөл олгосон этгээдүүдийг Авлигатай тэмцэх газар шалгахыг мэдэгдсэн юм.
Нийслэлээс мэдэгдэхдээ, газар чөлөөлөхөд гарч байгаа зардлыг аж ахуй нэгж шууд төлөх боломжгүй учир эхний ээлжид төсвөөс гаргана. Үүний дараагаар буруутай этгээдүүд нөхөн төлнө гэсэн. Харин "S’Outlet" дэлгүүрийн удирдлага, ажилчид энэ шийдвэрийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж, өнөөдрөөс эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байгаа юм.
Одоогоор тухайн дэлгүүрийн ойролцоох хэсгийн замыг түр хугацаанд хаасан бөгөөд мэргэжлийн компаниуд техник хэрэгслүүдээ хэдийнэ оруулж, байрлуулжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн долдугаар сарын эхээр нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас голын урсац хаасан обьектуудыг яаралтай буулгах арга хэмжээ авахыг хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдэж, аж ахуй нэгжүүдэд албан шаардлага хүргүүлээд буй. Тухайн үед үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Натурын гүүрнээс "S’Outlet" дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу элс, хайргаар шороон түр далан босгосон. Энэхүү үерийн даланг зөөвөрлөж, цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар өнөөдөр /2023.09.05/ тухайн бүсэд хэсэгчлэн зам хаагаад байгаа юм.
"S’Outlet" дэлгүүр үер болсноос хойш цахилгаангүй байгаа тул ажиллаагүй, ажилчдынхаа цалинг тавих боломжгүй болсон байна.
Тиймээс шүүхийн шийдвэргүй хууль бус хойшлуулашгүй ажиллагааг тус аж ахуй нэгжийнхэн эсэргүүцэж байгаа аж.
Холбоотой мэдээ