Авлигатай тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны 64 хувийн хувьцаа эзэмшигч "Globull Investment and Development" компанийн эцсийн өмчлөгч, ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс" компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, "Кью Си Эс"-ийн Э.Шижир, М.Мөнхбаатар нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлжээ.
"Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн хувьчлал зэрэгтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд асан О.Болорыг хилээр гарахыг хязгаарлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байдаг. Мөн ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоныг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хоёр хэрэгт найман объектод нэгжлэгийн ажиллагаа хийжээ. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал,
- “П” нь Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
- Иргэн “Д”, “Г” нар нь бүлэглэн өөрсөддөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтан “Г”-т албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “Б” нь зөрчил шалган шийдвэрлэх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, зөрчлийн шийтгэлийн төрлийг өөрчилсний хариуд зөрчил гаргагчаас хахууль авсан гэх;
- “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 64 хувийн хувьцаа эзэмшигч "Globull Investment and Development" компанийн эцсийн өмчлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга "Э" нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор “О”, “П”, “М”, “Ш” нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэх.
Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат зургадугаар сард мэдээлэл хийхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холботой маргааныг 2019 оноос, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлалтай холбоотой хэргийг 2020 оноос эхлэн АТГ шалгаж байна. АТГ 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд хэргийг прокурорт шилжүүлсэн. Харин Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч 2023 оны хоёрдугаар сарын 9-нд шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтэд “Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгөөч” гэсэн. Энэ хүсэлтийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нарт мэдэгдэлгүйгээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрэг шийдсэн.
Д.Эрдэнэбилэг нь 14 хоног эмчлүүлэхээр 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьснаар хилийн хоригийг нь цуцалсан. Гэтэл Д.Эрдэнэбилэг нь 2023 оны хоёрдугаар сарын 9-нд хилээр гараад өнөөдрийг хүртэл улсын хилээр орж ирээгүй.
Яллагдагч гадаад руу явсны дараа ямар үйл явдал болсон бэ гэхээр 2023 оны дөрөвдүгээр сард прокуророос хэргийг буцаагаад АТГ-т ирүүлсэн. Хэргийн гол эзэн яллагдагч Д.Эрдэнэбилэг байхгүй байна гээд мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр энэ хэрэг эргэж хэзээ сэргэх вэ , шүүхээр шийдэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй болж байна. Хэргийн хохирогч болох Засгийн газар, өмгөөлөгч нарт мэдэгдэлгүйгээр шүүхээс шийдвэр гаргаад өнөөдрийг хүргэсэн. Энэ хэрэг Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудал биш бусад 21 хүнийг ингээд явуулчихсан юм биш биз дээ. Нэг ч мэдээллийг Загсийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт өгөөгүй. Б.Болор, Д.Эрдэнэбат, Ц.Пүрэвтүшин, О.Орхон, н.Батбаяр, н.Энхболд гээд энэ хүмүүсийн хувьд хилээр гараад явсан юм биш биз. Ямар таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм бэ гэдэг мэдээллийг дэлгэрэнгүй өгөөч ээ гэдэг хүсэлт гаргаж байна" гэсэн.
Харин Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан тайлбар өгөхдөө "Манай үйлчлүүлэгчийг 2022 оны хавар гурван сар орчим хугацаанд 461 дүгээр ангид цагдан хорьсноос болж түүний архаг өвчнүүд хүндэрч, биеийн байдал их хүндэрсэн. Манай үйлчлүүлэгч биеийн байдлаас шалтгаалж АТГ-д 2 цагаас илүү байцаалт өгч чаддаггүй, дунд нь завсарлагаа авдаг байлаа. Энэ тухай шалгаж байсан комиссарууд бүгд мэднэ. Биеийн байдал хүнд байсан учир 2023.02.09-ны өдөр шүүхээс хилийн хоригын цуцалж, барьцаа болгосон. Бидний зүгээс гэнэт хүсэлт гаргаад л хилийн хоригоо цуцлуулаад явсан зүйл биш шүү дээ. Энэ хурал дээр оролцсон Прокурор “… биеийн байдал муу байгааг мэдэж байгаа. Шүүгчийн захирамжаар хилийн хориг тавьсан. Тиймээс шүүхийн шийдэх асуудал. Бидэнд тайлбар байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа. Бидний зүгээс тогтмол АТГ-ын мөрдөгч, коммисаруудад мэдээлэл, тайлбараа өгөөд явж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 3-4 удаа мэдээлэл, албан бичгээ эрүүл мэндийн баримттай нь хамт өгсөн. Ямар ч авцалдаагүй, асуудалд гэнэт гарч ирж улс төрийн чанартай мэдэгдэл хийж, буруу мэдээлэл тарааж байгааг зогсоохыг хүсье" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ