Өмнөд Солонгосын гол сөрөг хүчний тэргүүн өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлажээ. Өмнөд Солонгосын Ардчилсан намын дарга И Жэ Мён Засгийн газрын бодлого, тэр дундаа Фүкүшимагийн цацрагийн бохирдолтой усыг Номхон далайд асгах Японы шийдвэрт идэвхгүй байр суурь барьж байгааг нь хүчтэй эсэргүүцэж байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын эдийн засгийн буруу менежмент, хагалан бутаргах улс төр, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлсэн заналхийлэл, өнгөрсөн аравдугаар сард Итэвонд болсон гунигт үйл явдлын төлөө хариуцлага хүлээгээгүй байдал зэрэгт хариулт шаарджээ. Тэрбээр хэвлэлийн хурал зарлан өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн бөгөөд хэр удаан үргэлжлэхийг хэлээгүй.
Хэдийгээр Өмнөд Солонгосын улстөрчид өөрсдийн байр сууриа илэрхийлэхийн тулд өлсгөлөн зарлах нь цөөнгүй ч томоохон намын дарга ийм хүчтэй эсэргүүцэл үзүүлэх нь ховор.
Өмнөд Солонгосын засгийн газар нь Фүкүшимагийн усыг далайд асгах төлөвлөгөөг шууд эсэргүүцсэн Хятадаас ялгаатай нь Японы үйлдлийг дэмжихгүй, санал нийлэхгүй гэж мэдэгджээ. "Gallup" судалгааны байгууллагын өнөөдөр нийтэлсэн санал асуулгаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын рейтинг бага зэрэг буурч, 34 хувь болсон ба гадаад бодлого, Фүкүшимагийн усны асуудал зэрэг нь түүний үнэлгээ буурах шалтгаан болсон байна.
Сөрөг хүчний удирдагч И Жэ Мён өнгөрсөн удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Тэрбээр энэ оны эхээр залилангийн хэргээр яллагдагчаар татагдсан бөгөөд саяхнаас Хойд Солонгос руу хууль бус мөнгө шилжүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа компанитай холбоотой гуравдагч этгээдээс авлига авсан хэргээр яллагдагчаар татагдсан юм.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ