Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Хүн театрт шашинтнуудын төлөөлөлтэй уулзазлт хийсэн юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашины бодлогын зөвлөх Д.Бум-Очир хэлэхдээ, "Пап Францис тухайн айлчилж байгаа улс орондоо байгаа шашны төлөөллүүдтэй уулздаг уламжлалтай. Энэ бол Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын үйл ажиллагааны нэгээхэн хэсэг гэж ойлгож болно. Уламжлал болсон энэ чиг хүрээндээ Монголд байгаа шашны төлөөллүүдтэй уулзлаа. Энэ бол чухал утга учир, ач холбогдолтой арга хэмжээ. Учир нь олон шашин зэрэгцэн орших, эв найрамдалтай байх агуулга, үзэл санааг олон нийтэд хүргэх, дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гол шашины төлөөллүүд тус уулзалтад оролцож дэлхийн энх тайвны байдал, олон нийтийн зөрчил тэмцэлгүй байх тухай асуудлыг гол сэдвээ болгон ярилцлаа. Пап Францисын айлчлал олон чухал ач холбогдолтой . Тухайлбал, Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилан таниулж байна. Пап Францис дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.
Дэлхий дээр 1.3 сая католик шашинтан бий. Өөрөөр хэлбэл дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүний 17 орчим хувь нь католик шашинтай байна. Тийм учраас түүний айлчлалыг сурвалжлахаар дэлхийн 20 гаруй орны 150 орчим хэвлэл мэдээллийн ажилтан ирсэн байна.
Түүний айлчлалын турш Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дэлхий дээр Монгол Улс байдаг эсэхийг ч мэдэхгүй улс орны иргэд Пап Францисын айлчлалаар дамжуулж бидний талаар мэдэж авах боломжтой. Энэ бол бидний оршихуйн талаарх асуудал юм. Дэлхий дээр хэр олон хүн Монгол Улс гэж бие даасан, тусгаар тогтносон, үүх түүх, үнэт зүйлээр баялаг орон гэдгийг мэднэ тэр хэмжээгээр бидний соёл иргэшил, улс төрийн бүхий л талын оршин тогтнохуй улам бүр батжин, бэхжих учир холбогдолтой.
Түүнчлэн энэхүү айлчлал түүхэн ач холбогдолтой. Найман зууны тэртээ Монголын эзэнт гүрний үед олон шашин эв нэгдэлтэй зэрэгцэн орших үзэл санааг хангаж өгч байсан түүхийг өнөөдөр Пап Францис өөрийнхөө үгэнд дурдаж, олон нийтэд таниуллаа. Энэ бол Монголын түүхийг дэлхий нийтэд таниулж өгч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, Монголын түүхэнд өнө удаан оршин байгаа оюун санааны үнэт зүйлийг сурталчилан таниулж байгаа хэрэг.
Монголчууд эртнээс олон хүний, олон янзын итгэл үнэмшлийн оршин тогтнох эрх чөлөөг нь олгож өгч байсан.
Тухайлбал, Мөнх хааны үед 12 шашинтны сүм хийд зэрэгцэн оршиж, Мөнх хааны ивээл дор ном хаялцаж, мэтгэлцээн явуулж байсан талаар Пап Францис хэлсэн үгэндээ тодотголоо. Үүнийг судлаачид дэлхий дээр анхдагч хэмээн үздэг.
Өөрөөр хэлбэл ийм үйл явдал дэлхий дээр Монголоос өөр хаана ч болж байгаагүй. Энэ бол бидний өвөг дээдсийн хүн төрөлхтний түүхэнд оюун санааны эрх чөлөөг бий болгоход оруулсан хамгийн чухал гавъяа. Оюун санааны эрх чөлөөг нээж өгсөн түүхэн үйл явдлыг өнөөдөр хүндэт зочин Пап Францис хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж өөрийнхөө үгэнд онцлон хэлж байгаа хэрэг. Хүн төрөлхтний түүхэнд Монголын түүх, бидний өвөг дээдэс ямар үнэ цэнтэй хувь нэмэр оруулсныг олон нийтэд хүргэлээ. Үүгээрээ Пап Францисын айлчлал өндөр ач холбогдолтой" гэв.