Энэтхэг улсаас саран дээр "Chandrayaan-3" сансрын хөлгөө амжилттай газардуулж, түүх бүтээсэн бол өнөөдөр нарыг судлахаар "Aditya-L1" сансрын хөлгөө хөөргөлөө. Хөлгийг орон нутгийн цагаар Бямба гаригийн өглөөний 11:50 цагт Бенгалын булан дахь Шрихарикота аралаас хөөргөсөн байна. Сансрын хөлөг дэлхийгээс 1.5 сая километр зайд тойрог замд байрлах зогсоолд хүрэх ёстой. Энэ байрлал нь "Aditya-L1"-ийг нарны үйл ажиллагааг ажиглахад оновчтой бөгөөд бага хэмжээний түлш зарцуулалттай байлгах боломжийг олгоно.
Уг хөлөг нь шинжлэх ухааны долоон хэрэгслээр тоноглогдсон бөгөөд дөрөв нь нарыг голчилж ажиглах бол бусад нь нарны салхины тоосонцор болон "Лагранж" 1-р цэгээр дамжин өнгөрөх соронзон орныг судлах юм. Энэтхэгийн гол зорилго нь нарны дээд агаар мандлын болон нарны янз бүрийн үзэгдлийг, тухайлбал титмийн массын ялгаралт буюу нарны хамгийн дээд давхаргаас плазмыг их хэмжээгээр гадагшлуулах явдлыг судлах юм.
Ийнхүү Энэтхэг улс нь нар, сар руу сансрын хөлгөө хөөргөсөн цөөн орны нэг боллоо. Саран дээр амжилттай газардсанаар Энэтхэг нь дэлхийн дөрөв, 21-р зууны хоёр дахь орон болсон. Энэтхэг улсын сансрын амбиц нь хүчирхэг гүрний статусаа бэхжүүлэх оролдлогын нэг гэж харж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN