Оросын дайныг дэмжигч блоггерууд ихээхэн ашигтай ажиллаж байна. Тэд өдөр бүр Телеграм дээр нисгэгчгүй онгоцны цохилтоос эхлээд криптовалютын зар сурталчилгаа хүртэл төрөл бүрийн мэдээлэл нийтэлдэг.
Ерөнхийлөгч Путин Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээний хуудас руу нэвтрэхийг хориглосон тул Телеграм нь оросуудын гол платформ болсон. Телеграмаар дамжин Оросын зар сурталчилгааны зах зээл эрчимтэй хөгжиж байна. Шилдэг нөлөөлөгчид жирийн орос иргэний сарын дундаж цалин буюу 700 ам.доллартай тэнцэх орлого олох боломжтой болсон. Телеграмд 1.3 сая гаруй дагагчтай "WarGonzo" нэртэй блоггер л гэхэд нэг нийтлэлийнхээ төлөө ойролцоогоор 2000 ам.долларын ашиг олдогоо хэлжээ.
"Телеграм бол хангалттай том ертөнц. Энэ нь яг л Борхесын Вавилоны номын сан шиг сайн, муу зүйлсээр дүүрэн. Энэ бол Орос, Украины дайны өөр нэг маргаантай орон зай" гэж Лондоны их сургуулийн Украин судлалын профессор Эндрю Вилсон хэллээ.
Дайны блоггерууд нэг талаасаа фронтын шугам дээрх чухал мэдээллийг өгдөг ч заримдаа цэргийнхний алдаа, бүтэлгүйтлийг шүүмжлэх хандлагатай байдаг. Украины сөрөг довтолгооны дараа Оросыг дэмжигч блоггер Максим Фомин "Иймэрхүү зүйлийг зөвшөөрсөн командлагчийг шийтгэх цаг нь болсон" гэж бичжээ. Түүнчлэн Украины арми Макиевка руу дайрсны дараа "WarGonzo" хуудас ОХУ-ын Батлан хамгаалах яамыг алдаа дутагдлаа нуухыг илт оролдсон гэж буруутгасан.
Эх сурвалж: BUSINESS INSIDER