Ши Жиньпин энэ сард Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болох дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж мэдэгдсэн. Энэ нь шинээр бүл нэмсэн БРИКС-ийн форумыг дэмжиж буйтай, аль эсвэл Хятад, Энэтхэгийн хоорондын дипломат маргаантай холбоотой байж болох юм. Шалтгаан нь юу ч байлаа гэсэн Ши Жиньпин эзгүй байх нь үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт оруулна гэж үзэж байна.
Хятадын удирдагч тэрбээр 2012 онд засгийн эрхийг гартаа авснаасаа хойш “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтуудыг алгасаагүй. Энэ удаад Ши Жиньпин Хятадын эдийн засгийн хямрал, Бээжин, Тайпэйн хурцадмал байдал, Украин дахь дайнд Оросыг дэмжсэн гэх мэт асуултуудтай нүүр тулахаас зайлсхийж байж болзошгүй. Дээд хэмжээний уулзалтыг алгасах шийдвэр нь Хятадын бодлогыг урьдчилан таамаглах аргагүй болгож байна.
Ши Жиньпиний ойрын хугацаанд оролцох дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ бол ирэх аравдугаар сард Бээжинд болох “Бүс ба зам” чуулга уулзалт юм.
“Ши Жиньпин одоо эзэн хаан шиг сэтгэж байна. Эрхэм дээдсүүд өөрсдөө түүн дээр ирнэ гэж тэр найдаж байна. Хятад улс Covid-19-ийн хяналтаа цуцалснаас хойш Герман, Франц, АНУ-ын засаг захиргааны томчууд бүгд Бээжинд айлчилсан. Ши Жиньпин гадаадын зочдыг эх орондоо хүлээж авахдаа маш өндөр статустай болсон мэт мэдрэмжтэй байдаг” гэж Сингапурын Үндэсний их сургуулийн дэргэдэх Төрийн бодлогын сургуулийн дэд профессор Альфред Ву хэлжээ.
Өмнө нь Шинэ Делид ажиллаж байсан хятад дипломатч хэлэхдээ “Ши Жиньпин Хятадтай газар нутгийн маргаантай байгаа өрсөлдөгчийнхөө нэр хүндийг дэлхийн тавцанд нэмэгдүүлэх арга хэмжээнд оролцох сонирхолгүй байгаа” гэлээ.
Ши Жиньпин өнгөрсөн долдугаар сард Гадаад хэргийн сайд Цин Ганыг ямар ч тайлбаргүйгээр гэнэт огцруулсан. Мөн Бриксийн форумд илтгэл тавих ёстой байсан ч Худалдааны сайд Ван Вэнтао түүний оронд тайзнаа гарчээ. “Ши Жиньпин энэ мэт томоохон арга хэмжээнд өөрөө бус төлөөлөгчөө илгээж буй нь түүний удирдах арга барил Мао Зедунтай улам адилхан болж буйг илтгэнэ. Учир нь тэр өдөр тутмын улс төр гэхээсээ илүү том алсын хараанд төвлөрч байна” гэж Хятадын улс төр судлаач Нейл Томас хэлэв.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ