Гамбино: Амьдрал өөрөө хүний амьдралд хортой

Гамбино: Амьдрал өөрөө хүний амьдралд хортой

Гамбино: Амьдрал өөрөө хүний амьдралд хортой

Тэр этгээд сонин араншинтай. Ёж үгтэй, хэлэмгий доломгой нэгэн мэт. Эсвэл гөжүүд зөрүүд, дотогшоогоо хүн шиг. Гэхдээ ямар ч баггүй байгаагаараа байдаг нь надад таалагддаг. Тиймээс л түүнтэй ярилцаж үзэх хүсэлд хөтлөгдсөн хэрэг. Миний фэйсбүүкийн олон мянган найз дунд тэр эртэч, идэвхтэй нэгэнд зүй ёсоор тооцогдох байх. Уншсан ном ихтэй, түүнийгээ ямар ч чамирхал, гоёчлолгүйгээр олонд хүргэдэг нь түүнтэй фэйсбүүкийн найз төдий байхаас илүү сэтгэлийн гүн рүү нь харах, уулзах, хэн болохыг нь танихыг хүссэнийх.

-Байна уу, би News.mn-ийн сэтгүүлч байна. Тантай ярилцаж болох уу? гэж асуухдаа ямар хариулт өгөх бол гэж дотроо бяцхан “догдлоостой”. Харин тэр товчхон хариулт өгсөн нь “Хоёулаа хаана ярилцах вэ”. Бид хоёрын ярилцлага цас ханзарсан хавар цагаар, нийслэлийн нэгэн гэр хорооллын гудамжинд өрнөсөн юм. Намрын энэ налгар өдрүүдийг ухраагаад харвал тэр өдөр жихүүн хүйтэн байсан. Бидний хэлж заншсанаар Нэгдүгээр хорооллын Цамбагарав автобусны буудлын эсрэг талд тэр зогсч байлаа. Янжуур зууж, хар нүдний шил, саарал өнгийн кепикэн малгайг курткатайгаа хослуулан өмссөн тэрбээр хэн нэгнийг эмнэлэгт эргэснээ хэлсэн санагдана.

“Өлсгөлөн", "Улаан сухай", "Борооноор уралдах урлаг", "Прекариат аюултай шинэ анги", "Шуудан хороо", "Харанхуйн зүрх", "Хэлээ гарга", "Үйлийн үр” зэрэг гадаадын уран зохиолыг монголчуудад танилцуулсан орчуулагч бол Н.Ганбат. Гэхдээ тэр Гамбино нэрэндээ илүү дуртай. Яагаад гэж үү? Би түүнээс яг энэ асуултыг асуусан. Харин тэр…

-Мафийн толгойлогчийн нэр шүү дээ. Нью-Йоркийн Дон Карло Гамбино гэж дуулсан уу? Бусдын гарт бус өөрийнхөө үхлээр үхсэн цорын ганц нь.

-Тийм. Тэр хүн тантай төстэй гэж үү?

-Тэр нөхөр 1930-аад оны их хямралын үед архи шагладаг байсан юм. Би бас хааяа архи шаглаад, бас болоогүй нэгийг нь хуваагаад уучихдаг байсан юм хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй, доогтойхон хариулав.

Ийн ярилцах зуур гэр хорооллын дэнж дээр гараад ирлээ. Тэр “Би чамд талархал илэрхийлье. Миний ирж үзэхийг хүссэн газарт авч ирсэнд баярлалаа” гэв.


-Яагаад заавал энд ирэхийг хүссэн юм бэ. Хүсвэл та зам гараад л энд ирж болно шүү дээ?

-Манайх Баянгол дүүргийн 20 хороо гээд Улаанбаатарын хамгийн том хороо байснаа хоёр хуваагдан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо болсон юм. Манай байр анх 2010 онд ашиглалтад орж, энэ байранд 13 жил амьдарч байна. Гэхдээ би нүүж ирснээсээ хойш энэ гэр хороолол руу очиж үзье гэсээр байгаад өнөөдөр болжээ. Уг нь хэд хэдэн танилдаа ийшээ хамт явах санал тавьсан боловч ойшоогоогүй.

Тэр антены доод талд байгаа айлын хашааг хар даа. Адал явдалтай кино шиг гоё харагдаж байгаа биз дээ. Нэг халамцуу нөхөр тэндээс өнхрөөд уначихмаар ч юм шиг. УИХ-д нэр дэвшигч, тойргоороо явахад ийм мэдрэмж төрдөг байх. /инээв/

-Тийм сонин байна гэж үү?

-Хөрштэйгөө танилцаж байгаатай адилхан шүү дээ. Орос-Украйны дайнаас болоод хэсэг хүмүүс Монголд орос хэлийг заахаа больё барья гэсэн. Ингэж хамаагүй туйлширч болохгүй. Манай түүхийг хамгийн их завхруулсан улс бол хуучин ЗХУ. Тэгэхээр бид тэдний хэлийг мэддэг байх ёстой. Хэзээ нэгэн цагт бидний ээлж ирж, оросын түүхийг “завхруулах” ч юм бил үү. Түүхэн талаасаа боломжтой шүү дээ. Тэр үед бид орос хэлийг мэддэг байх шаардлагатай биз дээ.

Энэ дайнд П.И.Чайковский, Виктор Цой, Лев Толстой зэрэг мундаг сэтгэгчид ямар ч хамаагүй. Бүгд энэрэнгүй үзэлтнүүд байсан. Харин ч дайн хийж болохгүй гэдгийг зааж байсан улс.

Хамгийн гол буруутан нь балиар улс төрийн бодлого. Болж өгвөл хоёр хөршийнхөө түүх соёл, улс төрийн бодлого, ард түмний амьдрал ямар вэ гэдгийг маш сайн мэддэг байх ёстой. Гуравдагч хөршүүд байлгүй яахав. Үгүйсгэж бас болохгүй. Улс төрийн талаар иймэрхүү л ойлголттой хүн дээ. /инээв/

-Өмнө нь гэр хороололд амьдарч байгаагүй юм уу. Надад бол нэг сонин санагдахгүй байгаа болохоор гайхаад?

-Би 20-иод жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд нэг жил орчим амьдарсан. Тэнд удаан амьдрахаар зэвэрдэг юм билээ. Тэр байтугай “Оюутолгой”-д 56 хоног ээлжээр ажиллахад хүртэл зэвэрч байгаа нь мэдрэгдэж байгаа юм чинь. Би байрныхаа цонхоор л гэр хорооллыг хардаг байсан.

-Дурандаж уу?

-Тэр дуран чинь бас их учиртай. Зун болохоор эмэгтэйчүүдийн хувцас нимгэрч, галбир нь тодордог доо. Би бас тэрийг харья л даа. Манай байрны цонхны доор автобусны буудал байдаг. Хааяа дуран тавина шүү дээ. /инээв/

-Ингэхэд хүүхэд нас нь хаана өнгөрсөн юм бэ?

-Би чинь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны хүн шүү дээ. /инээв/ Худлаа, худлаа хотынх. Хотод төрсөн болгон хотын хүн гэх нь арай өрөөсгөл болох болов уу. Манай дээд үеийн Баак, С.Цогтбаяр, Д.Төрмөнх, тэдний дээд үеийн Б.Долгион, зураач Ц.Болдбаатар, “Нэг ангийн хоёр” киноны Зоригтод тоглосон Бат-Эрдэнэ гээд хэдэн сайхан ах нартай хэдий ойр байгаагүй ч үлгэр дуурайлал авч явна даа. Тэд чинь хотын соёлыг надад лав суулгасан. Заримых нь хулгиантаж байхыг харсан, их соёлтой хулгиантана.

Хүүхэд нас 120 мянгатад өнгөрсөн. Хотынх гэхээр л бүгд 40, 50 мянгат гэдэг. Үгүй шүү. Манай 120 мянгат 1960-аад оны эхээр хятадын тусламжаар баригдсан гэдэг юм.

1966 оны үерээр авсан зурагт манай 22 дугаар байр байдаг. 120 мянгат чинь Засгийн газрын ордон руу чиглэсэн гар бууны хэлбэртэй баригдсан. Манай 22 дугаар байр гар бууны овоо нь болж таардаг. Би тэр байрандаа бараг 20 нас хүртлээ амьдарсан.

-Тэр үеийн Улаанбаатар, өнөөдрийн Улаанбаатар хоёрын алийг нь та сонгох вэ?

-Улаанбаатар хөгжиж байна. Фэйсбүүк харахаар зарим хүмүүс 1970, 1980-аад оны эл хуль хотын зурагнуудыг “гоё” гэсэн тодотголтой оруулсан байдаг. Тэнд гоё юм харагддаггүй шүү дээ. Тэнд кока-кола, сони реклам алга. Харин “МАХН мандтугай”, “Нам манай эрин үеийн оюун ухаант нэр төр, нандин чанар мөн” гэсэн улс төрийн лоозонгуудтай. Бид бишгүй л лоозогнолоо шүү дээ.

Тэрний оронд Ливайс, Беннетоны “манай хувцсыг өмсөөрэй” гэсэн реклам байвал халамж хайр харагдаж байгаа биз дээ.

Цар тахлын үеэр 2020 онд Английн алдарт “The Rolling Stones” хамтлагийнхан долоон жилийн дараа “Living in a ghost town” /Сүнсний хотод амьдрах нь/ нэртэй шинэ дуу гаргасан. Дууны клип дээр нөгөө түм бужигнадаг Ром, Ухань, Нью-Йорк, Парисын гудамж эл хуль болчихсон байдаг. Тэр том хотууд эзэнгүй болно гэдэг муухай харагддаг юм билээ. Хүнд сайхан санагдахаасаа илүүтэй гуниг төрүүлдэг. Хөгжил гэдэг өндөр шилэн байшин, үнэтэй тансаг машин биш. Ийм юмыг л хөгжил гэж харвал хүмүүсийн сэтгэхүй, мөрөөдөл нь хязгаарлагдмал болж ирдэг юм болов уу. Жинхэнэ хөгжил бол ард түмний тархинд бий.

-Хүн зон хөлхсөн Улаанбаатарт дуртай байх нь ээ. Та тэгээд хотынхоо гудамжаар хэр их алхдаг вэ?

-Би машингүй. Автобусанд чихэлдээд явахаар жаахан хэцүү. Энэ дашрамд хэлэхэд, дүү нараа автобусанд үүргэвчээ битгий үүрч байгаарай. Нэгдүгээрт, бусад хүмүүсийг нудраад маш төвөгтэй байдаг. Хоёдугаарт, хулгайч нарт цүнхээ ухуулах боломж өөрсдөө өгдөг юм шүү гэмээр байна. /инээв/

"ЭНЭ УЛСЫГ АВЧ ЯВАХ ИРГЭД, БИДНИЙ ХИЙРХҮҮ, ХӨӨРҮҮ ЗАНГ “UPDATE”-ЛААД ӨВЛӨВӨЛ ХАРАМСАЛТАЙ"

Түүний энэ яриа өнөө дээвэр дээр суудаг Карлсонг санагдуулав. Нэг тийм сахилгагүй жаал шиг. Хаана л бол хаана нисч очихыг хүсдэг. Тэрбээр 1993 онд Мурманск хотод сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл судлаач мэргэжлээр сурч байхдаа Эрхүүд эчнээгээр орчуулагч мэргэжил эзэмшжээ. Тийм болоод ч тэр үү хүүхдийн ертөнцтэй ойр нэгэн аж.


-Таныг би орчуулагч гэж бодсон. Гэтэл бүр сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл судлаач мэргэжилтэй болохыг чинь сонсоод гайхсан шүү?

-Аав маань намайг өөртэйгөө адил эдийн засагч болгох санаатай сургууль төгссөн хотдоо (Киевийн УААА Дээд сургууль) хэлний бэлтгэлд явуулсан юм.  Гэтэл ёстой барахгүй даваа чинь эдийн засаг юм билээ. Тэгээд дөнгөмөөр  санагдаад байхаар нь сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл судлаач мэргэжил сонгосон. Тэгсэн 1990 он гарч манай улс ардчилалтай золголоо. Тэрний дараа чинь нэг хэсэг юун хүүхдийн сэтгэл судлал манатай болж байсан үе.

Тэгэхээр нь Эрхүүгийн гадаад хэлний дээдэд орчуулагчаар сурах гэж очоод шалгалт өгсөн чинь манай Кондон гэж англи багш “Чамд заах юм алга” гэсэн. Тэр үед хүний ур чадвараас илүү цаасанд итгэдэг байсан болохоор эчнээгээр сурч нүүр тахлах жонхуутай цаастай болсон. Гэснээс одоо хавтастай цаасанд хууртдаг хэвээрээ юу?

-Хэвээрээ байх аа?

-Тэрний төлөө л тэнд хэсэг байсан юм даа. Сүүлд “Redpath” компанид ажиллаж байхдаа хамт ажилладаг улсууддаа сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл судлаач мэргэжилтэй гэсэн чинь цэцэрлэгийн багш юм байна гээд манайхан инээлдсэн. Их чухал мэргэжил гэдгийг тэд ялгах хэмжээний улсууд л даа.

-Цэцэрлэгийн багш хийж явсан бол Гамбино гэж орчуулагч “төрөхгүй” байсан байх даа?

-Аз жаргал… Хамгийн хиргүй ертөнц. Одоо намайг цэцэрлэгийн багш бол гэвэл хийнэ. Чи бас их гоё юм ярилаа. Инфантилизм /Infantilism/ гэж байдаг юм. Ер нь эрүүл хүн гэж байхгүй шүү дээ. Өөрийгөө задлаад жаахан сонирхоод үзсэн чинь надад инфантилизм гэдэг юм байдаг юм билээ. Тэр нь нярайн сэтгэлгээ.

Сэтгэлгээгээ нялх хүүхдийнх шиг байлгаж чаддаг гэсэн үг.

Тэр чинь хүнийг сэтгэлгээний хувьд залуу байлгах түлхүүр юм байна л даа. Хүмүүс залуу байна гээд өөрт заяагаагүй юмаар тоглоом тохуу хийдэг. Тэр бол амьдралдаа байдаг зовлонг мартах гэсэн оролдлого юм болов уу гэж боддог юм.

-Таныхаар тэгээд нас бол юу юм бэ. Тоо юу эсвэл?

-Би өнөөгийн 35 хүртэлх насныхан “гоё үеийхэн” гэж хардаг. Бидний үед гавьяат, ардын жүжигчин хүмүүсийг хараад өөрийгөө нэг шат доош унагаадаг байж. Гэтэл одоогийн залуус тэгдэггүй. Чиний чаддагийг би чадна гэдэг ойлголттой болжээ. Мөн тэдний дараагийн үеийнхэн бүр “тунгалаг”, ямар ч хиргүй байна.

Дархан, Сэлэнгэ аймгаар хүүхдийн аюулгүй байдлаар сургалт хийлээ, бодвол хэрэг болдог байх. Ажиглаад байхад  хүүхдүүд цагдаа гарч ирээд л тоо баримт уншихаар хүлээж авахгүй хэрнээ жирийн хүмүүс гарч ирээд үе тэнгийнхэн шиг нь ярилцахаар нээлттэй харилцаж байдаг шүү.

-Ер нь урлаг хүний амьдрал, хүүхдийн хүмүүжилд ямар хэрэгтэй гэж. Зарим хүмүүс ингэж “хэгжүүрхдэг” болохоор асууж байгаа юм шүү?

-Урлаг хувь хүний хөгжил, хүмүүжилд нь асар их ач холбогдолтой. Намайг оюутан байхад манайд хичээл ордог байсан профессор “Өндөр хөгжилтэй орнууд 3-7 настай хүүхдүүддээ 15 сонгодог хөгжим, мөн тооны уран зураг заавал сонсгож үзүүлдэг. ЗХУ үүнийг 1970-аад оны эхнээс хэрэгжүүлж байгаа. Гэхдээ бүрэн хэмжээгээр бус. Хэзээ нэгэн цагт та бид бүрэн бүтнээр нь эдгээр бүтээлийг амьдралд нэвтрүүлэх байх” гэж хэлээд тэр бүтээлүүдийн жагсаалтыг бичүүлж байсан нь санаанд үлдсэн юм.

-Оросууд яагаад бүрэн хэмжээгээр нь хэрэглээгүй юм бол?

-Үүнийг ярихаасаа өмнө эхлээд багшийнхаа тухай товчхон ярих нь зөв байх. Би хойд мөсөн далайн эрэг дээр, байгаль цаг уурын асар хүнд нөхцөлд байдаг Мурманск хотод төгссөн. Саваагүйтээд очсон хэрэг л дээ. Тэр хэцүү уур амьсгалтай газарт тэрс үзэлтэй, гэхдээ шоронд хийх, өөр улс руу цөлчих боломжгүй хүмүүсийг Москва, Ленинград зэрэг том хотуудад зорчих эрхгүйгээр томилдог байсан юм. Сонирхуулж хэлэхэд манай багш Машкинов гэж Өндөр гэгээний талаар маш их судалсан хүн байлаа.

-Та миний өмнөх асуултад хариулсангүй…?

-Яг хадуурах гэж байна. Гэхдээ багшийн тухай ярихгүй бол болохгүй. Нэгдүгээрт, оросууд биш тэр үеийн ЗХУ. ЗХУ-ын коммунист намын үзэл суртал гэж асар хүчтэй механизм тэр бүтээлүүдийн зохиолчдыг үзэл бодол, гарал үүслээр нь хавчин гадуурхаж, харгис агуулга гэх мэтээр хасаад оронд нь өөрийнхөө хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг шургуулсан нь бидний сайн мэдэх С.Прокофьевийн “Петя, чоно хоёр” гэх мэт байна.

Хоёрдугаарт, тэдгээр бүтээлүүдийг Норвеги, Их Британи, Финлянд, Швед, Дани, Ази тивээс Япон зэрэг өндөр хөгжилтэй, дээр нь хаант засаглалтай орнууд голлон хүүхдүүддээ сонсгож, үзүүлсээр олон жил болжээ. Тэдэн дунд Америк байдаггүй, гэхдээ хувь нэмрээ оруулсан.

-Хаант улсууд байдаг нь хачирхалтай юм?

-Хаант улсуудын иргэд эзэн хааныгаа тэнгэр, бурхантай адилхан тахин шүтдэг, айж эмээх, хүндлэн дээдлэх юмтай байхгүй юу. Манайх ч бас VIII Богдыг, түүнээс өмнөх их, бага хаадыгаа тэр хэмжээнд үздэг байсан. Коминтерн, Зөвлөлтийн заавраар үгүй хийчихсэн.

-Тэр жагсаалтад байгаа урлагийн бүтээлүүдийг хүүхэд мэддэг болсноор хүмүүжилд нь ямар өөрчлөлт гарах вэ?

-Хамгийн түрүүнд “би” гэх үзэл, сэтгэл хөдлөл, оюуны чадамжаа тэнцүүлж чаддаг болно. /(EGO=EQ=IQ) бичиж үзүүлэв/. Энэ гурвыг тэнцүүлснээр хүн ямар нэг юм хагас дутуу сонсоод хийрхэхгүй болно. Амаа хазаарладаг болно. Яаран дүгнэлт гаргахгүй болно. Сенсаци хөөцөлдөхгүй болно гэхээр амьдрал үнэн гунигтай болохоор байна уу?

-Хэрээс хэтэрсэн сенсаци заримдаа тээртэй санагддаг шүү.

-Та бид хоёр хийрхэлдээ автаад, хаа хамаагүй бурж, буруу зөрүүтэй бодлоо дүгнэлт гэж андуураад сенсацилдаг хүмүүсийг фейсбүүкээс өдөр болгон хангалттай хардаг. Харамсалтай нь тийм хүмүүс дээрээсээ авахуулаад бүх шатанд байна даа. Хорь, гучин жилийн дараа энэ улсыг авч явах иргэд, бидний хийрхүү, хөөрүү занг “update”-лаад өвлөвөл харамсалтай шүү.

-Монголд энэ талаар хэрэгжүүлж байсан ажил байдаг болов уу?

-Ардын боловсролын яамны ясли-цэцэрлэг хариуцсан ажилтан, Хүүхдийн төлөө фондод А.И.Цэдэнбала-Филатовагийн удирдлагад ажиллаж байсан Монгол улсын гавьяат багш Г.Нона гуайтай ярилцахад цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт зөвлөлтийн хүүхдийн дуу оруулж байсан гэсэн. “Антошка”, “В траве сидел кузнечик”, “Один – серый, другой – белый…” гэх мэт дуунууд заадаг байсан.

-Гэхдээ энэ чинь сонгодог хөгжим биш биз дээ?

-А.И.Цэдэнбала-Филатовагийн дэмжлэгээр дуурийн театрт “Хунт нуур” балет тавьсан гэж боддог. Э.Чойдог гуайн “Мөнгөн залаа” балетыг тавихад тэр хүний нөлөө байсан.

-Таны сэтгэлд нэг юм байна, тийм үү?

-Хүүхдэд зориулсан 15 сонгодог хөгжим, уран зургуудыг эмхэтгэж, бэлэн болгосон. Гэснээс америкчууд хүүхдэд зориулсан рок-поп дуунуудын жагсаалт гаргадаг болсон. Тэднийг дээрээс нь нэмээд хүүхдүүдтэй ажилладаг бүх шатны боловсролын байгууллага, эцэг эх, эмээ өвөө асран хамгаалагч нарт хүргэх мөрөөдөлтэй явна даа. Боловсрол, Соёлын сайд нарт танилцуулахсан гэж боддог юм.

Үзэл суртал гэдэг юманд боогдсон байсан хөгжмийн бүтээлүүдийн танилцуулга гэх үү. Бидний багад “Антошка”, “Маамуу нааш ир” дуутай адил хэмжээний дуунуудыг дуулуулж ирсэн. Гэтэл олон зуун жил түүхийн шалгуурыг давж гарч ирсэн бүтээлүүд өөр байхгүй юу.

Францын алдарт хөгжмийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч Камиль Сен-Санс “Амьтны багт наадам” гээд 15 бүлэгтэй нийт 20-иод минут үргэлжилдэг хөгжим зохиосон. Тэр энэ бүтээлээ хүүхдэд зориулж зохиогоогүй. Хүн л юм чинь янз бүрийн харилцаанд орно. Зарим хүмүүстэй муудаж, сайндаж, хайрлаж дурлана. Тиймээс хүмүүсийн зан араншинг амьтнаар дүрсэлсэн хэрэг. Жишээлбэл, залхуу хүнийг яст мэлхий, зөрүүд хүнийг илжиг, хээнцэр хүнийг тогостой зүйрлэж, дүрсэлжээ. Тэгсэн 14 дэх бүлэг нь дан хөгжмөөр гам уншдаг. Тэр чинь таны хөвсөлзөж байгаа сэтгэлийг буцаагаад дарж байна. Хоёрдугаарт, тэр зохиолч намайг амьд байхад энэ зохиолыг 30 хүрэхгүй сонсогчдод зөвхөн хоёр төгөлдөр хуураар жижиг хэмжээнд тоглуулахыг хүссэн. Мөн намайг нас барснаас хойш 40 жилийн дараа энэ бүтээлийг олны хүртээл болгоорой гэсэн. Тэр хүн нэр төрөө бодож, бусдын зан аашийг шоолсондоо гэмшиж байна шүү дээ. Гэтэл зарим хүмүүс гурав дөрвөн нот биччихээд “Үүн шиг сайхан бүтээл алга” гэж онгирцгоодог.

-Таны яриад байгаа энэ бүтээл бас хүүхдэд зориулаагүй юу?

-Энэ бүтээл хүүхдэд зориулсан ном биш. Уншигч нь аав, ээж, ах эгч, өвөө эмээ, багш, нийгмийн ажилтан, хороо дүүрэг хотын хүүхдийн байцаагч, хамтарсан баг, сэтгэл судлаачдад зориулсан. Би яахав нэг төрийн бус байгууллага байгуулаад “Хүүхдэд ийм хөгжим сонсгоно” гэж яриад явбал амар. Гэхдээ үр дүн, нөлөө бага. Хүүхдүүд сонсоод амьдралдаа хэрэгжүүлбэл сайхан л байх.

Саяхан олон нийтийн сүлжээнд нэг хүүхэд муур тамлалаа гээд олноороо шүүмжилсэн. Гэтэл амьдрал дээр тэрнээс ч айхтар юм гарна. Дагавар хүүхэд нь хойд эхийнхээ хормой хотноос нь чангааж, энгэр заам руу гар явуулсан тухай яриа сонсож л байлаа. Бүр нэг бус тохиолдол шүү.

Энэ асар том харанга. Дахиад 20, 30 жилийн дараа энэ улсыг мөрөн дээрээ авч явах хүмүүс тийм болж өсөх нь. Тиймээс энийг л нэг сайхан үндэсний хөтөлбөр болгохыг хүсдэг. Материал нь бэлэн байгаа юм. Эднийг албаар шахуу бүх шатны боловсролын байгууллагуудад хүргэмээр байна.

-Сонгодог болон рок хөгжим ойлгомжтой. Уран зургийн талаар…?

-Уран зураг, зураач нарын талаар олон нийт Ван Гог, Дали, Пикассо төдийгөөр хязгаарлагддаг. Гэтэл Леди Стэнли гэдэг англи зураач эмэгтэй “Анхны гэмт хэрэг” гэдэг хулгайн хэргээр шүүхээс ял авч байгаа хүүхдийг дүрсэлсэн зураг зуржээ. Гэтэл социализмын үед хүүхэд гэмт хэрэг хийх ёсгүй гээд түүний зургийг зөвлөлт, Монголд хаачихсан гэх мэтээр багадаа үзэж, сонсох юмтой зүйлсийг нь хааж боосны уршгаар маниус хийрхүү, хөөрүү улсууд болж дууслаа даа, сайхан.

Хийрхүү, хөөрүүгийнхээ улмаас бид ундаа хулгайлсан хүүхдэд 10 жилийн ял оноолоо гэж зөндөө шуугилдан, хүндээр тусгаж, хүлээн авч байна шүү дээ. Манайд энэ талаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөр байдаггүй байх. Яахав зарим ээж нар анхаарч хүүхдүүдээ дагуулаад театр үзэж байгаатай таардаг. Гэхдээ бүгд биш…

"ХҮН ӨӨРӨӨ ЗОВЛОНГОО ДУУДАХГҮЙ Л БАЙВАЛ БОЛОО"

Пянз тоглуулагч дээр үл мэдэг сонсдох ая эгшиглэнэ. Тэр тамхиа татангаа юуг ч юм эргэцүүлэн бодлогоширно. Тамхины утаа суунаглаж дуусахад татсан тамхиныхаа ишийг хаянгаа ширээн дээр тавьсан эмнүүдээ усаар даруулав. Төд удалгүй өөрийн хайртай буландаа тухлан суулаа.


-Та их гэрсэг хүн юм шигээ, анзаараад байхад?

-Би гэрээсээ гарах дургүй. Хийх ажил их байна. Хотын түгжрэл гэж айхтар юм байна. Нэг тийшээ очих гэж талдаа хоёр цаг явна. Тэгснээс эндээ суугаад холбогдох хүнтэйгээ утас, чатаар ярих нь хамаагүй амар. Хоёрдугаарт хувцас хунар өмсөнө, нэг газар очиж сууна ядаргаа. Өөр газарт уулзсан бол хиймэл орчинд ороод би хиймэл болчихно. Тэрний оронд гэрийнхээ хайрт буландаа байж байвал хамгийн аз жаргалтай. Арай үнэн юм ярих юм болов уу.

-Чи ёстой азтай байна.

-Юу тэр билээ?

-Намайг архи уухаа больсны дараагаар холбогдлоо. Тэрнээс биш ярилцлага өгсөн гээд чамаас архины мөнгө нэхнэ шүү дээ. Тоох ч үгүй. Чи азтай юм. Би уухаа болиод жил болох гэж байна. Сонин сонин үйлдэл гаргаж, гэмгүй байдаг найзыгаа дэлсэж авч байх шиг. Огт танихгүй хүн рүү ууж байсан юмаа шидэж ч байх шиг. Ааш эвдэрнэ гэдэг чинь болохоо байгаад эхэлж байгаагийн дохио. Ер нь больё гэсэн бодол байсан. Энэ эмчилгээ гэдэг нь эм л уусан хэрэг. Тэр эм бол эмчилгээ бус сэтгэлийн дэм л байхгүй юу. Нэг марзан юм нь архи уудаг байхад мөнгө олдоод байдаг байсан бол уухаа больсон чинь мөнгө олдохоо больчихсон.

-Харин ч мөнгө хэмнэх юм биш үү?

-Мөнгө олдоно гэдэг нь урт удаан хангалттай амьдрах тухай биш. Архи уудаг байхад “Хөгшиндөө ганц шил юмны мөнгө өгчих” гэхээр хүн өгчихдөг. Эрүүл болохоор зэрэг тэр үг нь амнаас гардаггүй л байхгүй юу. Өшөө нэг юм нь ямар нэг юмнаас хамааралгүй болсон. Илүү эрх чөлөөтэй болчихдог юм байна. Би өмнө нь тэмдэглэлийн дэвтэр хөтөлж, төлөвлөгөө хэсэгт тэрбум төгрөгтэй болно гээд л эргүү эргүү юм бичдэг байсан. Байсан ч гэх шиг. Тэгтэл одоо Виктор Цойг орчуулах, хүүхдийн ном бичиж дуусгах, “Мао Зэдуны үеийн хүүхдүүд” гэдэг номыг олж унших гээд овоо биелж болох бодитой юм төлөвлөдөг болсон байна лээ.

-Хүн өөрийгөө ялан дийлэх хэцүү гэдэг шүү дээ?

-Арай ч анхных биш. Өмнө нь бас долоон сараар хоёр удаа холдож үзсэн. Улам нэмэгддэг юм билээ. Сүүлчийн удаагийн оролдлогоо хийж үзлээ. Өмнө нь үсчсэн л байсан байхгүй юу?

-Тэгээд хэр зэрэг кайф авч чадаж байна?

-Надад алдах юм нэг алга. Амь нас л юм даа. “Далд ертөнцийн ил нууц” ведийн сургаалд  ертөнцийн 8 сая 400 мянган амьд оршихуйн дунд хүний сүнс гэгч сэлгэж явдаг тухай бичжээ. Цаг нь болохоор яахав энэ бие байхгүй болно биз. Сүнс сүүдэр нь дахин өөр бие рүү шилжиж, нохой гахай, эд эс болох байлгүй. Айх ч юм алга.

Амьдрал өөрөө хүний амьдралд хортой. Тийм болохоор хүн өөрөө зовлонгоо дуудахгүй л байвал болоо биш үү.

Хортой гээд амиа хорло гэсэн үг биш. Саяхан 2017 онд бүтээсэн “Залуу нас” гэж хятадын уран сайхны киног үзлээ. Хятадын соёлын хувьсгал чинь хүн төрөлхтний түүхэнд гарсан, манай хэлмэгдүүлэлттэй адил хогийн юмны нэг. Мао Зэдун гарч ирээд “Баруун тийш хар” гээд тэрбум илүү хүмүүсийг харуулна гэдэг чадвар. Гэхдээ их муухай.

-Яагаад?

-Бурхны номонд “Хүн бол жаргах гэж төрсөн” гэдэг. Хэр хэрээрээ жарга л даа. Ая тух гэгч их амархан юм. Өөрөө л бий болгочихвол болчихдог юм биш үү. Өөрийн буландаа, ажлын өрөөндөө суух ч аж жаргал.

-“Өөрийн буландаа” тэгээд өдрийн хэдэн цагийг өнгөрөөж байна?

-Өдрийн дийлэнх цагаа өөрийн хайртай буландаа өнгөрүүлнэ. Залхуу хүрвэл нирваан дүрийг олсон будда байрлалаар орон дээрээ хэвтээд махан биеэ дээрээс нь доошоо сканердана.

-Сканердахаар ямар харагдаж байна ?

-Чи уншдаг нь үздэгийгээ удирддаг гэж үг мэдэх үү?

-Мэднэ?

-Их уншихаар бусдыг удирдах хүсэлгүй болдог юм билээ гэж хэлэх гээд л… Хүмүүс ном унших завгүй гэдэг. Ямар ч завгүй хүнд өдөрт 15 минут ном унших зав гардаг. Даанч тэрнийгээ олж хардаггүй. Энэ ном их гоё. Би 2017 онд АНУ-аас захиалж авчруулсан. Мао Зэдуны хувийн амьдралын тухай өгүүлдэг. Түүний эмчээр 22 жил ажилласан хүний дурсамж ном юм билээ. Соёлын хувьсгал гэгч айхтар юмыг давж гарсан тухай. Би 700 хуудас номыг нойроо хугаслан гурван сарын дотор уншиж дуусгав. Ажил хийдэг байсан бол унших цаг гарахгүй.

"ҮГҮЙ ЭЭ… МОНГОЛЧУУДАА ЭМХ ЗАМБАРААТАЙ БАЙЦГААЯ"

Тэрбээр пянз цуглуулах хүсэлтэй хүмүүсээс хамгийн түрүүнд “Танай хүүхэд хэдэн настай вэ” гэж асуудаг гэнэ. Учрыг нь лавлавал “Таваас доош насны хүүхдэд алганы амт үзүүлэхэд хэцүү шүү дээ” гэж хэлээд инээх нь тэр. Тиймээ түүний нандигнан хайрладаг эд нь пянз. Цуглуулга нь ч бага биш. Ингээд түүний бичгийн ширээний ард яриагаа үргэлжлүүлэв.


-Та яагаад заавал Мягмар эсвэл Пүрэв гаригт уулзая гэснийг гайхаад. Бусад өдрүүдэд нь та ажилтай байдаг уу?

-Манай атаман /эхнэрийгээ атман гэж өхөөрддөг/ энэ өдрүүдэд балетандаа эрт явдаг. Би ч эрт чөлөөтэй болдог юм.  Ганцаараа байхдаа илүү төвлөрдөг юмаа. Манай атман миний адайр аашийг 20 гаруй жил тэсч, тэвчиж ирлээ. Би чинь бодь хүн гэхэд огт биш. Болчимгүй гэхэд бас биш. Миний хувьд гэрээсээ гардаггүй тэжээмэл амьтан болчихлоо шүү дээ.

Тэгэхээр ийм хүнтэй амьдарна гэдэг тэр хүний мундаг тэвчээр, ухаан. Атманууд л тэгж чадна.

Хэрвээ “Өдөр болгон надад мөнгө авч ир” гэдэг хүүхэнтэй суусан бол яана. Ёстой балрана. Ядаж байхад би гудамжинд гараад хулгай дээрэм хийж чадахгүй шүү дээ. Саяхан манай атман “Ганц хүний цалингаар амьдардаг айлууд ядуугийн ядуу амьдардаг байх” гэлээ. Намайг ажил хийхгүй байна гэж байгаа нь тэр.  Би нэг их удаан ч бодолгүй сорилт гэдэг нь болж байгаа юм болов уу гээд яг хэлэх гэснээ больсон. Энэ чинь их том харанга. “Хөөе жаахан хөдлөөч ээ, болохоо байлаа” гэдгийг хэлж байна.

Атаманууд олон байна уу?

-Хиндү шашны мөнхийн, өөрчлөгдөшгүй оюун санаа, үнэмлэхүй, өөрийн оршин тогтнол гэсэн үг л дээ. Энэ нэрээр хүн болон бүх амьд биетийн дээд "би"-ийг тодорхойлоход хэрэглэгддэг юм. Манай дээд үед VIII Богдын ач охин Э.Шүрэнцэцэг, Леди төвийн Р.Лхагвадулам гэж атман эгч нар байна. Доод үед Д.Ундрах, Монгол арт галлерейн П.Батжав, Р.Анхням гээд оюун ухааныг эрхэмлэсэн атаман дүү нар байдаг. Даанч цөөхөн…

-Зарим фэйсбүүкийн постыг харахад өглөөний 5, 6 цагт бичсэн харагддаг. Та тийм эрт сэрдэг үү?

-Би өглөө цаг  04.30 болж байхад сэрчихдэг юм. Эхнэрээ сэрээчихгүй гээд чимээгүйхэн хэсэг номоо харна. Тэгээд 05.30 цагт босч, компьютер дээрээ ажлаа хийнэ. Хамгийн түрүүнд компьютерээ асаагаад тэр өдөр төрсөн өдөр нь тохиож буй хүмүүст мэнд хүргэдэг. Сүүлийн хоёр сар фэйсбүүктээ идэвхгүй байсан бол найзаасаа хасдаг. Нэг удаа санамсаргүйгээр нас барсан хүнд төрсөн өдрийн мэнд хүргэсэн. Тэгсэн таньдаг хүн маань нас барсан гэдгийг нь хэлсэн.

Би өглөөгүүр ихэнх ажлаа амжуулдаг. Орчуулагч ухаантай хүн болохоор орчуулах юмаа уншиж ойлгодог. Тэр маань нийт ажлын 70 хувь нь. Шивэх бол амархан нийт ажлын 30 хувь нь шүү дээ. Сүүлийн үед залхуу хүрээд байдаг болсон байна лээ.

-Залхуу хүн гэхэд харин ч ширээндээ их цэмцгэр, гоё суудаг юм байна шүү дээ?

-Би цэнхэр, улаан, ногоон, хар, бор бэхээр тухайн өдрийн сэтгэл санааны байдлаас болж бичдэг. Пянз цуглуулах нь хүнийг нямбай болгодог. Эмх цэгцтэй байх дуртай. Минимализмыг анх сэдсэн хүүхэн гурван хүүхэдтэй болж, бууж өглөө гэхэд нь хүмүүс “өө ашгүй ашгүй” гэлцэж байсан. Тэр чинь нэг үгээр бол заваан залхаг байцгаая гэж байгаа хэрэг шүү дээ. Үгүй ээ монголчуудаа эмх замбараатай байцгаая.

Тэрнийгээ дагаад бидний тархи толгой тэр чинээгээр цэгцтэй болно. Гаднаа замбараагүй байж болох ч тархиндаа замбараагүй бол амьдрал заваан болно.

Надад бас зургаан чихэвч байна. Цагтаа ес байсан юм. Заримыг нь хүнд тарааж өгсөн. Ажил дээр хүмүүс чихэвч зүүгээд дуулаад сууж байдаг даа. Би тэдэнд саад болох их дургүй. Архичин нөхөр, өвчтэй ээж, үглээ эхнэр гээд ар гэртээ эдэлдэг зовлонгоо хэсэгхэн ч болов мартаад цэнгэж байгаа үе шүү дээ. Тэгэхээр чихэвч зүүсэн хүмүүст битгий садаа болоорой. Би хувьдаа дуу хөгжмийг цэнгэж сонсдог.

-Амандаа аялангаа юу?

-Аялна аа. “Учиртай гурван толгой” дуурийн хамгийн сүүлийн үзэгдлийн хөгжим. Тэр үзэгдэлд Нансалмаа, Юндэн хоёрын хурим болж, бөх барилдаж, сур харвадаг. Тэр цаана нь эгшиглэх хөгжим их гоё. Мда мда мдаа… тэр их аманд орж ирнэ. Сүүлд дуурийн дуучин С.Мөнгөнцэцэг пянзны нээлтийн үеэр үг хэлэх завшаан тохиож, “Учиртай гурван толгой” дуурийн төгсгөлийн үзэгдэлд тоглодог ая орсон дуурийн пянз гараасай” гээд хэлээд тавьсан.

Гарвал сайхан байхгүй юу. Өнөөдөр хэдий болтол “Говь” компанийн ноолуураа гадаадуудад бэлэглэх юм бэ. Залхмаар шүү дээ. Гэтэл үндэсний хөгжмөө пянз болгож бэлэглэвэл илүү нандин бэлэг болох юм болов уу.

-Та их эмо хүн шиг санагдлаа?

-Хүн л юм чинь янз янз болно. Манай нэг найз хоёр жилийн өмнө Виктор Цойгийн тухай номыг авч ирж өгөөд “Орчуулаарай чи” гэсэн. Би барьж авахгүй байж байснаа нэг сайхан завтай болсон дээрээ гээд нухаад сууж байна. Ном орчуулна гэдэг орчуулж байгаа хүний өөрийнх нь идеал байвал зүгээр. Энэ мундаг зохиолч гээд барьж авч болохгүй. Би Виктор Цойгийн “Печаль” буюу “Гуниг” дуунд нь дуртай. Чи сонсох уу?

-Тэгье.

-Виктор Цойгийн амьдрал уран бүтээлийнх нь талаар нэг сэтгүүлч “Тэр бол цэвэр рок уран бүтээлч” гэсэн байдаг. Үхэл нь хүртэл араасаа хэчнээн олон залуу охидыг дагуулав. Манайхаас “Нисванис” хамтлагийн Амгааг нас барахад эмгэнэл болно. Өөр рок дуучин нас барвал зүгээр л хувь хүн нас барсан хэрэг болно. Тэгж чадсан учраас тэр жинхэнэ рок. Би Цойгийн түүхийг орчуулж байна. Өөрөө өөрийгөө аль болох эрт таньвал, амьдрал илүү хялбар болно гэдэг санааг л хэлж буй ном юм. Тэгэхгүй хуульч, эмч, улстөрч, асар баян хүн болно гээд хий хоосон үсчсээр яваад хамаг залуу насаа өнгөрөөчихдөг. Би ч бас тэгж л өнгөрөөсөн хүн л дээ.

-Виктор Цойг сонсдог хүн гитар тоглодог байлгүй?

-Тоглоно. Би ганцхан гашуудлын их сайн тоглодог юм. Дүн дүнн дүнн…гээд гитарын дээд доод утаснаас татахаар хар аяндаа ая ордог юм. “Согтуу гитар”-ыг асуух гээд байна тэ. Янз бүрийн рок дуунуудын гитарын гоцлолуудыг дүрсжүүлж, бага сага тайлбартайгаар контент болгож явуулахаар найзтайгаа ярилцаад, хийж байна. Эрүүл хүн биеэ хянаад сайхан харагдах гээд цэмцийгээд худлаа яриад эхэлдэг шүү дээ.

Харин согтуу хүн “Өө чи муу” гээд дотор байсан бодлоо шууд хэлдэг. Рок хөгжмийн гоцлол чинь согтуу хүн чинь хамаг юмаа гаргаж, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм болов уу гэж ийн нэрлэсэн юм.

Хэр удаан наслахыг бүү мэдээ. Эв эрүүл хүн гэнэт орилж, хашгирвал тэр ёстой хуучин 13 номерын автобусанд суугаад эцсийн наад талын буудал дээр хуучин гурван давхар байшин руу л очих байх. Манай хампаан энэ нэрийг өгсөн юм. Бид хоёр эхний зураг авалтаа хийсэн. Одоо спонсор хайх ажил байна. Би чинь бас талх иднэ шүү дээ.

-Рок хөгжмийн контент нэвтрүүлэг цөөн шүү дээ?

-Надтай хамт ажиллаж байсан нэг залуу бас рок хөгжим сонсдог юм. Рок хөгжим сонсдог улсууд юугаараа ялгардаг вэ гэдгийг хэлж өгье. Жишээлбэл, нэг ажил яриад тийм хүн оролцоно гэвэл рок хөгжим сонсдоггүй хүмүүс миний ажилд бус хамтарч байгаа хүнд анхаарлаа хандуулдаг.

Харин рок хөгжим сонсдог хүмүүс таны ажилд нэмэр болох санаа сэдлийг хэлж өгдөг. Аль алинд нь оролцож чадахгүй бол дуугардаг ч үгүй. Энэ чинь төлөвшил.

Өнгөц харахад үс гэзэг нь урт, сэгсийсэн хүмүүс харагддаг. Зарим хэлбэр хөөсөн нөхдүүд байхыг үгүйсгэхгүй. Яг зүрх сэтгэлээрээ сонсдог нь арай өөр шүү.

-Эцэст нь таны уншигчдадаа барих дараагийн сюрпириз юу байх бол?

-Энэ зун Эдгар Алан По гэж АНУ-ын мундаг зохиолчийн долоон өгүүллэгийг редакторласан. Одоо хийхийг хүсч байгаа нэг ажил байна. Монгол Улсын их сургуульд Д.Ундрах гэж мундаг доктор бий. Тэр эмэгтэй “Хятад мөрөөдөл-Хятадын замнал” гэж их гоё ном Хятадаас албан ёсны эрхийг нь авч гаргана гэсэн. Тэр номны редактор хийх хүсэлдээ “шатаж” байна.

Ер нь коммунизмын үзэл суртлаас болоод сэхээтнүүд гэж бэртэгчин, өөдгүй хүмүүс гэсэн нийтлэг ойлголт байдаг. Үгүй юм. Эднийг улс эх орон хаашаа явах вэ гэдгийг бодож гашилгаад байж байдаг улсууд шүү дээ.

Миний бодож байгаа юм бол энэ хүүхдүүдийг л нэг гоё болгочихвол улс хөгжих байх гэж боддог. Инженерүүд бол төмөрлөгийн үйлдвэр, уул уурхайн инженерүүд байгалийн баялаг, хөдөө аж ахуйн инженерүүд үржил шимтэй сорт гэж ярих байх. Надад бол хамгийн түрүүнд тэрийгээ хийх, бодох, сэтгэх саруул оюун ухаантай, эрүүл бие махбодьтой иргэд л чухал юм даа.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-05 103.57.95.61

Рекламны пауз аа гэж

Avatar

Бадарч тахар 2023-09-05 66.181.191.241

Архи уухаа байчхаараа л хүнээ блльж байгаа нь тэр юм хааяа ууж л бай л да !

Avatar

Нэргүй 2023-09-05 109.89.197.82

энэ Гамбиног харин мэдэх юм байна. ОТ-д ажиллаж байхдаа хааяа таарч юм ярилцахад их сонирхолтой байдаг байсансан. 2-лаа рок хөгжмийн тухай ярилцдаг байж билээ. Гамбинодоо амжилт.

Avatar

Уншигч 2023-09-05 81.31.232.128

ямар муухай царай зүстэй юм бэ? ийм мундаг хэлж ярьдаг байж биeэ ,зүс царайгаа сайхан аваад явмаар, архичин хүн шиг л харагдаж байна.өөрөө өөртөө анхаармаар. юм.

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.183.102

60 дөхөж бга гэхэд намба суудаггү э

Avatar

Нэргүй 2023-09-05 59.153.115.37

Тайванд өчнөөн жил амьдарсан дараа нь англид бас хэдэн жил ч гэлээ амьдаосан гээл ярьдаг маниус нь итгээд шaaгaaд байсан чинь нэлээд ойр дотных нь нэг хүнээс сонссон чинь юу тийшээ зүгэлчиж үзээгүй гэдийн, найгүй шaaдaг гардаа кккк

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.190.82

арал дээр робинзон крузо шиг байлаа гэсэн уран сайхнаар хэлсэн байна даг. энэ чинь уншдаг хүүхэд сэтгэлгээ шүү дээ. ямар маньдаа байрны ордер гэрээгээ өгч байлдаа, бизнесд оруулж хэд нугалж өсгөөд ашгаа хуваана гэж байгаа биш дээ.

Avatar

🧘🏻‍♂️ 2023-09-05 66.181.190.82

тэр харахгүй юу. бурхан багш шиг хэвтэж үзээд өөрийгөө сканердсан гэж байгааг нь. йога эхлэл тавигдах гээд л. амталж байж мэднэ. тэгэхгүй мянга уншаад нөгөө эрдэнийн үрлээ уухгүй жорыг нь уншаад л уншаад л гэдэг шиг юм болно.

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.190.82

смоки крис норман манайд ирэхдээ газрын зураг хараад хоёрхон улсын дунд арал шиг сонин улс байнаа гээд ярьж билээ.

Avatar

Zochin 2023-09-05 202.55.188.41

Neeh ih sur sur tsetsen ym yarisan humuus hahahaha shaaldaa

Avatar

Нэргүй 2023-09-05 202.126.94.205

манай ганбаа мундаг бусдаас шал өөрөөр сэтгэж ,ярьдаг хүндээ, хүүхэд байхын л бидний үеийнхэн мэдэхгүй байхад л гадаадын хамтлаг дуучдыг дуутай юутай нэр устай нь мэддэг ярьдаг хүүхэд байсан даа
багаасаа хэлний авьяастай артек явдаг тэмцээнд оролцож артек зуслан явж байсан …

Avatar

1930-аад оны их хямралын 2023-09-05 202.70.41.114

Тэр нөхөр 1930-аад оны их хямралын үед архи шагладаг байсан юм чгэх шиг. ТҮЛЭЭ СЭТГҮҮЛЧ

Avatar

Дэл 2023-09-05 202.55.188.83

OK

Avatar

Нэргүй 2023-09-05 202.126.89.200

Манайд энэ дайны юм уншсан сонссон хүн захаас аваа л дайралддаг болсон цагт Монгол Улс хөгжинө дөө !

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.183.102

насанд хүрээгүй,намба суугаагү өвгөн гдэг гж бга.мэддэг юм байхгү ч мэдэхгү юм бхгү мэтээр загнагч

Avatar

Eej 2023-09-05 139.5.216.64

Huuhed bolovsrol hugjil…unen l helj dee

Avatar

bat 2023-09-05 202.126.88.129

Өөрийнхөөрөө байх…

Avatar

120/52 2023-09-05 139.5.218.95

Энэ чинь Гамбино шүү дээ. Та нар мэдлэг, сэтгэлгээний өнцөгөөс хараарай. Найздаа амжилт хүсье.

Avatar

зочин 2023-09-05 66.181.160.23

АМЖИЛТхүсье.Хүүхдэд зориулсан 15сонгодог хөгжим,уран зургийн жагсаалт,аав ээж эмээ өвөө асран хамгаалагч бүх шатны боловсролын салбарт ажиллагсад өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөх ажлаа нэн даруй олон нийтэд түгээж олон олон эерэг сайхан сэтгэгдэл унших болтугай

Avatar

🌓🌕🌗🌚 2023-09-05 66.181.190.82

15 дэд. 15 жагсаалт

Avatar

Нэргүй 2023-09-05 59.153.114.122

Худалч хүн дээ . . .

Avatar

bi 2023-09-05 59.153.114.236

өөртөө кайфтай амьдрал бол аз жаргал

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.183.103

Нөгөө л жалга довны үзэл.

Avatar

Гамбино 2023-09-05 139.5.217.36

Энэ нээрээ балай гар шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж