Ираны хүндийн өргөлтийн мэргэжлийн тамирчин олон улсын тэмцээний үеэр өрсөлдөгч Израилийн тамирчинтай гар барьснаас болж бүх насаараа хориг тавиулжээ. 36 настай Мустафа Ражаи энэ долоо хоногт Польш улсад болсон Мастер хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Израилийн тамирчин Максим Свирскийтэй гар барьж буй бичлэг нь цацагдсаны дараа Ираны албаныхан түүнд хориг тавьсан байна.
Тэрбээр тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн ч бүх спортоор хичээллэх эрхээ бүх насаар нь хасуулсан байна. Ираны хүндийн өргөлтийн холбооны тэргүүн түүний үйлдлийг "хүлээн зөвшөөрч боломгүй, уучлашгүй" гэж тодорхойлжээ. Түүнчлэн Ираны багийг удирдан авч явсан Хамид Салехиниаг ажлаас нь халсан байна.
Иран нь Израилийг улс гэж тооцдоггүй бөгөөд тогтмол дайсагнасан мэдэгдлийг албаныхан хийдэг. Ираны тамирчдыг израильчуудтай өрсөлдөхийг засгийн газраас удаан хугацаагаар хориглож ирсэн.
Тухайлбал, 2019 онд Ираны жүдоч Саид Моллаэйг Израилийн өрсөлдөгчтэй таарахгүйн тулд Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос татгалзахыг Тегераны албаныхан тушаасан байв. Энэ хэрэг 2021 онд ил болсноор Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираныг дөрвөн жилээр тэмцээнд оролцох эрхийг нь хассан.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ