Японы Батлан хамгаалахын яам наймдугаар сарын 31-ний өдөр 2024 оны санхүүгийн жилийн төсвөө зарласан. Энэ нь 7.74 их наяд иен буюу 53 тэрбум ам.доллар бөгөөд урьд хожид байгаагүй өндөр төсөвт тооцогдож байна. Тус улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш аюулгүй байдлын хамгийн эгзэгтэй үетэйгээ тулгарсан гэж ажиглагчид үзэх болсон.
Яг одоогийн зардлыг 13.4 дахин өсгөх энэ хүсэлт нь 12 дахь удаагийн өсөлт болж байна. Батлан хамгаалахын зардлыг өсгөх энэ трэнд ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн үеэс эхэлсэн. Тэрээр Хойд Солонгос, Хятадын эсрэг хатуу байр суурь баримталдаг байв. Одоогийн ерөнхий сайд Фүмио Кишидагийн хувьд Абэгийн нэгэн адил Либерал ардчилсан намд харьяалагддаг бөгөөд ирэх таван жилд Японы батлан хамгаалахын чадавхийг үндсээр нь бэхжүүлэхээ амлалаа.
Батлан хамгаалахын төсвийг арванхоёрдугаар сарын сүүлээр эцэслэн шийдэх аж. Үүнээс өмнө хүсэлтийг Сангийн яаманд илгээнэ. Ямартай ч ирэх оны төсөв 10 дахь жилдээ дээд амжилт тогтоосон, түүхэн дэх хамгийн том төсөв болох нь тодорхой болов.
Төсвийн төлөвлөгөөнд Японы батлан хамгаалах чадавхийг эрс бэхжүүлэхэд шаардлагатай хүчин чармайлт гэсэн долоон гол зүйлийг жагсаажээ.
Нэгдүгээрт, хол зайн тусгалтай пуужингуудыг бөөнөөр үйлдвэрлэх гэх мэт хамгаалалтын чадавх. Хоёрдугаарт, төрөл бүрийн пуужинтай харьцах агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах цогц чадавх. Гуравдугаарт, нисгэгчгүй нисэх онгоц ашиглах чадавх. Дөрөвдүгээрт, сансар огторгуй, кибер орон зай, цахилгаан соронзон домэйн дэх домэйн хоорондын үйл ажиллагааны чадавх. Тавдугаарт, тушаал, хяналт, тагнуултай холбоотой чиг үүрэг. Зургадугаарт, мөргөлдөөний фронтод цэрэг, хангамж илгээх, маневарлах, байршуулах чадвар. Долдугаарт, тогтвортой байдал ба уян хатан байдал гэжээ.
Нэгдүгээр хүчин зүйлийн тухайд Япон улс дайсны баазын эсрэг цохилт өгөх хүчин чадалтай болохын тулд төрөл бүрийн суурин пуужин боловсруулж, үйлдвэрлэхэд 755.1 тэрбум иен төсөвлөсөн. Япон улс арванхоёрдугаар сард Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид тусгагдсан алсын тусгалын цохилтын чадавхийг бэхжүүлэх шийдвэр гаргасан. Үүний дараа энэ төсвийг гаргажээ.
Хоёрдугаар хүчин зүйлийн хувьд тус улс Хятад, Хойд Солонгос, ОХУ-аас улам бүр нэмэгдэж буй агаарын аюулыг эсэргүүцэхийн тулд 1.27 их наяд иен төсөвлөж байна. АНУ-ын арми тус улсад пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн системийг хэдийнэ нэвтрүүлсэн билээ.
Батлан хамгаалах яамны Худалдан авалт, технологи, логистикийн агентлаг нь Их Британи, Италитай хамтран шинэ үеийн сөнөөгч онгоцны хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд 72.6 тэрбум иен төсөвлөжээ. Энэ хүрээнд ирээдүйн сөнөөгч онгоцны их биеийн үндсэн загвар, хөдөлгүүрийн нарийвчилсан инженерчлэлийг үргэлжлүүлэн боловсруулахаар төлөвлөж байна.
Мөн Японы Агаарын өөрийгөө хамгаалах хүчний F2 сөнөөгч онгоцны залгамжлагч болох шинэ үеийн сөнөөгч онгоцонд суурилуулах дунд тусгалын агаар-агаар пуужинг дотооддоо бүтээхэд зориулж 18.4 тэрбум иен төсөвлөжээ. “JASDF 8 Lockheed Martin F-35A Lightning II” сөнөөгч онгоцыг нэмж худалдаж авахад 107.7 тэрбум иен, долоон “F-35B Lightning” олон үүрэгт сөнөөгч онгоц худалдан авахад 125.6 тэрбум иен тус тус төсөвлөв.
Японы Далайн Өөрийгөө Хамгаалах Хүчин “Aegis” системээр тоноглогдсон хоёр хөлөг онгоц барихын тулд 379.7 тэрбум иен төсөвлөжээ. Усан онгоц тус бүрийн барилгын ажлын зардал 395 тэрбум иен болно гэж Батлан хамгаалах яам тооцоолж байна. Цаашилбал, Токио хотод олон үүрэгт хоёр шинэ фрегат барихад 174.7 тэрбум иен төсөвлөжээ. Изумо ангиллын хоёр нисдэг тэрэг тээгч болох “JS Izumo” болон “JS Kaga”-г сөнөөгч онгоцны үйл ажиллагаа явуулах боломжтой нисэх онгоц тээгч болгон өөрчлөхөд зориулж 42.3 тэрбум иен хүссэн байна.
Дээрх хүчин чармайлтуудаас гадна Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин арлын эргэн тойронд, ялангуяа Нансэй арлуудад тохиолдсон онцгой байдлын үед аюулгүй байдлын ажиллагаагаа бэхжүүлэхийг хичээж байна.
Дашрамд дурдахад, өдгөө Японы засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 260 гаруй хувьтай тэнцэж байна. Энэ нь АНУ-аас хоёр дахин их тоо бөгөөд дэлхийд хамгийн өндөрт тооцогдоно.
ЯПОНЫ ЦЭРЭГЖИЛТ АЗИ, НОМХОН ДАЛАЙД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХҮНДРҮҮЛЖ БАЙНА
Япон ийнхүү батлан хамгаалахын зардлаа эрс нэмэгдүүлж буйгаас гадна улс орноо цэрэгжүүлэх шинэ бодлого баримталж байна. Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч асан, Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Ням гаригт мэдэгдэл хийв. Тэрбээр Японы цэрэгжилт нь Ази, Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэлээ.
ОХУ, Япон хоёр улс нь Хоккайдо орчимд байрлах цөөн хэдэн жижиг арлын асуудлаар хэдэн арван жил маргалдаж байна. Оросын эзэмшилд байдаг уг арлуудыг Москва Курилийн арлууд гэж нэрлэдэг бол Японы өөрийн хойд нутаг гэж мэдэгддэг. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд ЗХУ-ын эзлэн авсан тус газар нутагтай холбоотой маргаан нь өдгөө хоёр улсыг дайсагналаа зогсоох албан хэлэлцээр хийхэд саад болж байна.
Медведев хэлэхдээ “Японы эрх баригчид улс орноо цэрэгжүүлэх чиглэл баримталж байгаад харамсаж байна. Курилийн арлуудын ойролцоо цэргийн сургуулилалт хийж байгаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдлыг ноцтойгоор хүндрүүлж байна” гэжээ. Мөн тэрбээр Японыг АНУ-ын тусламжтайгаар цэргийн дэд бүтцээ өргөжүүлж, зэвсгийн худалдан авалтаа нэмэгдүүлж байна гэв.
Дэлхийн хоёрдугаар дайнд Япон бууж өгсний маргааш буюу есдүгээр сарын 3-ны өдрийг “Цэрэгжсэн Японыг ялсан өдөр” болгон ОХУ энэ онд зарласан. Энэ үйлдэл нь Японы дургүйцлийг төрүүлжээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT, JAPAN TODAY
Холбоотой мэдээ