“УБТЗ” ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төмөр замчид болон тэдний гэр бүлд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын баг бүхий “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төвийг шугам замаар аялуулдаг. Энэхүү дөрвөн вагоноос бүрдсэн хөдөлгөөнт оношлогооны төв нь нүд, чих хамар хоолой, шүд, эмэгтэйчүүд, мэдрэл, мэс засал, дотор, эмнэл зүйн лаборатори, ариутгалын кабинетуудтай бөгөөд орчин үеийн дурангийн болон эхо, рентген оношилгооны тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. Мөн эмнэл зүйн лаборатори нь нийтдээ 80 нэр төрлийн шинжилгээг хийх хүчин чадалтай.
УБТЗ-ын Төв эмнэлгийн их эмч клиникийн профессор Г.Нарандэлгэрээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 4-ний өдрөөс Сүхбаатар, Салхит, Дархан зангилаанд 10 хоног ажиллаж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийхээс гадна Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрт илрүүлгийн багц үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах юм.
Хөдөлгөөнт оношилгооны төв нь 2019-2022 онд хойд, урд шугам замд нийт 16 удаа аялж, 100 мянга шахам хүнийг үзлэг оношилгоонд хамруулжээ.
УБТЗ цаашдаа хөдөлгөөнт оношилгооны төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төмөр замчид болон орон нутгийн иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд дахин хоёр вагоныг 2024 он гэхэд нэмж тоноглохоор төлөвлөж байна. Ингэснээр эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон нийт 6 вагонтой явуулын амбулаторитой болох төслийг амжилттай хэрэгжүүлж дуусах юм.
Холбоотой мэдээ