Л.Гантөмөрийн СОНГУУЛИЙН СТРАТЕГИ

Хуучирсан мэдээ: 2023.09.01-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөрийн СОНГУУЛИЙН СТРАТЕГИ

Л.Гантөмөрийн СОНГУУЛИЙН СТРАТЕГИ

1. Л.Гантөмөртэй хамт АН-ыг ирэх сонгуулиар удирдах, ялсан нөхцөлд ямба эдлэх, ялагдсан тохиолдолд ялыг нь үүрэлцэх 16 даргаа АН сонгов. С.Баярцогт ба бусад 15 даргын томилгоо цэвэр Л.Гантөмөрийн өөрийнх нь сонголт биш болох нь мэдээж. Л.Гантөмөрийн “халааснаасаа” гаргаж ирсэн нэрсийг харахад нам дахь фракцуудынхаа тэнцвэрийг хангахад тэрбээр голчлон анхаарчээ.

Анхнаасаа таван намын нэгдэл дээр суурилсан АН хэзээнээсээ олон фракцтай. Үүнийгээ дотоод ардчилал гэх үгээр тайлбарлана.  Одоогоор сөрөг хүчин дотор “Нэг Монгол”, “Морьтон”, “Monde”, “Хийморь”, “Од” гээд арав гаруй фракц шинээр мэндэлсэн. Аль ч намд үзэл бодлоороо нэгдсэн фракцууд мэндэлдэг нь эрүүл үзэгдэл гэх нь бий. Гэхдээ АН-ын фракцуудынх нь хэрүүл намынх нь төдийгүй Монголын зовлон болж хувирдаг. Тиймээс бүгдийнх нь амбийц, ашиг сонирхлыг нэгтгэж чадахгүй бол Л.Гантөмөр гартаа байгаа “хальсгүй өндөг”-өө хагалах аюултай.

2. Өнгөцхөн дүгнэвэл 15 хүн албан тушаалд очсон гэж харагдана. Гэвчиг Л.Гантөмөрийн сонгуулийн стратегийн эхлэл нь энэхүү томилгоо байлаа. Нэг талаас АН 15 дэд даргатай болж "зуун ямаанд 60 ухна" гэгч харагдаж байгаа. Гэхдээ АН 15 даргатай болж байгаа юм биш 15 менежерээ томилж байгаа юм. Нам дахь эрх мэдлээ фракцууддаа тэгш хүртээмжтэй хуваасан нь Л.Гантөмөрийн АН-ыг лидерийн биш бодлогын нам, дарга төвтэй биш бодлого төвтэй болгох стратеги нь гэж харагдав, уншигдав. Мөн С.Баярцогт ба Х.Баттулга гэх хоёр хүний зөрчил АН-ыг арав, хорь хуваахаас сэргийлсэн арга тактик нь байх нь гарцаагүй. Ядаж эдгээр 15 хүн намын бодлогоосоо гажиж, хувийн тоглолт хийх боломжгүй болж байна. Үүнээс харахад Х.Баттулга АН-ын атгаж байгаа юм биш Л.Гантөмөр Х.Баттулгын барьцыг тавиулж байна. Нөхрөө ойр байлга, дайснаа бүр ойр байлга гэдэг дээ.

3. АН-ын 15 дэд даргын нэрсийг харахад тоон дотор цохиж яваа үсэгнүүд цөөнгүй. Ийм эрээвэр, хураавар томилгоо хийсэн нь Л.Гантөмөр тэдэнд илүү хариуцлага үүрүүлэх гэсэн зорилготой. Нэг ёсондоо тэдгээр 15 дарга Л.Гантөмөрөөс ирэх 2024 оны сонгуульд нэр дэвших мандатаа албан бусаар авлаа гэсэн үг. Бөхөөр бол тунаанаас гарсан. Л.Гантөмөр өөрөө ч тойрогт нэр дэвшихээ илэрхийлсэн. Тэгэхээр С.Баярцогт ба бусад 15 дэд дарга тойрогт хүч үзэх нь гарцаагүй болж байна. Ялбал аз, ялагдвал хохь нь гэсэн үг.

Харин Л.Гантөмөр сонгуулийн гол хөзрөө нууц үлдээж, гол хүмүүсээ албан тушаалаас ангид авч үлдсэн мөн л учир шалтгаантай. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтад багтаах хүмүүстээ тэрбээр албан тушаал амлаагүй гэсэн үг.

4. Хэр улстөрч болсныг нь хэр өндөрт гарснаар нь биш унаж, боссон замналаар нь дүгнэдэг. С.Баярцогт бол туг ч барьж, тугал ч хариулж үзсэн улстөрч. Түүн шиг “зодуур” амссан, бас түүн шиг тэвчээртэй улстөрч цөөхөн.

Улс төрд түүнийг “эргэн ирэх”-ээс айдаг хүмүүс “гэр”-ийнх нь гадна, “гэр” дотор нь цөөнгүй байгаа. Гэхдээ түүнийг бусадтай хэл амаа хамгийн сайн ололцдог гэх утгаар нь Л.Гантөмөр багтаа урьсан, тэгээд бүр тэргүүн дэд даргын суудлаа өгсөн биз. Үндсэндээ АН-ын сонгуулийн гол бодлого Л.Гантөмөр+С.Баярцогт хоёр дээр төвлөрнө. Мэдээж, 15 дарга нар тодорхой хэмжээнд оролцоотой байх ойлгомжтой. Гэхдээ тамга барьсан хүн тоглоомын дүрмийг тогтоодог, удирддаг.

5. Хэдийгээр жар хүрч, жаргаж уух насан дээрээ очсон ч характер, харизмыг нь бодсон ч Х.Баттулга тэтгэвртээ суухгүй нь ойлгомжтой. Тэгээд л С.Ганбаатар, А.Адъяасүрэн хоёрыг асар, басар болгож дагуулж яваад байгаа нь улс төрд эргэн ирэхийг хүссэнийх. С.Баярцогтыг улс төрд эргэж ирэхээс Х.Баттулга айж байгаа бол Х.Баттулга улс төрд эргэн ирэх нь МАН-д ашиггүй. Тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь Үндсэн хуулиар хязгаарлагдсан ч Ерөнхий сайд болох эрх нь нээлттэй, энэ суудлыг төлөө л ирэх сонгуульд нэр дэвшихийг горилж яваа нь гарцаагүй. Монгол бол шоронгоос төрийн ордонд орж ирдэг, төрийн ордноос шоронд руу ачигддаг ардчилсан тогтолцоотой орон. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шоронд хоригдож байхдаа сонгуулиар ялалт байгуулж, Төрийн ордонд орж ирсэн байсан. Х.Баттулга яллагдагчаар татагдсан байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулж байсан тохиолдол бий.  Түүнийг нүүрсний хэрэгт холбоотой болохыг МАН-ын дарга нар удаа дараа зарладаг ч одоогоор нэг нь баривчлагдаж, нөгөө нь баригдсан юм алга. Энэ чигээрээ Х.Баттулга явах юм бол УИХ-д гарч ирж чадна. Түүнийг дэмжих монгол ялначууд хангалттай их бий.

6. Ардчилсан намын томилгооноос товчхон дүгнэлт хийдэ, нэгд,  Монголын улс төр дэх нэг намын үнэмлэхүй олонхоос олон нийт залхсан байна.  Хоёрт, төрийн авлига хулгайд хяналт тавих  хүчтэй сөрөг хүчнийг нийгмээрээ үгүйлсэн байна. Гуравт, Ардчилсан намын болоод Монголын ардчиллын цаашдын хувь заяа хаашаа эргэх нь  эдгээр томилгоотой шууд холбоотой нь ч үнэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж