УИХ-ын хаврын чуулган хаахын өмнө УИХ-аар Боловсролын багц хуулийн төслийг баталсан. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тус салбарт шинэчлэлийн салхи сэвэлзэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Тэдгээр шинэчлэлийн нэг нь боловсролын салбарыг улс төр, намчирхлаас ангид байлгаж төрийн албыг мэргэжлийн, мэргэшсэн хүчтэй байлгахад чиглэж байгаа аж.
Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:
-Шинэ хуулиар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг, Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь насан туршдаа суралцахуйн төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудыг томилохоор заасан. Аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нь цэцэрлэг, сургуулийн удирдлагуудаа томилно. Эдгээр албан тушаалтанд тавих шаардлагыг хуульд маш тодорхой тусгаж өгсөн. Ямар хүн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал байх вэ. Тохиолдлын хэн нэгэн биш заавал ийм шаардлага хангасан туршлагатай хүн удирдана гэж зааж өгсөн байгаа. Хууль дүрэм нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хийх ажлын хэсгийг гаргасан гэв.
Энэ талаар өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан ярихдаа "Сургууль, болоод цэцэрлэгийн удирдлагууд аль намаас угшилтайгаас хамаарч багш ажилчидаа өөрийн намд санал өгүүлэх суртал ухуулагыг сайтар хийнэ. Цаашлаад сурагчдын эцэг эхийг ч энэ үйл ажиллагаандаа ил далд хэлбэрээр татан оролцуулдаг. Үндсэн үүрэгт ажлаа сонгуулийн үеэр умартаж, үүрийн дарга шиг л ажилладаг. Цаашлаад ялалт байгуулвал байрандаа үлдэж, ялагдал хүлээвэл ажлаасаа халагддаг бичигдээгүй хуультай байв.
Тухайлбал, 2017 онд батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн өөрчлөлтийн дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг тухайн харьяаны засаг дарга нь томилдог хууль үйлчилж байна.
Тэгэхээр үүнд босоо тогтолцоог бий болгох үүднээс тухайн яамнаас сонгон шалгаруулалтыг хийж, удирдлагад тавигдах шалгуурыг хангасан хүнийг л тухайн аймгийн боловсролын газраас томилдог байдлаар хуулийн зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших бол тухайн ажлаа тодорхой хугацааны өмнө хүлээлгэж өгсөн байх шаардлагатай байдаг. Гэтэл энэ нь боловсролын салбарын удирдлагад үйлчилдэггүй, тэд сонгуульд шууд оролцдог байсан. Тэгвэл эдгээр асуудлыг Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгаар засч, залруулж байгаа" гэдгийг хэлж байв.
Сүүлийн 5-6 сонгуулийн дараах байдлыг авч үзвэл сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн 70-80 хувь нь солигддог.
Тухайн аймаг, суманд аль нам ялалт байгуулснаас шалтгаалж тухайн намын боловсон хүчнүүд сургууль, цэцэрлэгийг удирддаг байсан. Энэ бол цэвэр улстөрийн томилгоо байсан. Тийм учраас энэ байдлыг цогцоор нь өөрчилж шатлан дэвшдэг, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сургууль, цээцрлэгийн удирдлагаар томилно. Монгол Улс төрийн өмч 1000 орчим цэцэрлэг, 700 орчим ерөнхий боловсролын сургуультай. Одоо энэ бүх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг аттестачилна.
Холбоотой мэдээ