Цахим хуудаст энэ долоо хоногт өсвөр насны хүүхдүүд найзуудаараа нийлж зарын дагуу, замын брожурын ажил хийсэн ч цалинг нь өгөхгүй байгаа талаар мэдээлсэн. Ингэхдээ ажил олгогч гэх эмэгтэй хүүхдүүдийн цалинг өгөх гэсэн ч тухайн ажлыг нь хүлээж авахгүй, төсөв нь орж ирээгүй учраас хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй. Цалинг нь өгөхгүй байлаа гээд өөрийнх нь эд зүйл, машинд халдаж, эвдэж сүйтгэж болохгүй гэдгийг бухимдалтайгаар илэрхийлсэн. Энэ үеийн бичлэгийг цалингаа авах гэж тухайн эмэгтэйд удаа дараа хандсан хүү өөрийн цахим хуудастаа нийтэлсэн билээ. Тэгвэл тухайн хүүхэд болон ажил олгогчоос нөхцөл байдлын талаар тодрууллаа.
У.ЧОЙНОМ: МИНИЙ БОЛОН ГЭР БҮЛИЙНХНИЙ МИНЬ ДУГААРЫГ БЛОКЛОСОН
Зарын дагуу ажил хийсэн гэх хүүг У.Чойном гэдэг. Түүний хувьд 16 настай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хоёрдугаар дамжааны оюутан. Түүнтэй холбогдож, ямар учир шалтгааны улмаас ажилласан хоногийн цалингаа авч чадахгүй байгааг асуусан юм. Тэрбээр, би найзуудтайгаа зарын дагуу брожур хийх ажил цалин өндөр учраас сонгосон. Ханын материалын эцсийн замын явган хүний замын брожурыг хийсэн байгаа. Анх дөрвөн найзтайгаа очиход, өмнө нь ажиллаж байсан гурван хүүхдийг ажиллаж чадахгүй байна гээд буцаасан.
Өдрийн цалин нь 70-80 мянган төгрөг. Гурав хоногийн дараа өгнө гэж байсан. Хоол өдөртөө өгнө, хоолны мөнгө хасна гэж хэлээгүй.
Бид хэд гурав дахь өдөртөө цалингаа асуусан чинь тав хоногийн дараа олгоно гэсэн. Тэгээд тав дахь хоногтоо дахин асуухад одоогоор мөнгө ороогүй байна. Хэд хоногоос ажилласан хоногийн цалинг минь өгнө гэсэн. Хоёр найз маань 140 мянган төгрөгийн цалин авсан уржигдар нэг найз руу минь бас 80 мянган төгрөг өгсөн байсан. Тэгээд залгаад тэр бичлэгний доор цалингаа авсан гэж бичээд өгөөч гэж хэлсэн байна лээ. Харин над руу залгаагүй.
Би цагдаагийн байгууллагад хандахад гомдлоо шүүхэд гарга гэсэн.
Тэгээд цалингаа өгөх байлгүйдээ гээд хүлээгээд байсан ч хоног хожоод, цалинг маань өгөхгүй байгаа. Арга ядаад гэрийнх нь үүдэнд очиж цалингаа асуугаад бичлэг хийсэн. Бичлэг цахим хуудаст тавьсан өдөр надтай холбогдсон. Цалинг чинь өгөхгүй гээгүй гэсэн.
Өнөөдөр ээж рүү залгаад олон нийтийн сүлжээнд бичлэг тавьж нэр төрд минь халдсан. Нэр төрөө сэргээлгэнэ, хүүхдийн чинь цалинг өгөхгүй гэж хэлсэн.
Миний хувьд ажил хийсэн цалингаа л авахыг хүсэхэд удаа дараа бүдүүлэг хандаж, үг хэлээр доромжилсон. Тиймээс цахим хуудаст бичлэг тавьж, үе тэнгийнхээ бусад хүүхдүүдэд сэрэмжлүүлэх нь зөв гэж бодоод тухайн бичлэгийг нийтэлсэн.
Н.УНДАРМАА: МИНИЙ НЭР ХҮНДЭД ХАЛДСАН Ч ТУХАЙН ХҮҮХДИЙН ЦАЛИНГ ӨГНӨ
Бид мөн тухайн бичлэг дээр бухимдлаа илэрхийлж буй ажил олгогчтой холбогдлоо. н.Ундармаа "Бичлэгийг олон хүн үзэж, сэтгэгдлээ маш олон янзаар илэрхийлсэн байсан. Бичлэг дээр зөвхөн намайг харуулж, хүмүүсийн дургүйцлийг төрүүлэхээр гаргасан байна лээ. Би тухайн хүүхдэд хандаж өчнөөн учирласан.
Ажлаа хүлээлгэж өгөөд төсөв санхүү нь болчихвол 210 мянган төгрөгийн цалинг нь шууд өгнө. Түр хүлээж байгаач, хичээл орохоос өмнө өгнө гэсэн.
Үндсэн ажил нь тийм ч хүнд ажил байгаагүй. Ханын материалын эцсийн замд явган хүний замын 400 брожур гүйцэтгэх байсан. Би хүүхдүүдийг ирэхэд насанд хүрээгүй бол ажиллуулахгүй гэдгээ тодорхой хэлсэн. Гэтэл та И-Монголиа руу ороод харахад болно. Бид хэд насанд хүрсэн гэсэн. Тэгээд эхний өдрөө дөрвүүлээ ирэхэд нь хоёрыг нь ажиллуулахгүй гэдгээ хэлж, буцаахыг тухайн хүүгээс хүссэн. Гэтэл бөөнөөрөө ажиллаж чадна аа гээд л үлдсэн. Тухайн ажлын хөлс нь орж ирээгүй түр хүлээгдэх байсан учраас би хүүхдүүдээс түр хүлээгээч гэж хүссэн нь үнэн. Гэхдээ тухайн бичлэг дээрх үйл явдлаар хүмүүс шууд дүгнэж намайг их харааж, зүхсэн.
Гудамжинд явж байхад нь нь чулуу шид, машиныг нь мөргө, дугуйг нь салга гэхчилэн маш их доромжууд ирж, найзууд, гэр бүлийнхэн, хамтарч ажилладаг хүмүүс маань ч харсан байсан.
Би одоо нэр төрөө сэргээлгэхийг л хүсч байна. Түүний дараа хүүгийн цалинг өгнө. Одоо ганцхан тэр хүүгийн цалинг л өгөөгүй байгаа" гэлээ.
Холбоотой мэдээ