Хөрөнгө оруулагчдыг үлдээх үү, үргээх үү?

Хуучирсан мэдээ: 2023.09.05-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдыг үлдээх үү, үргээх үү?

Хөрөнгө оруулагчдыг үлдээх үү, үргээх үү?

Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын 76 дугаар тогтоолоор долдугаар сарын 7-нд баталсан. Тус жагсаалтад 62 хуулийн тогтоолын төсөл багтсан байна. Намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд дотроос онцлох олон хуулийн төсөл багтсан. Тиймээс энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талааар бэлтгэн хүргэж байна.


Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлжээ. Одоогоос 10 жилийн өмнө батлагдаж байсан тус хуульд өнгөрсөн хугацаанд 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тэгвэл энэ удаа оруулж ирсэн шинэчилсэн найруулгын төсөлд туссан өөрчлөлтүүдийг онцлон хүргэе.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 42 ХУВИЙГ “ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ ДАНГААРАА БҮРДҮҮЛДЭГ

Үндсэн хуульд Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц, онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна гэж тусгасан байдаг. Төрөөс Үндсэн хуульд нийцүүлэн Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг батлахдаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлогыг тодорхойлж, энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх асуудлыг тусгасан. Засгийн газраас бодлогын баримт бичгүүдэд тусгасан хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд онцолж байв.

Монгол Улсад 1990-2023 оны I улирлын байдлаар нийт 41.1 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсний 73 хувь нь уул уурхайн олборлолт, 11 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт, үлдсэн 16 хувь нь бусад салбарт хийгдсэн гэдгийг ч тэмдэглэв.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй, нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч байгааг дээрх тоон үзүүлэлтээс харж болох аж. Оюутолгой төслийн уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалттай холбоотойгоор Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 оноос эрс нэмэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг “Оюутолгой” компани дангаараа бүрдүүлж байгаа гэсэн судалгаа бий.  Монгол Улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй байгаа бөгөөд улсын хэмжээнд 2023 оны эхний улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9350 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 аж ахуйн нэгж татан буугдсан байна. Эдгээрийн 33 хувь нь 2010-2022 онд татан буугджээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ГОМДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭНЭ

Гадаадын хөрөнгө оруулалт түлхүү уул уурхайн салбарт зонхилж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг хязгаарлаж, тэр хэрээр бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл боломж хязгаарлагдмал байгаа дүр зураг нэгэнт бий болоод байгаа юм. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг шинээр татах, эдийн засгийг төрөлжүүлэх, суурийг тэлэх, хөрөнгө оруулагчийн эрх, хууль, ёсны, ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдад үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулах замаар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг хадгалах зорилгод нийцсэн хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлага бий болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Уул уурхай тэр дундаа Оюутолгойгоос өөр гадаадын томоохон хөрөнгө оруулагчгүй болтлоо тэдний итгэлийг алдахад Монгол Улсын бодлого шийдвэр, хууль эрх зүйн орчны тогтвортой бус байдал хамгийн их нөлөөлсөн гэдэг. Түүнчлэн эргэж буцсан шийдвэрүүд хөрөнгө оруулагчдын толгойг эргүүлэхээс гадна итгэлийг нь бүр мөсөн унтраачихсан.

Цаашлаад тэд эрх ашгаа хамгаалуулахаар шат шатны хууль хяналтын байгууллагуудад ханддаг ч хамгийн багадаа зургаан жил, цаашлаад 16 жилийн дараа хэрэг нь шүүхээр шийдвэрлүүлсэн бодит түүх байна. Ийм доройтолд орсон хууль шүүхийн байгууллагатай оронд хөрөнгө оруулахыг хүсэх билээ. Шүүх хараат бус, шударга шийдвэр гаргадаг байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл” байгуулахаар тусгасан бөгөөд аливаа асуудал Татварын маргаан таслах зөвлөл, шүүх, арбитрт шилжихийн өмнө эхлээд төр асуудлыг тал бүрээс нь судалж, аль болох маргаанд хүргэхгүйгээр шийдвэрлэх гарц бий болгоно гэж үзэж байгаа аж.  Түүнчлэн арбитрыг сонгоод, хандах боломжийг нь нээж өгсөн гэв. Түүнчлэн  Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ төрлийн гомдлыг хүлээн авч, хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар нягталж, шийдвэрлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Ерөнхий прокурорын газарт тусгай ажлын хэсэг ажиллуулжээ. Мөн хөрөнгө оруулагч нарын гомдлыг Засгийн газар хуралдаанаараа улиралд тутам хэлэлцэж байхаар тогтжээ.

100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН БОСГЫГ АРИЛГАВ

Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тавигдах шаардлага болох 100 мянган ам.долларын босгыг зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад байхгүй болгосон байна. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэх нөхцөл бүрдэх ба уул уурхайн салбараас бусад салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.

Хоёр жилийн өмнө УИХ-ын нэр бүхий зарим гишүүний санаачилсан гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хуулийн төсөлд 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт оруулсан гадаадын иргэнд түр оршин суух зөвшөөрөл олгодог байх нь зүйтэй гэсэн санал олны эсэргүүцэлтэй тулж байсан юм.

Тухайлбал, 100 мянган ам.доллларын хөрөнгө оруулсан аль нэг улсын иргэд Монголд их хэмжээгээр орж ирж үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн хашхирцгааж байв. Гэтэл энэ удаагийн хөрөнгө оруулалтын тухай хуульд өнөөх 100 мянга ам.долларын босгыг бүрмөсөн авч хаяв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн л бол үнийн дүнгээс нь үл хамаарч хөрөнгө оруулагч хэмээн үзэж найр тавина гэдгээ илэрхийллээ.

  • 16.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг олгох

ГАЗРЫГ 60 ЖИЛ АШИГЛАЖ ДАХИН 40 ЖИЛЭЭР СУНГАЖ БОЛНО

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16 зүйлд заасан Хөрөнгө оруулалтын татварын бус урамшуулалд:

  • 16.1.1.газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;

Гэж заасан нь олон талын шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж газрыг 15 жилээр ашиглаж, эзэмших зохицуулаттай атлаа гадаадын хөрөнгө оруулагчид төсөл дэх зохицуулалтаар санал болгож буй нь үндэсний аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад ялгаатай байдлаар хандаж байгаагаас гадна улс орны Үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөө үзүүлнэ гэж үзэх хүмүүсч байсан юм. Тэгвэл энэ зохицуулалтын талаар хууль санаачилагчид тайлбарлахдаа Улсын Их Хурлаас 2013 онд баталсан, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэн “эзэмшүүлэх” гэсэн үгийг хасаж, бусад агуулгыг хэвээр төсөлд тусгасан гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

ТАТВАРЫН ДЭМЖЛЭГИЙГ ЗӨВХӨН ТАТВАРЫН ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА

Хуулийн төсөлд хөрөнгө оруулагчдад үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэхээр тусгасан байна. Хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах замаар хөрөнгө оруулагчид нэг сувгаар төрийн дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх давуу тал бий болох аж. Хөрөнгө оруулагч нарт эргэлзээ үүсгэж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг ойлгомжтой болгож, хуулийн давхардлыг арилгасан байна. Тухайлбал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой зохицуулалт нь татварын хуульд тусгагдаагүй бол хэрэгждэггүй байсан. Иймд хөрөнгө оруулагч нарт эргэлзээ үүсгэдэг байсан тус зохицуулалтыг хасаж, аливаа татварын дэмжлэгийг зөвхөн татварын хуулиар зохицуулж байх холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу үзүүлэх татварын хувь хэмжээг тогтворжуулах асуудлыг тодорхой болгосон байна. Тогтворжуулах гэрчилгээ олгох асуудлыг хялбаршуулж, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн цахимаар шийдвэрлэдэг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аж.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХАД ЭЛЧИН САЙД НАР ЧУХАЛ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ

Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг эх орондоо урьж өмнө нь гаргасан алдаагаа дахин давтахгүй байх ам өчиг өгч буй. Тийм учраас тэдний урьж болох бүхий л суваг ашиглахыг зорьж байгаа нь уг хуулийн төслөөс уншигдана. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Монголбанк, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдууд, худалдааны атташе нарыг үүрэгжүүлэх аж. Түүнчлэн байгалийн баялагт тулгуурлаж хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, тэргүүлэх салбар, чиглэлээ оновчтой эрэмбэлэн, бүх талаар дэмжих шаардлагатай хэмээн үзжээ.

  • 14.1.Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин, дотоод зах зээлийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төсөл, хөтөлбөрийг сурталчлах, холбох, дэмжлэг үзүүлэх зэрэг хуульд заасан бусад чиглэлээр ажиллана.
  • 14.2.Энэ хуулийн 14.1-д заасныг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллана.
  • 14.3.Дипломат төлөөлөгчийн газар энэ хуулийн 14.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэх журмыг хөрөнгө оруулалтын болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж