Намрын сар гарч, хүйтний улирал наашилжээ. Өнгөрсөн зуны хугацаанд Монгол Улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж, аялал жуулчлалын салбар луу чиглэсэн хууль эрх зүйн орчныг шинэчилж, төрөөс хэд хэдэн бодитой арга хэмжээ авсны дүнд олон жуулчин, дэлхийд алдартай контент бүтээгчид ч Монголд зочлов. Түүгээр зогсохгүй түүхэн хэд хэдэн айлчлал Монгол Улсын дэлхийн тавцанд гаргасан гээд өнгөрсөн нэг жилийг дүгнэвэл аялал жуулчлал, гадаад бодлогод маш сайн гэсэн үнэлгээ өгч болно.
Аялал жуулчлалыг татах зорилгоор Япон, Солонгосын өдрүүд, Нүүдэлчин-2023, Зүүн азийн залуучуудын наадмыг эх орондоо зохион байгуулсан гээд олон арга хэмжээ, эвентүүд болов. Нэг гадаад хүн, нэг хэсэг жуулчин Монгол Улсад ирээд буцахдаа эдийн засагт төдийгүй, Монгол Улсыг өөр өөрсдийн улс орондоо таниулсан сошиал давалгаа ч үүсч эхлэв.
Хамгийн сүүлийн мэдээллээр зургадугаар сараас есдүгээр сарын хооронд буюу зуны гурван сарын хугацаанд 550 мянган жуулчин Монгол Улсад иржээ. Угтаа бол нэг сая жуулчин хүлээж авна гэсэн тооцоолол гаргасан бөгөөд одоогоор 600 гаруй мянган жуулчин Монголд ирсэн байна.
Монгол Улсад зочилсон жуулчид /улс/:
- ОХУ-38,97 хувь
- БНСУ-21,82 хувь
- БНХАУ-16,50 хувь
- БНКазакстан улс-3,63 хувь
- Япон-3,11 хувь
- АНУ-2,33 хувь
- ХБНГУ-1,42 хувь
- БНБедарусь улс-1,13 хувь
- Франц улс-1,8 ахувь
- Бусад-10 хувь
Үүн дээр нэмээд Ватиканы тэргүүн Ромын пап Францисын айлчлал мөн Монгол Улсыг дэлхийн анхаарлын төвд аваачсан түүхэн үйл явдал болов. Түүний айлчлалтай холбоотойгоор мөн олон тооны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, жуулчид ч ирсэн юм.
Өнгөрсөн хугацаанд ирсэн олон жуулчин бидэнд үр өгөөжөө өгсөн ч нөгөө талдаа сайжруулах, шинэчлэх, өөрчлөх, шинэ түвшинд гарах ёстой гэдгийнг сануулсаар буцав. Хамгийн энгийн зүйл бол бие засах газар. Хэдийгээр тал хээрт гараад хүссэн газраа бие засч болох ч жуулчдын зүгээс боловсон бие засах газар байхгүй байгааг шоглож, шүүмжилснийг бид бодлого болгон засч, сайжруулах ёстой юм. Түүнээс гадна гадны улс орны жуулчдад зориулсан мэдээллийн нэгдсэн сан байхгүй, өөр өөрсдийн хандаж байгаа жуулчны баазаар дамжуулан мэдээлэл олж авахаас өөр сонголтгүй. Техник, технологи хөгжсөн энэ үед дэлхийн аль ч өнцгөөс, гар утаснаасаа Монголын талаарх аялал жуулчлал, үйлчилгээний төвзүүдийн маршрут, үнэ тариф, цагийн хуваарь, цаг агаар бүх зүйлийг нэгтгэсэн мэдээллүүд ч дутагдалтай байгааг жуулчид хэлж байв. Харин жуулчны баазуудын хувьд үнэ нь тэнгэр, газар шиг зөрүүтэй, гадны жуулчид, гадаад хүн харахаараа үнээ нэмчихдэг байдлыг ч шүүмжилсныг тунгаах хэрэгтэй. Энэ бүхнээс илүү хамгийн их чухалчилж, дараа дараагийн олон мянган жуулчдыг татах нэг зүйл бол дэд бүтэц. Зам тээврийн салбарын дэд бүтэц бол аюугүй аялаад буцах, мэргэжлийн хүний нөөцийн чадамжтай байх ёстойг сануулсан эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсныг ч мөн мартах учиргүй. Ирэх жилүүдэд бид сая, саяас илүү жуулчин авахын тулд юун дээр анхаарах ёстой, Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоод нь нэгдэж, төртэйгөө хамтран ажиллах, нэг жуулчны сэтгэл ханамжинд анхаарч чадвал бидэнд боломж их байгааг харуулсан зун өнгөрөв.