Сургуулийн байргүй сурагчид зориулалтын бус орчинд хичээллэх ёсгүй!

Хуучирсан мэдээ: 2023.09.04-нд нийтлэгдсэн

Сургуулийн байргүй сурагчид зориулалтын бус орчинд хичээллэх ёсгүй!

Сургуулийн байргүй сурагчид зориулалтын бус орчинд хичээллэх ёсгүй!

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан наймдугаар сарын 23-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар тендер авч сургуулийн барилга эхлүүлээд, ашиглалтад хүлээлгэн өгдөггүй жил, төсөв нэмүүлээд явж буй компаниудын нэрийг зарлаж, тухайн сургуулиудын барилгыг яаралтай ашиглалтад оруулах талаар мэдэгдсэн. Гэвч энэ хичээлийн жилд сургуулийн байр нь ашиглалтад ороогүй, өргөтгөл нь баригдаагүйгээс хичээлийн анги танхим нь хүрэлцээгүй болсон сурагчид, эцэг эхчүүд бухимдалтай байна. Аймгууд 100 жилээ тэмдэглэж, ойн үеэр орон нутаг, улсын төсвийн хөрөнгөөр ч бүтээн байгуулалтууд баригдсан. Угтаа хөшөө дурсгал, соёлын төв, музейн бүтээн байгуулалтаас илүү сургууль, цэцэрлэгийн байр Монголд дутагдалтай байгаа. Зуны дэлгэр цагт ядаж гүйцэтгэл өндөртэй барилгын ажлуудаа яаравчилж, зарим сургуулийн өргөтгөлийн байрыг ашиглалтад оруулах боломжтой байсан ч салбар яам нь анхаараагүй. Энэ асуудал жил бүр яригддаг бөгөөд төсөв хөрөнгийг нь шийдэж, сурагчдыг түрээсийн байранд биш төрийн өмчийн сургуулийнхаа анги танхимд хичээллэх боломжийг нь хааж байгаа нь шийдвэр гаргагчид хамаарна.

Тухайлбал, нийслэлийн 12, 5, 84, 62, 44 гэхчлэн ерөнхий боловсролын сургуулиуд байргүй, анги танхим нь хүрэлцээгүйгээс хичээлийн шинэ жилээ зориулалт, стандарт шаардлагад нийцээгүй нөхцөлд угтлаа.

12 ДУГААР СУРГУУЛИЙН БЛОКЫГ 11 ДҮГЭЭР САРД ХҮЛЭЭЖ АВНА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 12 дугаар сургуулийн барилгыг нураагаад нэг жил болсон ч одоог хүртэл бариагүй байна. Үүний улмаас хүүхдүүд "Мандах" дээд сургуулийн зориулалтын бус байранд хичээллэж байсан бол энэ жил дахин өөр байр түрээслэхээр болжээ. Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ "12 дугаар сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлэх, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, хэсэгчлэн хүлээж авах ажлыг зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас баталсан тогтоолд барилгын ажил эрчимтэй явж байгаа барилгуудад төсвийн зохицуулалт хийх асуудлыг шийдсэн.

Тухайн сургуулийн хувьд анги танхимтай блокыг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд хэсэгчилж хүлээн авахаар төлөвлөсөн. Өдөр бүр барилга дээр 40-50 ажилтан ажиллаж байна. Барилгын материалуудаа татан авсан. Энэ хугацаанд бид түрээсийн байраар зохицуулсан.

Түрээсийн байрны засварын ажил бас эхэлчихсэн учраас есдүгээр сарын эхний хоногуудад зохион байгуулалтыг хийнэ. Хэрвээ бид ийм зохицуулалт хийгээгүй бол 12 дугаар сургуулийн барилгын энэ оны санхүүжилт 1.3 тэрбум төгрөг байсан. Гэтэл батлагдсан төсөв 18 тэрбум төгрөг, магадлагдсан төсөв 22 тэрбум төгрөг. Ийм байдлаар 12 дугаар сургуулийг 2-3 жил барих ёстой байсан. Тийм учраас Засгийн газраас гурван ээлжээр хичээллэх асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээний хүрээнд барилгын гүйцэтгэгч дээр төсвийн зохицуулалт хийж, хугацаанаас нь өмнө хэсэгчилж хүлээн авна. Одоо хоёр сар зохицуулалт хийгээд ажлыг дуусгана" гэсэн юм.

62 СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДААГҮЙ "ГАНЗОСОН" ХХК- ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛНА

Мөн л Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай бөгөөд гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм. 2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилтэй золгож байна.
Гэрээний дагуу тус сургуулийг 2022 онд ашиглалтад оруулах үүрэгтэй байсан аж. Тиймээс үүргээ биелүүлээгүй "Ганзосон"  ХХК-тай байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэж байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн.
Тодруулбал өнгөрсөн наймдугаар сарын 3-нд Сонгинохайрхан дүүргийн ачаалал өндөртэй 20, 32 дугаар хороонд БШУЯ-ныхан ажиллаж баригдаж байгаа сургуулийн барилгуудтай танилцсан. Гүйцэтгэл өндөр хувьтай боловч нэмэлт санхүүжилт авах, үнийн өсөлт тооцуулах, зээлд хамрагдах зэрэг олон бэрхшээл ярьж байгааг мэдээлж байв. Ер нь бол ажил хийж чадна гэж авсан бол ажлаа чанартай хийдэг. Барилгын ажлыг гүйцэтгэх эрсдэлээ төр рүүгээ чихээд баймааргүй байгааг салбарын сайд нь онцолсон.
V СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ЦАРЦАВ
Нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар дунд сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2019 оны зун эхэлж таван жил өнгөрөхөд дуусаагүй, ажлын гүйцэтгэл болон санхүүжилтийн асуудлаас болж гацаад буй. Үүнээс болж Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн бага анги Хөдөлмөрийн дээд сургуулийн засвар хийгээгүй хөгц үнэртсэн зориулалтын нойл ч байхгүй байранд хичээллэж байгаа юм.
Заал байхгүй тул биен тамирын хичээл орохгүй. Мөн зориулалтын бус барилга учир бусад анги, танхим ч байхгүй. Тиймээс тус сургуулийн бага ангийнханд маш хүндрэлтэй байгаа аж.
Энэ талаар тус сургуулийн эцэг, эхчүүд Боловсрол шинжлэх ухааны яаманд хандсан ч дорвитой хариу ирээгүй бөгөөд энэ зун ажил нь явагдаагүйд маш их гомдолтой байгаа илэрхийлжээ.

ОЛОН СУРАГЧТАЙ СУРГУУЛИЙН БАЙРУУДАД Ч ЯАРАЛТАЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ ГЭЖ БАЙВ

Боловсрол шинжлэх ухааны сайд нь өөрөө энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог багасгаж, засвартай, баригдаж байгаа сургуулийн байруудын ажлыг яаравчилна гэдгээ ам гарсан. Харамсалтай нь хичээлийн шинэ жилээр нээлт хийгээгүй, онлайнаар болон гурван ээлжээр хичээллэх сурагчид сайдын амлалт худал болохыг бататгав. Угтаа сургуулийн барилгагүй, өргөтгөлийн ажил царцсан олон сургууль байгаагаас гадна хичээлийн байр нь сурагчдад хүрэлдцэггүй тохиолдол ч их. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль, Эрдмийн өргөө цогцолбор 6000 сурагчтай. Нэг сургуульд ийм олон сурагчтай байхад сургалтын чанарын тухай ярихад хэцүү. Тийм учраас их сургуулиудыг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургуулийг нийслэлд энэ хичээлийн жилээс зохион байгуулахыг Боловсролын яам мэдэгдсэн. Мөн л амлалт аймгуудын 100 жилийн наадмаар замхарсан.

Одоо онлайнаар хичээллэх, орох байр хүрэлцээгүйгээс зориулалтын бус барилгад хичээллэх сурагчдын эрхийг хэн хангах вэ?

Төсөв санхүү батлахдаа, түүгээр гүйцэтгэх барилгын ажилдаа анхаарал тавьдаг ажлыг салбар яам нь үл тоож байгаагаас 2023-2024 оны хичээлийн жилд мөн л олон сурагч хохирох нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж