Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2023.09.02) Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа дээд түвшинд айлчлал хийж байгаад бид баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, манай улсад хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын төрийн айлчлал хоёр талын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж, даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэж, эртний түүхэн харилцаатай Гэгээн Ширээт Улстай найрсаг харилцаа, хамтын ажилагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг мөн гэдгийг тэмдэглэв.
Мөн Гэгээн Ширээт Улс Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжиж, хүмүүнлэгийн хүндрэлтэй тулгарсан цагт дэмжлэг үзүүлж ирсэнд бид талархалтай байдаг гэлээ.
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын төр засаг, түүний ард түмэн хүндэтгэлтэй, халуун дотноор бидний айлчлалыг хүлээн авч байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлээд агуу түүхтэй ард түмэн язгуур уламжлалаа авч үлдэн залуу үедээ залгамжилж байгаа нь Монголчуудын чин зориг, чин сэтгэлийн агуу их уламжлал бөгөөд түүхэн, онцгой явдал юм хэмээв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр улс соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын түүхэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таны Монгол Улсад хийж буй айлчлал энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрх, шашны эрх чөлөөг эрхэмлэгч манай улсын гадаад бодлогын үр дүнг тодоор илтгэх чухал ач холбогдолтой болж байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ