Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй өнөөдөр /2023.09.02/ уулзаж, үг хэллээ.
Тэрбээр "Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх орд өргөө цагаан гэрт морилон саатаж буйдаа баяртай байна. Энхийг эрхэмлэн, мөргөлөөр замнан яваа миний бие та бүхний хүмүүнлэг ёс найрсаг занд талархан, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж өргөө гэрийн чинь үүдэнд хүрэлцэн ирлээ.
Монгол Улс Гэгээн Ширээт улс хооронд гэрээ байгуулахаар яриа хэлэлцээ үргэлжилж байгаа нь католик шашны сүм хийд, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Шашны зан үйлээс гадна тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, судалгаа, соёлын дэвшил зэрэг хүний цогц хөгжлийн төлөө олон санаачлагад чиглэсэн байдаг. Тэдгээр санал санаачлага нь даруу төлөв, элэгсэг дотно, эв найртай байх Есүсийн сургааль номлолын нотолгоо болж байдаг бөгөөд тус сургааль номлол нь католик шашинтнуудын амьдрал хэмээх аялалд даган мөрдөж, дэлхийн бусад ард түмэнтэй зэрэгцэн алхах зам мөр болдог билээ.
Энэ айлчлалд зориулан сонгон авсан "Хамтдаа итгэж найдъя" уриалга бүхий нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах, та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байна.
Эртний сурвалжит оюун санааны уламжлалыг хадгалсан дэлхийн бараг бүх улс оронд байдаг католик сүм хийдийн институти шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, улс төр, нийгмийн амьдралын олон чиглэлээр олон улс үндэстний дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар аж төрж буй та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлооход бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт миний бие итгэлтэй байна.
"Тэнгэр шиг бай" хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижирч, оюун санаа сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байхыг уриалан зоригжуулж, байдаг. Дэлхий дахин суралцах асар их зүйлтэй танай оронд хүрэлцэн ирсэн зочид гийчид, эргэл мөргөлөөр ирсэн бид энэ уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүсэл, алсын хараа зэрэгтэй бодитоор орчуулан хэрэглэхийг хүсч байна.
Энд цохон тэмдэглэснээр Монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц ард түмний сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид суралцах болтугай. Та бүхэнд маш их баярлалаа" гэв.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ