Орос, Хойд Солонгосын нууц хэлэлцээр

Хуучирсан мэдээ: 2023.09.01-нд нийтлэгдсэн

Орос, Хойд Солонгосын нууц хэлэлцээр

Орос, Хойд Солонгосын нууц хэлэлцээр

Украин дахь дайныг эрчимжүүлэх зорилгоор ОХУ зэвсэг хэрэгсэл, түүхий эдийн хайгуулд эрчимтэй гарчээ. Тэдний хамгийн сүүлийн үеийн төлөвлөгөөний дагуу Хойд Солонгос, ОХУ хоорондын зэвсэг нийлүүлэх нууц хэлэлцээ урагштай байгаа аж. Энэ талаар Цагаан ордны дээд албан тушаалтан энэ долоо хоногт мэдэгдлээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сард их бууны сум худалдахыг ятгахаар Хойд Солонгост очсон гэж АНУ мэдээлсэн. Сергей Шойгугийн айлчлал Пёньянд болсон сүр дуулиантай цэргийн парадтай давхацжээ. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар айлчлалын дараа хоёр орны хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээ амлаж, харилцан захидал солилцож байсныг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдэв.

Мөн Шойгугийн дараа Оросын өөр албан тушаалтнууд хоёр улсын хоорондын боломжит зэвсгийн наймааны талаар хэлэлцэхээр Хойд Солонгост очсоныг Жон Кирби мөн мэдэгдлээ. Ирэх саруудад хийгдэх эдгээр хэлэлцээрийн дагуу ОХУ нь Хойд Солонгосоос их хэмжээний бөгөөд олон төрлийн зэвсэг хүлээн авах аж.

Оросын арми энэ зэвсгийг мэдээж Украинд ашиглахаар төлөвлөж байна. Мөн Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн баазыг дэмжих түүхий эдийг нийлүүлэх зэрэг боломжит хэлэлцээр үүнд багтана.

Дайн эхэлснээс хойш ОХУ нь Хойд Солонгос зэрэг зарим улсаас аюулгүй байдал, тэр дундаа зэр зэвсгийн тусламж хүссээр ирсэн. Энэ үйлдлийг нь Байдены засаг захиргаа байнга буруутгахын зэрэгцээ Путины цөхрөлтэй холбон тайлбарладаг. Мөн энэ нь АНУ болон барууныхны Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээтэй салшгүй холботой.

Хойд Солонгосоос гадна Оросыг дэмжигч өөр нэг улс бол Иран. Украины хотууд болон иргэний дэд бүтцэд халдлага үйлдэхэд ашигладаг олон мянган тэсрэх дроныг Иранаас ОХУ-д нийлүүлсэн.

Хойд Солонгос улс ОХУ-ын үндсэн армиас гадна “Вагнер” бүлэгт пуужин нийлүүлсэн гэх мэдээлэл мөн энэ оны эхээр гарсан. Хэдэн сарын дараа ОХУ энэ тусламжийн хариуд ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгост хүнс нийлүүлснийг Цагаан ордон илчилжээ.

Украины арми Оросын харвасан пуужингийн хэлтэрхий, үлдэгдлийг шинжлээд Хойд Солонгосынх байна гэж дүгнэсэн. Дараа нь үүнийгээ Оросын армийн эсрэг ашигласан гэж мэдэгджээ. Хойд Солонгос улс Орост зэвсэг худалдахгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч яриа хэлэлцээр үргэлжилж байгаад санаа зовж буйгаа АНУ илэрхийлж байна. Хоёр улс хоорондын зэвсгийн наймаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл болох юм.

“Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ОХУ-тай зэвсэг нийлүүлэх хэлэлцээрээ зогсоож, зэвсэг нийлүүлэхгүй, худалдахгүй гэсэн амлалтаа биелүүлэхийг Хойд Солонгост уриалж байна. ОХУ, Хойд Солонгос хоорондын зэвсгийн наймааг хөнгөвчлөхийн төлөө ажиллаж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авна” гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдлээ.

АНУ-ын Сангийн яам энэ оны гуравдугаар сард Хойд Солонгос, ОХУ-ын хооронд зэвсгийн наймаа хийхийг оролдсон Словак улсын иргэнд хориг арга хэмжээ авчээ. Энэ нь ОХУ арилжааны нисэх онгоц, түүхий эд болон бусад бараа бүтээгдэхүүний оронд Хойд Солонгосоос зэвсэг, сум авах наймаа байсан. “Энэ хүний төлөвлөсөн зэвсгийн наймааны схемийг харахад Путин Иран, Хойд Солонгос зэрэг хамгийн сүүлийн арга болсон нийлүүлэгчид рүү хандаж байна” гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен тухайн үед хэлжээ.

Украины арми өдгөө нутгийн зүүн болон өмнөд хэсэгт ширүүн сөрөг довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. Тиймээс ОХУ бусад орноос цэргийн дэмжлэг авах арга зам тасралтгүй эрэлхийлсээр байгааг Байдены засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гаригт анхаарууллаа.

Украины тал ахиц муутай байна гэж барууны зарим албан тушаалтан шүүмжилж байгаа ч Вашингтон болон НАТО-ийн холбоотнууд Киевт цэргийн дэмжлэг үзүүлэх амлалтаа дахин бататгав. Энэ хүрээнд Пентагон энэ долоо хоногийн эхээр 250 сая ам.долларын аюулгүй байдлын тусламжийн багцыг шинээр зарлалаа. Үүнд агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт шинэ систем, сум, мина цэвэрлэх тоног төхөөрөмж багтжээ. Москвагийн хамгаалалтын шугам нь минатай талбай, хуяг эсэргүүцэх саад, суваг шуудуунаас бүрдэнэ. Үүнтэй холбоотойгоор Украины арми хурдацтай давшиж чадахгүй байгаа тул мина цэвэрлэх тоног төхөөрөмж сэлт нь зайлшгүй шаардлагатай тусламж юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж