Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зэвсэг нийлүүлэх асуудлаар ОХУ-д ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж ярилцахын тулд Москвад ховорхон айлчлал хийнэ гэж АНУ-ын эх сурвалж мэдээллээ.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Ватсон “Орос, Хойд Солонгосын хооронд зэвсэг нийлүүлэх хэлэлцээр идэвхтэй урагшилж байна. Ким Жон Ун удирдагчдын түвшний дипломат харилцааг багтаасан эдгээр хэлэлцээг Орост үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд байна” гэж мэдэгджээ.
Ким Жон Ун энэ сарын сүүлээр Хойд Солонгосоос холгүй, Номхон далайн эрэгт орших Владивосток руу хуягт галт тэргээр явж, Путинтэй уулзах магадлалтай гэж "The New York Times" мэдээлэв. Уг сонинд Путин Хойд Солонгосоос их бууны сум болон танк эсэргүүцэх пуужин авахыг хүсч байгаа бөгөөд Ким Жон Ун Москва хүртэл явж магадгүй ч энэ нь тодорхойгүй байна гэж бичжээ. Хариуд нь Ким Жон Ун хиймэл дагуул, цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоцны дэвшилтэт технологи олж авахын зэрэгцээ ядуурсан улсдаа хүнсний тусламж эрэлхийлж байгаа гэх мэдээлэл байна.
Орос улс дайны ажиллагаанд шаардлагатай олон төрлийн зэвсэг, цэргийн хангамжийг авахаар Хойд Солонгостой нууцаар идэвхтэй яриа хэлэлцээ хийж байгааг АНУ-ын албаныхан өнгөрсөн долоо хоногт анхааруулсан. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн сард Пёньянд айлчлахдаа дайнд шаардлагатай нэмэлт зэвсэг авахаар ярилцсан гэж Ватсон Даваа гаригт мэдэгдэв. Шойгугийн айлчлалын араас Оросын албаныхны өөр нэг баг Хойд Солонгост айлчилж, холбогдох яриа хэлэлцээг хийсэн гэнэ.
Өмнө нь 2022 онд Хойд Солонгосоос ОХУ-д явган цэргийн пуужин, техник нийлүүлсэн гэж Вашингтон өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Украин улсаас өмнөд болон зүүн зүгт нягт нямбай сөрөг довтолгоо явуулж байна. Тэгвэл Путин сөрөг довтолгоог бүтэлгүйтсэн гэж өчигдөр мэдэгдсэн бөгөөд Москва хүчээ бэхжүүлэхийн тулд нэмэлт цэргийн хангамжийг яаралтай авах хүсэлтэй байгаа бололтой.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ