Тойм: Түүх, соёл, ёс заншил нь Ромын Папыг Монгол руу татсан

Хуучирсан мэдээ: 2023.09.02-нд нийтлэгдсэн

Тойм: Түүх, соёл, ёс заншил нь Ромын Папыг Монгол руу татсан

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"Х.БАТТУЛГАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ТУСГААРЛАСНЫГ БИ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА"

Хууль зүйн сайд Х.Нямбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хоёулаа ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлье. Улаанбаатарт үерийн гамшиг нүүрлэж, олон иргэн амь, нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. Энэ бүхний буруутан нь нийслэл дэх газар олголт, түүнийг дагасан авлига хээл хахуулийн асуудал болох нь тодорхой. Тэгэхээр газрын авлигын асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юу. Жишээ нь, “авлига хороолол”-ыг нураах асуудлаар Ерөнхий сайд шүүгчдийн авлигыг хөндсөн. Та бүхний авлигалтай хийх тэмцэл үр дүнгээ өгч байна уу?

-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр үүрэг чиглэл өгсөн. Өнөөдрөөс эхлээд нийслэл Улаанбаатар хотод газар олголтыг түр хугацаанд зогсоож, энэ хугацаанд Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д оруулж ирэхийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон надад даалгасан. “Авлига хороолол”-той холбоотой асуудлаар хэд хэдэн мэдээлэл харсан. 2007 оны үед Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдож, дараа нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай болоод,  зориулалт байршил нь өөрчлөгдөж, барилгын ажил нь эхэлсэн үе шатуудтай юм билээ. Дунд голын усны урсац, ай савд нөлөөлөхүйц шийдвэр хэдийд гарсан бэ гэхээр 2015 онд барилга хот байгуулалтын сайд болон Байгаль орчны сайдын хамтарсан тушаалаар Усны тухай хуулийг зөрчиж журамд өөрчлөлт гаргаж, уг журмаар 100 метрийг 50 метр болгож хэмжээг нь багасгасан. Үүнээс шалтгаалаад уг барилга баригдах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн юм билээ. Саяхан Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг ярилцаж Барилга хот байгуулалтын сайд Байгаль орчин аялал жуулчлалын сайд нар 2015 оны журмыг өөрчилсөн.

-Та энэ асуултыг хотын дарга нараас л асуух ёстой биш үү. Барилга барьсан хувийн хэвшлийнхнийг буруутгахаас илүү барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад эхлээд хариуцлага тооцохыг иргэд шаардаж байгаа шүү дээ? 

-АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаад явж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж байгаа байх.  Дээрх асуудлыг Д.Сумъяабазар даргаас асуух хэрэгтэй. Надтай холбоогүй. Одоо хоёулаа эдийн засгийн том төсөл хөтөлбөрөө яръя.

-За тэгье. Францын ерөнхийлөгч Э.Макроны айлчлалаар хоёр улсын ураны төслийг идэвхжүүлэх асуудал яригдсан. Энэ тал дээр ахиц гарч байна уу. Одоо “Орона” групптэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил ямар шатандаа байна вэ. Та "Орона"-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг ахлаж байгаа хүний хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Францын ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар айлчлах үеэрээ “Монгол Улсын төрийн өмчит компани Монголд 1997 оноос хойш ураны салбарт хайгуул хийж, ТЭЗҮ боловсрууллаа. Багагүй хугацаа өнгөрсөн. Тиймээс цаашид хамтарч тогтортой олборлолт хийх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлаар танайх ямар байр суурьтай байна вэ” гэдэг зүйлийг илэрхийлсэн. Уулзалтын үеэр цаашид “Орона” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тал дээр ажлын хэсэг гарган ажиллахаар болж, миний бие ажлын хэсгийг ахалж  байна. Ураны салбарын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд хэдэн удаа мэдээлэл хийсэн. Бид цөмийн түлш үйлдвэрлэх гээд байгаа улс биш. Зүгээр л хөрсөнд байгаа шар нунтаг, хар нунтгийг гаргаж дэлхийн зах зээлд худалдаалах тухай асуудал юм. Энэ бол манайд туршилтын үйлдвэр, хайгуулын ажил нь хийгдсэн, ТЭЗҮ нь батлагдсан төслийг цаашаа явуулахад Монгол Улсын Засгийн газар энэ төсөл дээр ямархуу оролцоотой оролцох уу, хувь нийлэх үү, эсвэл хувь нийлэхгүй эзний татвар авах уу гэдэг санхүүгийн санхүүгийн загвар боловсруулах ажил яригдаж байгаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ МАШ ЭМЗЭГ САЛБАР"

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт, аялал жуулчлалын танхимын эрхлэгч Д.Батболдтой ярилцлаа.


-Цар тахлын үед аялал жуулчлалын салбар тэг зогссон. Харин энэ жилээс эргэн сэргэж, төр засгаас ч бодлогоор дэмжиж байна. Аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Төрийн бодлоготойгоо уялдаж чадаж байна уу?

-Дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар цар тахлын үеэр хамгийн хүнд цохилтыг авсан. Тиймээс яаж салбараа сэргээх вэ гэдэг стратеги, шинэ тактикуудыг боловсруулж эхэлсэн. Монгол Улсын хувьд ч ялгаагүй аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд Засгийн газраас ойрын гурван жилийг "Монголд зочлох жил" болгон зарлалаа. Энэ жилийн тухайд нэг сая гадаад жуулчин хүлээж авна гэдэг зорилтыг тавиад ажиллаж байна.

Үүний хүрээнд зарим тодорхой үр дүнгүүд гарч, Монголыг зорин ирэх гадаад жуулчдын тоо 2019 оных руу дөхсөн. Энэ жилдээ хараахан нэг сая жуулчин хүлээж авах боломжгүй.

Хүн хүч, дэд бүтэц, бэлтгэл ажил их байгаа учраас яваандаа энэ тоонд хүрэх боломжтой. Гадаад геополитикийн хүчин зүйл хоёр талтай нөлөөлж буй. Сүүлийн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зах зээлээ нарийвчлан судалж байна. Жишээлбэл, Хятад, Өмнөд Солонгосын жуулчид эрс нэмэгдсэн нь харагдаж байна.

-Та энэ зун хөдөө явсан уу. Гадаад жуулчин хэр таарав?

-Монголд ойрын хэдэн жил жуулчдын бараа бага байсан. Энэ жил хаана ч явсан гадаад жуулчин маш их байна. Хотын төв, нисэх буудал, хөдөө нутаг гэх мэт. Ялангуяа Өмнөд Солонгосын жуулчдын урсгал эрс нэмэгдсэн. Оросын жуулчид бас их нэмэгдсэн.

Жуулчин гэхээр Монголын хөдөө нутаг үзэхийг хүсдэг гэж ойлгох нь бий. Жуулчид зорилгоосоо хамаарч албан ажил, соёл урлаг, спортын төрлөөр ирдэг. Хөдөө орон нутагт байгалийн үзэсгэлэнт газар очиж, уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлд татагдаж буй хүмүүсийн урсгал нэмэгдсэн харагдаж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ТҮҮХ, СОЁЛ, ЁС ЗАНШИЛ НЬ РОМЫН ПАПЫГ МОНГОЛ РУУ ТАТСАН" 

Монгол Улсын Улаанбаатар хот дахь Апостолик тэргүүн, Кардинал Жиоржио Маренготой Ромын Пап Францисын айлчлалын талаар ярилцлаа.


-Та сайхан намаржиж байна уу. Ромын Пап Францис Монгол Улсад анх удаагаа айлчлах гэж байна. Бэлтгэл ажил гээд тун завгүй байна уу?

-Сайхан. Та сайхан намаржиж байна уу. Түүхэн айлчлалын бэлтгэл ажил их, маш завгүй хичээн ажиллаж байна. Ромын пап Францис маань  Италийн цагаар наймдугаар сарын 31-ний өдөр нисч, Монголд есдүгээр сарын 1-нд газардана.

Тэгээд есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад анх удаа албан айлчлал хийх гэж байна.

Албан айлчлалтай холбоотойгоор ажлын хэсэг гарч, эв нэгдэлтэй ажиллаж байгаа. Монгол Улсын төрийн талаас Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан бидэнтэй гар нийлэн ажиллаж байна. Манай Монгол дахь Ватиканы төлөөлөгчийн газраас бас хүмүүс томилон ажиллаж байна.

-Ромын Пап Францисын айлчлал дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа.  Монгол Улсад гэгээн ширээт айлчлал хийж байгаа түүхэн бөгөөд эв нэгдлийн бэлгэ тэмдгийг агуулж буй. Энэхүү айлчлалыг та юу гэж харж байна?

-Түүхэнд Гэгээн ширээт улс болон Монгол Улс хоорондын дипломат харилцаа урт удаан түүхтэй байж ирсэн. Тэртээ XIII зууны үед 800 жилийн өмнө Дөрөвдүгээр Иннокент Пап лам өөрийн төлөөлөгчөө Монголын Эзэнт гүрэн рүү илгээсэн. Итали гаралтай Плано Карпини гэдэг хүн Францын Лион хотоос гарч, жил хагасын дараа Хархорумд ирж Ромын Папын захидлыг өгсөн байдаг.

Тэр хүн Монголд хөл тавьсан баруун орны анхны төлөөлөгч байсан бөгөөд католик буюу загалмайн шашны санваартан байсан.

Тэр төлөөлөгчийн захидлыг Гүег хаан хүлээн авч албан ёсны хариуг Пап ламд илгээсэн байдаг. Тэр цагаас хойш пап ламын монгол хаадуудтай тогтоосон албан ёсны харилцаа эхэлсэн гэж үздэг. Тэр цагаас хойш Ромын Пап Монголд өөрийн биеэр хөл тавих боломж гараагүй. Тиймээс энэ түүхэн айлчлал өвөрмөц, гүн гүнзгий утгатай айлчлал болж байгаа юм. Ромын Пап Францис Монголд төрийн бас шашны тэргүүнээр албан ёсны айлчлалаа хийх гэж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"БИ ХЯТАДЫГ ҮГҮЙСГЭЭГҮЙ…"

2020 оноос Өвөр Монголд хэрэгжиж эхэлсэн “Хос хэлний бодлого”–ын үндсэн дээр бий болсон дэлхий даяар Монгол хэл, соёл, элэг нэгт ахан дүүсийнхээ төлөө нэгдсэн Монгол үндэстний 20 мянга орчим гишүүд дэмжигчид бүхий нийгмийн хэрэгцээ шаардлагаар үүссэн "Эх хэлээ аваръя!" хөдөлгөөний гурван жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд "Дэлхийн Монголчуудын холбоо"-ны нэгдсэн зөвлөлийн гишүүн, зохиолч Л.Пүрэвдоржтой ярилцлаа.


-"Эх хэлээ аваръя!" хөдөлгөөнийг үүсгэн байгуулах болсон шалтгаан, уриалга дэвшүүлсэн гол агуулгын талаар танилцуулбал?

-Гурван жилийн өмнө энэхүү хөдөлгөөнийг хэн нэгний биш 100 хувь олон нийтийн санаачилгаар байгуулж байлаа. Зохиолчид, нийгмийн зүтгэлтнүүд, залуучууд голлон нэгдэж эх хэлний соёл, дархлааны төлөө сэтгэл нэгдсэн гэдэг утгаараа бусад төсөөт хөдөлгөөнөөс ялгаатай. Хөдөлгөөний дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа нь "Эх хэлээ аваръя!" хөдөлгөөн ирээдүйп чиглэсэн гэдгийг харуулж байна.

Эх хэл, үндэсний бичгийнхээ төлөө залуучууд нэгдэж байгаа нь Монголд ардчилал гарч, үг хэлэх, эх орныхоо төлөө тэмцдэг, үйл хэрэг бүтээдэг эрх чөлөөтэй болсны үр дүн.

Байгуулагдсан цагаасаа хойш бид олон ажлыг хийсэн. Гэвч зарим хүн энэхүү хөдөлгөөнийг гадаадын санхүүжилттэй гэж харддаг. Дахин хэлэхэд бид хэн нэгний захиалгаар, улс төрийн нөлөөллөөр энэ ажлыг хийдэггүй. Угтаа бол энэхүү эх хэлнийхээ төлөө нэгдсэн хөдөлгөөн бол монголоо гэсэн сэтгэлтэй, монголынхоо соёл иргэншил, тэр дундаа хэл бичгийнхээ соёлд анхаарч буй залуусын хөдөлгөөн болж бойжиж  насанд хүрч байна.

-Өнөөдрийг хүртэл эх хэлний соёл, үндэсний бичгийнхээ төлөө хийсэн томоохон ажлуудаас онцолбол та юуг нэрлэх вэ?

-Дэлхийд олон хэл бий. НҮБ-ын албан ёсны хэл болох Англи, Франц, Испани, Орос, Хятад хэл гээд дурдвал бүгд л онцлогтой. Харин Монгол хэл эдгээр хэлнүүдээс ялгарах өвөрмөц шинжтэй. Судалгаа, шинжилгээгээр батлагдаагүй ч монгол хэл хоёр онцлогтой. Нэгдүгээрт, үйл үгийн сан. Харьцуулж үзвэл, Орос хэлнээс гэхэд үйл үгийн сан хоёр дахин их. Хоёрдугаарт, монгол хэл маш тансаг найруулгатай. Эрхэмсэг дээд найруулгаас гадна бичгийн өвөрмөц хэлбэртэй.

Эрдэмтэд монгол хэлний онцлогийг олон янзаар тайлбарладаг ч баялаг найруулгатайд хэн ч маргадаггүй. Монгол хэлийг хэрэглэдэг эзэн үндэстэн нь нүүдэлчин. Байгаль дотроо байдаг үй түмэн зүйлсийг нүдээр харж, дүрсэлж, илэрхийлдэг учир үгсийн сан тэр дотроо үйл үгийн сан баялаг. Тиймдээ ч монгол хэлний баялаг сан шавхагдашгүй.

Дараагийн нэг зүйл бол найруулга. Найруулга тансаг байгаагийн илрэл нь бичиг, үсэг. Монгол өөрийн бичигтэй болоод 2000 жил болж байна. Ийм хэл бичиг дэлхийд ховор. Оросын тухайд криль бичгийг аваад 1000 гаруй жил болж байгаа. Тэгэхээр өөрсдөө бичиг, үсэгтэй байсан учраас монгол хэлний найруулга баялаг байдаг учиртай.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж