Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Хүн театрт шашинтнуудын төлөөлөлтэй уулзалт хийсэн юм.
Тус уулзалтад оролцсон Манба дацан хийдийн хамба лам Д.Нацагдорж хэлэхдээ, "Өнөөдрийн билэгт сайхан өдөр Монгол Улсад Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлалтай холбоотойгоор гадаад, дотоодын олон шашны төлөөллүүдийн уулзалт зохион байгуулагдаж байна.
Бүх шашинтнуудын зүрх сэтгэлд амар амгалан, эрх чөлөө, эв түнжин дүүрэн сайхан ертөнц байгаасай гэж залбирдаг. Бурханы шашинтнууд зөвхөн хүн төрөлхтөн битгий хэл зургаан зүйлийн хамаг амьтны сайн сайхан, амар амгалангийн төлөө залбирдаг.
Энэ үзэл баримтлал дээр өнөөдрийн хурал тогтоно гэж ойлгож байна. Энэ хурлын үеэр олон шашны зүтгэлтнүүд уулзаж, өөр хоорондоо танилцаж бурханы шашинтан болоод бусад шашинтны айлдварыг сонсч байна. Дэлхийн амар амгалан хүн төрөлхтнийг ямар нэгэн сөрөг үйл явдалгүй, ариун сэтгэл зүрхтэй байна гэж ойлгож байна. Түүнээс гадна Монгол Улс бол ардчилсан орон. Азийн цагаан дагина болсон ардчилсан оронд дэлхийн шашны зүтгэлтнүүд цугларч амар амгаланг ярьж байна. Цаашлаад дэлхийн улс орнууд мөнх тэнгэр лугаа мөнхөд амар амгалан байхыг билэгдэж байна гэв.
Холбоотой мэдээ