Украины бүтээсэн алсын тусгалын зэвсэг 700 километрийн зайнаас Орос дахь байг амжилттай оносон тухай ерөнхийлөгч Зеленский мэдэгдэв. Зеленский дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Украинаас Оросын Псков хүртэл 700 км зайтай. Эргэн сануулахад, наймдугаар сарын 30-ны үүрээр Псковын агаарын баазын орчимд дэлбэрэлт болсон талаар бид мэдээлсэн билээ. Уг дэлбэрэлтийн улмаас цэргийн тээврийн дөрвөн Ил-76 онгоц гэмтсэн.
Үүнээс өмнө наймдугаар сарын 28-нд Зеленский Украин улс өөрийн зэвсэг үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, их буу, сум, нисгэгчгүй онгоц, пуужин, хуягт машин үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж мэдэгджээ.
“Украин дотооддоо үйлдвэрлэсэн 1000 км-ийн тусгалтай нисгэгчгүй онгоцоо амжилттай байрлууллаа. Энэ нь Москва хүрэх боломжтой” гэж Украины албаны хүн зургадугаар сард мөн мэдэгдсэн. “Барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг зөвхөн Украины нутаг дэвсгэрт ашиглах болно гэж Украин удаа дараалан мэдэгдсэн. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэсэн зэвсгийг ОХУ-ын эсрэг ашиглахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй” гэж Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Олексий Данилов хэллээ.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE