Хятад улс 2023 оны шинэ стандарт газрын зургаа танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Шинэ газрын зурагт Гималайн нурууны Аксай Чин өндөрлөг болон Аруначал Прадеш мужийн нутаг дэвсгэр багтсан нь Энэтхэгтэй маргаан дэгдээсэн билээ.
Өмнөд Хятадын тэнгисийн өргөн цар хүрээг харуулсан шинэ газрын зургийг Энэтхэгээс гадна Филиппин, Малайз улс хүлээн зөвшөөрөхгүй байна. Малайз улс Лхагва гаригт Сабах, Саравак орчмын усны асуудлаар Хятадын нэг талын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан мэдэгдэл хийсэн. Бруней, Вьетнам, Тайвань ч бас Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт Хятадтай маргаантай байна.
"Филиппиний нутаг дэвсгэр, далайн бүс дэх бүрэн эрх, харьяаллыг хууль ёсны болгох гэсэн энэ оролдлого нь олон улсын эрх зүй, ялангуяа НҮБ-ын 1982 оны Далайн хуулийн конвенцийн дагуу ямар ч үндэслэлгүй" гэж Филиппиний Гадаад хэргийн яам мэдэгджээ. Мөн Бээжинг хариуцлагатай байж, НҮБ болон 2016 оны олон улсын арбитрын шийдвэрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриаллаа.
Филиппиний мэдэгдлийн эсрэг Хятадын тал хариу өгөхдөө "Газрын зургийн дүрэм журмын дагуу ашиглахад олон нийтийг сургах зорилгоор жил бүр өөр өөр стандарт газрын зураг гаргадаг. Холбогдох талууд үүнийг бодитой, оновчтойгоор харж чадна гэж найдаж байна" гэсэн байна. Шинэ газрын зурагт Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь Хятадын нутаг дэвсгэр гэж үзжээ. Маргаантай бүсэд Хятад, Филиппиний харилцаа сүүлийн үед улам хурцадсан.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ