Нийслэлийн Хан-Уул дүүргийн 163, 161 дугаар сургууль өнгөрсөн жил хугацаандаа ашиглалтад ороогүйгээс 118 дугаар сургуульд нэг хэсэг нь хичээллэж, зарим сурагчид нь цахимаар хичээллэсэн. Тэгвэл энэ хичээлийн жилд 161 дүгээр сургуулийн барилгын ажил дууссан хэдий ч бохирын асуудлаа шийдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллэх чиглэл авсан тухай эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байна. Тэд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн боловч сурагчид сургуулийн байрандаа хичээллэж чадахгүй 1050 хүүхдийн эрх зөрчигдөж байна гэсэн юм.
Тус сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс хяналт тавьж ажиллаж байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Байгалмаа энэ талаар мэдээлэл өгөхдөө "Манай хорооны нутаг дэвсгэр өмнө нь ерөнхий боловсролын сургуульгүй байсан. Өнгөрсөн жил 163 болон 161 дүгээр сургуулийг шинээр барьж, ашиглалтад оруулсан. Гүйцэтгэгч компани болох "Жунсон констракшн" ХХК-ийн зүгээс бохирын шугамаа холбож чадахгүй, ажил нь удаашралтай байна. Бид тус компанийн гүйцэтгэх захирал, инженерийг дуудаж тайлбар авна. Талбайн инженер нь "Бохирын шугам холбох ажлаа хийж байгаа ч хэзээ дуусгахыг хэлж мэдэхгүй" гэдэг тайлбарыг өгсөн. Өнгөрсөн жил шинээр баригдсан 163 дугаар сургуулийн баруун жигүүрт 161 дүгээр сургуулийн сурагчид хичээллэсэн. Энэ жил есдүгээр сарын 1-нд 161 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн таван бүлэг нээлтээ хийсэн" гэв.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралтын ажил бүрэн дуусч, суралцагчдаа хүлээн авахад бэлэн болсон гэх албан мэдээлэл цацагдаж байв. Энэ шинэ сургууль нь стандартад нийцсэн спорт заал, урлаг заал, хоол үйлчилгээний заал, эмчийн өрөө бүхий, хичээлийн нийт 28 анги танхимтай. Мөн гадна тохижилт авто зогсоол, явган хүний зам, талбайн теннис, 3х3 сагсан бөмбөгийн талбай зэрэг иж бүрэн тохижуулсан гэдгийг албаныхан онцолж байсан юм.
Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир өмнө нь мэдээлэхдээ "Энэ хичээлийн жилд нийслэлд 47 сургуульд 33 гаруй мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Энэ сургуулиудад богино хугацааны тохируулга арга хэмжээ авахаар ажилласан. Хөдөө орон нутагт орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн. Ажлын хэсгээс энэ ондоо багтаад 21 сургуулийн барилгыг ашиглалтад оруулбал 6000 орчим хүүхдийг гурван ээлжид орох эрсдэлээс хамгаална. Одоогийн байдлаар 27 сургуульд 28 сургалтын зориулалтаар ашиглаж болохуйц түрээсийн байрыг судалж, иргэд ААН-тэй гэрээ байгуулж байна. Энд 17 мянган хүүхэд хичээллэх боломж гарч байна" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ