Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников албан тушаалаа хүлээлгэн өгч, Их Британид суух Украины Элчин сайдаар томилогдож байна. Харин түүний оронд Украины Төрийн өмчийн сангийн тэргүүн Рустем Умеров Батлан хамгаалахын сайд болно.
Сэлгээг есдүгээр сарын эхний долоо хоногт багтаах аж.
Резниковыг Их Британид суух Элчин сайд болно гэсэн цуу яриа хэсэг хугацааны өмнөөс гарсан ч Украины Гадаад хэргийн яам няцааж байсан. Авлигын дуулиантай холбоотой асуудлаар Резников огцорч магадгүй гэх цуурхал энэ оны хоёрдугаар сараас эхлэн таржээ. Тухайн үед Резниковыг Стратегийн аж үйлдвэрийн яаманд шилжүүлж, оронд нь Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирило Будановыг томилно гэж яригдаж байв.
Батлан хамгаалах яам 2022 оны намар Туркийн компанитай өвлийн хувцас нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэвч энэ хувцаснуудын өртөг сүүлд нь гурав дахин нэмэгдсэн тухай мөрдөн байцаалтын материалд дурджээ.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE