Пап Францис монголчуудад хараа дээгүүр, толгой цэх байхыг сануулав

Пап Францис монголчуудад хараа дээгүүр, толгой цэх байхыг сануулав

Пап Францис монголчуудад хараа дээгүүр, толгой цэх байхыг сануулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд үргэлжилсэн уулзалт үйл явдлыг товчлон хүргэе.


ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЗАРИМ АСУУДЛААР ЯРИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 02-ны өдөр албан ёсоор угтаж авснаар түүний айлчлал эхэлсэн юм. Үргэлжлүүлэн  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв. Энэхүү уулзалтын үеэр эртний түүхэн харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцсан байна. Тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцжээ. Уулзалтын дараа тэд олон нийтэнд хандаж үг хэллээ.

У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛЧУУД ОЮУН САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭЭДЭЛЖ ИРСЭН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛТАЙ

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн ширээт улс болон Монгол Улсын харилцаа найман зууны тэртээгээс улбаатай гэдгийг цохон тэмдэглэхийн сацуу, Эзэн Чингис хаанаас уламжилсан төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох монгол төрийн бодлого зуун зууныг өртөөлөн өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн бөгөөд эдүгээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримтлан ажиллаж байгаа гэдгийг онцоллоо. Мөн Монголчууд эрт дээр үеэс оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургалч үзлийг хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд эзэн Чингис хаан, Их Монгол Улсын үеэс монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм, хийдийг алба татвараас чөлөөлж, нийслэл Хархорум хотод Буддын, Христийн, Исламын зэрэг 12 сүм дуган зэрэгцэн оршиж байсан түүхтэй билээ. Оюун санаа, итгэл үнэмшлийн эрх чөлөөг хүндэтгэх энэхүү үзэл санааг өнөөгийн монголчууд залгамжлан хөгжүүлж Үндсэн хуульдаа тунхаглан дархалсан гэдгийг тодотгосон юм.

ПАП ФРАНЦИС: МОНГОЛ УЛС ШАШИН ШҮТЛЭГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БЭЛГЭ ТЭМДЭГ

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын тухайд Монголчуудын өнө эртний уламжлал, нүүдэлчин ахуй соёл, монгол гэр, түүх, өв уламлал ямар бахдалтай гэдгийг хэлсэн үгэндээ цохон тэмдэглэлээ. Түүнчлэн  талын нүүдэлчин амьдралд төрж, өргөн уудам газар нутагт тархан сууж, хөрш зэргэлдээх олон соёлоос ялгарах өвөрмөц онцлогтой байна гэдэг бол монгол гэрийн соёлоос суралцах зүйл их гэсэн үг гэв. Мөн үеэс үед малчид, тариаланчдын уламжлан хөгжүүлж ирсэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх Та бүхний төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайлал болж байна. Энэ нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгаль дэлхийг хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, хариуцлагатай экологийн бодлогын алсын хараа, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд чухал нөлөө үзүүлж байгааг хэллээ. Цаашлаад монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал биднийг хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байгааг онцоллоо. Мөн хоёр улсын харилцаа өнө эртнээс улбаатай байсныг үгэндээ бататгахаас гадна Монголчууд тэр үеэс олон шашин, олон үзэл санааг хүлээн зөвшөөрч, харилцан хүндэтгэлтэй хандаж ирсэн нь учраас “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд энэхүү эв эеийг сахиж, өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газар оршин байсан явдал гэрчилнэ. Ийм  учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй” гэв. Эцэст нь, Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амарлиулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай хэмээн олон нийтэд хандсан үгээ өндөрлүүллээ.

Г.ЗАНДАНШАТАР: ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААНД ТҮҮХЭН ШИНЭ  ХУУДАС НЭЭГДЛЭЭ

Олон нийтэд хандаж үг хэлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  Монгол Улсад улсад хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын төрийн айлчлал хоёр талын харилцаанд түүхэн шинэ  хуудас нээж, даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэлээ. Мөн эртний түүхэн харилцаатай Гэгээн Ширээт Улстай найрсаг харилцаа, хамтын ажилагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг мөн гэдгийг цохон тэмдэглэв. Дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр улс соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын түүхэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ.Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис агуу түүхтэй ард түмэн язгуур уламжлалаа авч үлдэн залуу үедээ залгамжилж байгаа нь Монголчуудын чин зориг, чин сэтгэлийн агуу их уламжлал бөгөөд түүхэн, онцгой явдал юм хэмээв.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ДАЯН ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВАН, АМАР АМГАЛАНГ ЦОГЦЛООХОД ОНЦГОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү түүхэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг соёл, боловсрол, шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. “Монгол Улс ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон бөгөөд манай гадаад бодлогын цөм бол даян дэлхийн энх тайван юм. Монгол Улсад хийж буй таны төрийн айлчлал даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоох нийтлэг зорилтыг биелүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулах хүч чармайлтаа уялдуулах замаар өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Н.ЭНХБАЯР: ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ АЙЛЧЛАЛ БОЛЖ БАЙНА

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Пап Францисын айлчлалтай холбогдуулан сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал далд болон ил утга санаатай. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолсныг анхаараасай гэж хүсч байна. Монголын түүх бол тасралтгүй үргэлжилж байгаа түүх байх ёстой. Бид түүхээ өмчлөөд, таслаад өөртөө таалагдсаныбг нь монголын түүх, таалагдаагүйг нь манай түүх биш түүхээрээ тоглох дуртай. Энэ удаагийн Пап Францисын айлчлал бол Монголын тасарсан, суларсан түүхийг сэргээж байгаа түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна. Учир нь Ромын Пап 4 дүгээр Инноcент одоогоос 800 жилийн тэртээ монголын хаад нарт зориулж захидал илгээж Гүюг хаан хариу захидал илгээснээс өнөөгийн харилцаа эхэлж байсан. Энэ түүх эргэн сэргэж байна. Монголчууд олон зуун жилийн турш түүхээ үргэлжлүүлж байгаа аугаа ард түмэн гэдгийг Пап өөрийн айлчлалаараа ойлгуулж байна. Хоёрдугаарт, Монголчууд хүлээцтэй тэвчээртэй ард түмэн. Олон соёлд дуртай, олон соёлыг хүндэтгэдэг. Тухайлбал, Сорхугтан бэхи хэмээх суут хатан христийн шашинтай байсан. Хубилай хаан буддын шашинтай байсан. Төв азид ноёлож байсан Цагаадай, Хүлэгү, Зүчи хаан Исламын шашинтай байсан. Монголчууд хүнийг шашин шүтлэг, арьс өнгаар нь ялгаварлан гадуурхдаггүй. Гэтэл Европ болон Америкт дөнгөж саяхан хүнийг арьс өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг ойлгож байх жишээтэй. Гэтэл Монголчууд үүнийг 800 жилийн тэртээ Чингис хааны сургаалиас ойлгосон байсан. Үүнийг хүндэтгэж Пап хүрэлцэн ирж байна. Гуравдугаарт, Монгол улс газарзүйн байрлалын хувьд, эдийн засаг, орчин үеийн түүхийн хувьд хоёр том хөршөөсөө хараат байна. Энэ хоёр хөрштэйгөө сайхан харилцаатай байх нь ойлгомжтой. Гэхдээ бидэнд гуравдагч хөрш хэрэгтэй. Дэлхийд 1.5 тэрбум тэрбум хүнийг дагуулсан Гэгээн ширээт улс бидний гуравдагч хөрш байна гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол бэхжиж, хөгжил дэвшил ямар нэгэн байдлаар нээгдэж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Байден католик шашинтай хүн. Тэрбээр,  Пап хаана явна, юу хэлэв гэдгийг байнга харж байгаа. Тиймээс Папаар дамжуулж АНУ, дэлхий нийттэй харилцаж байна. Католик шашингүй орон гэж үгүй. Хамгийн эртний христийн шашин. Тийм учраас алдаа оноо нь тэцвэртэй шашаин. Энэ бол ганцхан шашин төдий биш томоохон соёл. Тийм учраас бүхэн бүтэн ертөнцийг бид хүлээж авч байна. Монгол Улс ганцхан оронтой биш дэлхийн соёл иргэншилтэй харилцаж байна гэсэн үг. Тийм учраас маш их ач холбогдолтой айлчлал болж байна" гэв.

Ийнхүү Пап Францисын төрийн ордон дахь үйл ажиллагаа өндөрлөж тухай өдрийн 16 цагаас Гэгээн Петрийн сүмд католик шашины төлөөллүүд, сүсэгтэн олонтой уулзалт хийснээр тус өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Тэгвэл 2023 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис 12 шашины төлөөлөлтэй Хүн театрт уулзалт хийсэн юм. Тухайлбал, еврей, мусульман, бахай, хиндү, шинто болон евангелист христийн шашинтнууд өөрсдийн итгэл үнэмшил, бурхантай харилцах харилцааны талаар тайлбарлан ярихыг нь анхааралтай сонсов. Монголын уламжлалт гэр нь гэр бүлийн эв нэгдлийн халуун дулаан газар, бурхдад нээлттэй, харь элгийнхнийг ч хүлээн авдаг эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон тэнгэрлэг газар гэдгийг тэдний зарим нь хэлж байсан юм.

 Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц тус уулзалтын эхэнд хэлэхдээ “Бурханы шашин, христийн шашин, исламын шашин, хиндү шашин зэрэг дэлхийн голлох шашнуудын ертөнцийг үзэх үзэл өөр хоорондоо ялгаатай хэдий ч даян дэлхий, нийт хүн төрөлхтөний сайн сайхны төлөөх залбирал, үйл ажиллагааных нь зорилго нэг гэдэгт миний бие итгэдэг. Өдгөөгийн XXI зуунд хүн төрөлхтөн оюуны хөгжлийн хүчээр мэдээлэл, техник технологийн хурдацтай, өндөр түвшинд хүрч буй ч сэтгэлийн дотоод үнэт зүйл болох асрал энэрэл, ёс суртахуун, хүлцэл, ууч өршөөл, үйлийн үр зэргийг орхигдуулах нигууртай байна. Тиймээс уламжлалт шашнуудын зорилго, үйл ажиллагаа нь сэтгэлийн дотоод орон зайг дээрх үнэт зүйлсээр дүүргэж, хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээхэд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулах явдал юм” хэмээв.

Тус уулзалтад оролцсон  Манба дацан хийдийн хамба лам Д.Нацагдорж хэлэхдээ, "Бүх шашинтнуудын зүрх сэтгэлд амар амгалан, эрх чөлөө, эв түнжин дүүрэн сайхан ертөнц байгаасай гэж залбирдаг. Бурханы шашинтнууд зөвхөн хүн төрөлхтөн битгий хэл зургаан зүйлийн хамаг амьтны сайн сайхан, амар амгалангийн төлөө залбирдаг. Энэ хурлын үеэр олон шашны зүтгэлтнүүд уулзаж, өөр хоорондоо танилцаж бурханы шашинтан болоод бусад шашинтны айлдварыг сонсч байна. Дэлхийн амар амгалан хүн төрөлхтнийг ямар нэгэн сөрөг үйл явдалгүй, ариун сэтгэл зүрхтэй байна гэж ойлгож байна. Түүнээс гадна Монгол Улс бол ардчилсан орон.  Азийн цагаан дагина болсон ардчилсан оронд дэлхийн шашны зүтгэлтнүүд цугларч амар амгаланг ярьж байна. Цаашлаад дэлхийн улс орнууд мөнх тэнгэр лугаа мөнхөд амар амгалан байхыг билэгдэж байна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашины бодлогын зөвлөх Д.Бум-Очир хэлэхдээ,  "Пап Францис тухайн айлчилж байгаа улс орондоо байгаа шашны төлөөллүүдтэй уулздаг уламжлалтай. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гол шашины төлөөллүүд  тус уулзалтад оролцож дэлхийн энх тайвны байдал, олон нийтийн зөрчил тэмцэлгүй байх тухай асуудлыг гол сэдвээ болгон ярилцлаа. Пап Францисын айлчлал олон чухал ач холбогдолтой. Найман зууны тэртээ Монголын эзэнт гүрний үед олон шашин эв нэгдэлтэй зэрэгцэн орших үзэл санааг хангаж өгч байсан түүхийг өнөөдөр Пап Францис өөрийнхөө үгэнд дурдаж, олон нийтэд таниуллаа. Энэ бол Монголын түүхийг дэлхий нийтэд таниулж өгч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, Монголын түүхэнд өнө удаан оршин байгаа оюун санааны үнэт зүйлийг сурталчилан таниулж  байгаа хэрэг.Монголчууд  эртнээс олон хүний, олон янзын итгэл үнэмшлийн оршин тогтнох эрх чөлөөг нь олгож өгч байсан. Тухайлбал, Мөнх хааны үед 12 шашинтны сүм хийд зэрэгцэн оршиж, Мөнх хааны ивээл дор ном хаялцаж, мэтгэлцээн явуулж байсан талаар Пап Францис хэлсэн үгэндээ тодотголоо. Үүнийг судлаачид дэлхий дээр анхдагч хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл ийм үйл явдал дэлхий дээр  Монголоос өөр хаана ч болж байгаагүй. Энэ бол бидний өвөг дээдсийн хүн төрөлхтний түүхэнд  оюун санааны эрх чөлөөг  бий болгоход оруулсан хамгийн чухал гавъяа. Оюун санааны эрх чөлөөг нээж  өгсөн түүхэн үйл явдлыг өнөөдөр хүндэт зочин Пап Францис хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж  өөрийнхөө үгэнд онцлон хэлж байгаа хэрэг. Хүн төрөлхтний түүхэнд Монголын түүх, бидний өвөг дээдэс ямар үнэ цэнтэй хувь нэмэр оруулсныг олон нийтэд хүргэлээ. Үүгээрээ Пап Францисын айлчлал өндөр ач холбогдолтой" гэв.

ТАЛАРХАЛ МАГТААЛЫН МӨРГӨЛ БОЛЛОО

Шашины төлөөллүүдтэй хийсэн уулзалтын Пап Францис оролцсон талархал магтаалын мөргөл “Мөсөн өргөө” цогцолборт боллоо. Уг мөргөлд Пап Францисаас гадна католик шашны хамба, санваартан, гэлэнмаа нар болон сүсэгтнүүд оролцсноор түүний айлчлалын гурав дах өдөр өндөрлөв. Тус мөргөлд монголчууд төдийгүй БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан зэрэг орноос ирсэн нийт 3500 гаруй мөргөлчид оролцсон байна.  Монгол Улсад католик шашинтай иргэн ойролцоогоор 1500 байгаа гэх судалгаа гарсан байна. Түүнчлэн нийт 9 сүм үйл ажиллагаа явуулдгаас зургаа нь Улаанбаатар хотод, гурав нь Эрдэнэт, Дархан, Арвайхээр хотод байрлаж байна.

Айлчлалын сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр 09:30 цагт  сайн үйлстнүүдтэй уулзалт хийснээр түүний айлчлал албан ёсоор өндөрллөө. Ингээд 11:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудал түүнийг үдэх ёслолын ажиллагаа яг одоо Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд болж байна.  Монгол Улсад айлчилж байгаа Пап Францисийг дагаж дэлхийн 23 орны 56 редакцийн 180 гаруй сэтгүүлч ирсэн юм.  Тухайлбал, "Associated Press", "New York Times", "Reuters" зэрэг хэвлэлээс гадна Итали, Испанийн хэвлэлүүд ирсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг хүлээн авч, ирж байгаа Пап Францисын айлчлал дэлхий дахины анхаарлын төвд байна.  Тус айлчлал улс төр, нийгэм, эдийн засаг, түүхийн өргөн цар хүрээ, өндөр өгөөжтэй айлчлал болсон гэдгийг судлаачид онцолж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-04 202.126.89.148

Гэгээн ширээт гэх пялдага үгээ болиочээ ү****ц сэтгүүлчээ Ватикан гээд бичихэд яагаад байгаа юм бэ

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-04 66.181.161.21

Энэ чинь харин хаа очиж айраг уухаас илүү амьдралтай сургааль байна шүү дээ. Ер нь Монгол хүн Оросын хаанчлал доор зүрхгүй аймхай, хулчгар болж хоцорсон. Зах зээлд шилжсэнээр мөнгө бодсоор газар шагайж явдаг зуршилтай болсон. Дээр нь элдэв авилгач, луйварчингуудад шахуулсаар дуу нь олигтой гарахаа байсан. Одоо чухам Папынхаа хэлсэнээр толгой өөд татах цаг болсон шиг байна.

Avatar

ЗОЧИН 2023-09-04 202.70.44.46

ҮР хүүхэд, улс орноо бодооч дээ, 1990 оноос зэрэг хөдөлсөн Хятад, Казахстан зэрэг орныг хараач дээ, атаархамаар юм, ӨӨрийн хөө бие гэр бүлээ золиослоод зүтгээд өгөх олтгтойхон аавын хүү байна уу, өмнөд Солонгос, Сингапур улсыг хар л даа, ичмээр юм даа

Avatar

ЗОЧИН 2023-09-04 202.70.44.46

Авилга, хулгайгаа боль гэж байна ш дээ маш сайн судалсан байна, Гадны том тэргүүн хэлнэ гэдэг чинь болохгүй нь гэдгийг анхааруулахгүй байж чадсангүй. Иймээс авилгачдаа, бизнес хийдэг хулгайчуудаа УИХ, ЗГ, даргын суудлаасаа татаачээ, Яагаад тэдэнтэй зууралдаад байдаг юм. УУЧЛААРАЙ одоо болоо ш дээ

Avatar

Нэргүй 2023-09-04 203.98.76.4

May All beings have Happy and Peaceful Minds and life ! Thank you dear Saint

Avatar

Нэргүй 2023-09-04 66.181.190.99

Avilgadaa ankhaar gesen

Avatar

Нэргүй 2023-09-04 59.153.113.223

ulaan chutgur gedgiig medseer baij urisanuu , medeegui urisanuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж