Мануусын өмчийг нураана, МАН өмчөө хураана…

Хуучирсан мэдээ: 2023.09.04-нд нийтлэгдсэн

Мануусын өмчийг нураана, МАН өмчөө хураана…

Мануусын өмчийг нураана, МАН өмчөө хураана…

-Татвар нэмэхгүй гэсэн чинь яалаа гэхэд,

-Тэр чинь 2016 оны амлалт… гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ам таглахыг харсан байх. Энэ нам үүсгэн байгуулагдахдаа л монголчуудыг хулхидаж иржээ. Харин Зөвлөлт засгийн газар, Коминтернд үнэнчээ батлан 1921 оны гуравдугаар сарын 5-ны өдөр явуулсан нэгэн бичиг Монгол Улсын Гадаад харилцааны яамны архивт байх. Тэрхүү бичигт “…Манай монгол ардын цэрэг хэрхэвч урваж Оросын цагаан намын цэрэг лүгээ ба тэд лүгээ нөхөрлөсөн монголчууд лугаа нийлэхгүй…” гээд МАН-ын Бүгд цэргийн ерөнхий захирах Сүхбаатар, Намын цэргийн захирах газрын түшмэл гүн Билэгсайхан нар гарын үзэг зуран баталгаажуулжээ. Ийнхүү явсаар Октябрийн хувьсгал Зөвлөлтийн улаан армийн тусламжтайгаар “Ардын хувьсгал” нэрээр 1921 оны долдугаар сарын 7-нд Монголд ялав. Тэд Хүрээнд орж ирмэгцээ Орос комендантын газар байгуулан баривчилгаа явуулсан бөгөөд нэг нь 80, нөгөө нь 123 хүний нэр бүхий хоёр жагсаалт байх. Тэрхүү жагсаалтад Тогтох тайжаас эхлээд Богдын Засгийн газрын Сангийн яамны сайд Цэвээн ч багтжээ.

…Ингэж эхэлсэн Коминтернийн нөлөө улам бүр бэхжсээр Марксын шаталсан /өсөн нэмэгдэх/ татварын хэржүүлэв. Анхандаа ардын аж ахуйтнаас татвар хураахдаа хөрөнгө чинээг нь харгалзан татвар ногдуулсан байсан бол 1926 онд Улсын нэгдсэн татварын хуультай болсноор,

-2 хүртэл бодтой иргэдийг татвараас нэг мөсөн хэлтрүүлнэ.

-6-10 бодтой бөгөөд 4-өөс дээш ам бүлтэй өрхийн 3 бодыг,

-11-20 бодтой өрхийг ам бүл харгалзахгүйгээр 2 бодыг тус тус чөлөөлнө.

-21-50- бодтой өрхөөс үндсэн ногдлыг хураана.

-51-100 бодтой өрхөд 3 хувь.

-101-550 бодтой өрхөөс 30 хувиас нэмж өсгөсөөр үндсэн татварыг 120 хувь хүртэл нэмж хураах болжээ. Дарлагдсан ардууд нэрийдлээр баячуудын өмчийг татвараар булааж, тэгш байдлыг бий болгох Марксын төлөвлөгөө харамсалтай нь тэгш бус байдлыг л бий болгов. Эцэст нь малгүй болсон иргэд татвараа төлж чадахгүйд хүрч,  шоронд орон, шонд “дүүжлүүлж” шүүмжлэн хандах болсон бөгөөд төгсгөл нь 40 мянгаар тоологдох хядлагаар өндөрлөсөн түүх МАН-ынх.

МАН алдаагаа өнөө хэр нь ухамсарлаагүй төдийгүй дахин заналхийлэн өсөн нэмэгдэх татвараа Монгол Улсын 2023 оны төсөвт Хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасан. Төр улайм цайм дээрэм хийж буйн ердөө ганц жишээ энэ. Ингэхдээ Монголчуудыг баяжихын эсрэг үүссэн цагаасаа эхлэн ийнхүү тэмцэж ирсэн бөгөөд энэ удаагийнх хоёр дахь давлагаа нь болов.

МАН-ЫН СЭРГЭЛТ

Ленин төрийн эргэлт хийхдээ эргэлтийн бодлого барьсан шиг МАН ч экспортлосон болохоор бүх бодлогыг нь хэрэгжүүлэх нь тодорхой. Шинэ Эргэлтийн бодлогыг тэд Монгол оронд хэрэгжүүлсэн. Өнөөдөр тэрхүү “Эргэлт”-ийн өмнө “С” үсэг нэмээд монголчуудыг зандарч байна. Хэлмэгдүүлэлтийг эхлүүлэхдээ эсрэг бодолтой хүн болгоныг “японы туршуул”, “хувьсгалын эсэргүү”, “хөрөнгөтний үлдэгдэл” гэхчлэн нэр томъёо бодож олсон бол өөрсдийнх нь арчаагүй, ажилгүй, буруу бодлогыг эсэргүүцсэн жагсагчдыг “гадны гар хөл”, “туршуулуудтай сүлбэлдсэн” гэж цоллох нь дуулдах болов. Тэд өнөөдөр тэгш эрх ярин өндийж байна. Тэгш боломж, тэгш хуваарилалт, “тэгш сонголт” гэхчилэн сурталдаж, түүнийх нь эсрэг үзэлтэй болгоныг фашист, нацист гэх агаад хувийн өмч рүү шууд л дайрдаг болов. Уурхайн хамгаалагчдыг тусгайгийнхнаар сөхрүүлэн эхэлсэн “дээрэм”цаашаа “Эрдэнэт”, “Хөтөл”, “Авлига хороолол”-оор үргэлжилсээр…

Эрх мэдлээрээ далайлган дээрэм хийдэг төртэй болчихлоо. Бүх асуудалд өөрсдөө оролцож, усан паркыг орон сууцны хороолол болгох бүх зөвшөөрөлд гарын үсэг зурсан атлаа хувийн өмчийг хүчээр нураах болов. Ххувийн компанийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр/таны төлсөн татвар, торгууль, элдэв хураамж/ шийдүүлэхээр тэд улайрч байна. Буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж байгаа ч өнөөгийн хотын дарга ч өөрөө буруутайг нь батлах гарын үсэг нь булталзаад байхад л “өмнөх” гэж баллуурдсаар суух нь биднийг ичгүүр сонжуургүй. Шүүхгүйгээр шүүхээр юу болдог вэ гэдгийг 1937 оны хядлага одоо хэр нь сануулан ордны баруун талд дүнхийсээр л байгаа. Тэд эхлээд тандаад, болохоор бол туушинддаг туршлагатай нам.

Тэдний нийтлэг хэлдэг үг нь “өмнөх сайд, удирдлага, Засгийн газар, УИХ” болсон. Гэтэл өнгөрсөн зуун жилийн 92 жилд нь тэд дангаар эрх барьсан. Монголын хөгжсөн гэж ашигтай тоогоо хэлэх болохоор МАН-ын гавъяа гэж цээжээ дэлддэг хэр нь хар дарсан он жилүүдийн өмнөөс уучлалт гуйх нь байтугай гарцаагүй хийхээс өөр аргагүй байсан мэтээр тэнэг зөвтгөл хэлдэг нь тэдний үнэн төрх. Өмнөх нийгэмд байсан шиг төрийн өмч Монголд ноёлоод эхэллээ.

“МАНГАС” ҮРЖСЭЭР…

Хөхүүрийн ам цаашилсан өдрүүдэд хувийн өмч рүү халдаж ээлжит ажлаа зэхэж буйгаа эрх баригчид дуулгав. Тэр нь хувийн авто машинаар явахыг тэгш, сондгойгоор нь хязгаарлан тэгшитгэх байсан бол эсэргээ төр улам данхайж, өр тавиад ч хамаагүй өргөжиж буйн жишээ удахгүй хэлэлцэх хуулиуд болов. Тэрхүү хуулиудад Засгийн газраас нийслэлийн асуудлыг шийддэг дахин шинэ бүтэц байгуулахаар тусгаж буйгаа нуугаагүй бөгөөд намрын чуулганаар хэлэлцэнэ.

Намаар дамжуулан эрх мэдэлд хүрээд аль болох багыг гаргаж, ихийг олдог болсон өнөөгийн тогтолцоогоор татвараа шударгаар төлсөн нь дампуурч, төлөөгүй нь завшдаг, хөнгөлүүлдэг, хождог аж. Хуурамч ардчиллын гай юм уу, хуучнаасаа салаагүй зовлон хэрэг үү? Цар тахлын үеэр зарцуулсан хэдэн саяар тооцогдох доллар, төсвийн шууд захиран зарцуулалтын тайлан өнөө хэр нь яагаад танилцуулахгүй байна вэ? Өвчнөөр хүртэл далимдуулан нэг хүнийг 8 саяар эмчилэхээр тооцож, зардлыг нь төсвөөс гаргасан хариуцлагыг хэн нь хүлээсэн билээ.

Дахиад арьс шир, цемент, ноос ноолуурын гэхчилэн сайтар өнгөлөн далдалсан төрийн саалийн үнээнүүдийг төсвийн мөнгөнөөс барихаар өөр хоорондоо хэрэлдэж буйг харахад монголчуудыг залгих “мангас” үржсээр. Төрийн мэдэлд авлаа, төр хариуцахаар боллоо гээд уруудан доройтож байснаас өөдлөн дэвжсэн нь тун чиг ховор гэдгийг бид ойлгомоор. Эрүүл мэндээ аварч, эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөрөөс та бага хүүтэй зээл авч чадсан уу? Хэн ашгийг нь хүртээд хэн татварыг нь төлөв?

ӨСӨН НЭМЭГДСЭЭР БУЙ МАН-ЫН ХӨРӨНГӨ

Өнгөрсөн нийгмийн 66 жилд ч, ардчилсан хувьсгалаас хойшхи 33 жилд ч хамгийн өнгөтэй өөдтэйг МАН-ын гишүүд өмсч, тусгай хангамж, давуу эрхийг тэд л эдэлж иржээ. Гудамжинд гарсан дөрөвхөн жилийн хугацаанд ганц удаа жагсаал хийхдээ үнэтэй хослол, тансаг цагаа харан, машинаа талбайн хажуугаар сойж байгаад хэлсэн үг нь “Мах 1600 төгрөгт хүрчихлээ”, “Ургамлын тосыг шилээр нь биш граммаар авч байна” гэж амьдралаас тасархай амьдаргаа харуулж онигоонд орсон. Өнөөдөр тэдний эгнээнд дэлхийд дээгүүрт орох баячууд байж л байна. Тэгш эрх ярих хэрнээ давхар стандартыг бий болгож, иргэдийн төлөө гэсэн сан болгоныг эхнэр хүүхэд, танил талаараа дамжуулан тэд л тонож байна. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 1/10 нь төрийн албанаас шимж байна. Бизнесийнхэн бүх хөрөнгөөрөө дэнчин тавиад ч хамаагүй төр рүү зүтгэдэг болсон нь төрийн дэмжлэгтэй бизнес л цэцэглэсний тод жишээ. Гишүүдийнх нь хөрөнгийг байя гэхэд МАН-ын эзэмшиж буй хөрөнгө Монголын Улсын төсөртэй дүйнэ үү гэхээс дутахгүй.

Иргэдийн эсэргүүцлээр шатаалгасан байшингийнхаа суурин дээр төсвийн болоод хандивын мөнгө ямар том ордон боссоныг олж хараагүй хүн бүхэнд харуулах гэсэн шиг дүнхийж байна. Дээр нь Ю.Цэдэнбал, Х.Чойбалсангийн зураг бүхий дүүрэг, хороо, аймаг, сум, багийн барилгуудыг нэмээд, түүнийг тохижуулсан өндөр үнэтэй тансаг тавилга, өмчлөлд нь байгаа техник, хэрэгсэл, элдэв зугаа цэнгээний төсвийг нь тооцвол далай далай. Монголчуудын өмч рүү халдана гээд буй тэд өөрсдийн ТББ-уудаар өмчөө далдлах нь мэдээж. Гэхдээ л тэд төрд л “зүтгэсэн”, бизнесийн ухаангүй, шударга үнэнчийн туйл гэж өөрсдийгөө сурталчилдаг хэр нь банкинд тэрбумаар тоологдох хадгаламжтай,  үл хөдлөх нь үр хүүхдээс нь олон байх жишээтэй.

Зуун жилийн өмнө малыг нь хурааж байсан тэд зуун өнгөрөхөд машиныг нь хураах тухай яриад сууж байна. Энэ нь бидний хаашаа халтирсныг хэлээд өгөх шиг. Зүүнтнүүдийг дагаад бид жаргасан түүх байна уу? гэвэл дарга ангийн төлөөллүүд дурайтал гараа өргөх л байх. Харин үлдсэн нь гашуун нулимсаа арчих вий. Монголчууд нийтээрээ зовсон. Тэгш эрх, тэгш боломж гэж тэд тоть мэт давтдаг. Тэгвэл МАН бусад намтай адил тэгш гараанаас эхлээд өмчөө төрдөө тушаачих. МАН хариуцлагатай нам гэж өвчигнөх дуртай. Долоо дахь жилтэйгээ золгосон Дарханы замыг харахад л тэдний хариуцлага хаана байгааг хэлээд өгнө. Хар толгойгоороо хариуцна гэсэн сайд нар нь бууралтсан санчигаа будуулаад сууж байна.

Гэтэл тэднийг тэжээгээд зогсохгүй дээрэмдүүлж, дээрэмдүүлэхдээ хүртэл баярлан алга таших ёстой юу? Мануусын өмчийг нураана, МАН өмчөө хураана… Улам бүр өсөн нэмэгдсээр.

Монголчууд мал тэжээвэл ам тосдоно, хүн тэжээвэл толгой цусдана гэж зүгээр ч нэг хэлчихээгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж