Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд зааснаар дунд ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах үйлчилгээг бүтэн нэг жилээр хойшлуулсан” гэдэг мэдээллийг өгсөн юм.
Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хоолны зардлын талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмараас тодруулахад “Үдийн хоол” хөтөлбөрийг нарийвчлан судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиглэл авсан. Ингэхдээ цэцэрлэгийн хүүхдийн хоол үдийн хоолны үнийн судалгаа, хүүхэд өдөрт авах илчлэг, шим тэжээлийн судалгааг цогцоор нь хийнэ.
Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуульд зааснаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг эхтэйгээ хуваалцах хууль эрх зүйн зохицуулалт байдаг. Энэ хүрээндээ есдүгээр сард дахин нөхцөл байдлаа нарийвчлан судалж, Засгийн газарт дахин танилцуулах чиглэлийг авсан. Холбогдох судалгааг хийж байна. Тэгэхээр есдүгээр сарын 1-нд хуучин дүрэм, журмаараа зохицуулна гэв.
Өнгөрсөн 2019 онд УИХ-ын Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын 10 гишүүн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл санаачлан өргөн барьсан. Ингэснээр “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэхээр хуулийн төсөл, цогц хөтөлбөр санаачилсан байдаг. Энэ хууль батлагдсанаар улсын хэмжээний ерөнхий боловсролын 824 сургуулийг бүрэн зориулалтын гал тогоотой болгох, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд улсын төсөвт 307.2 тэрбум төгрөгийн ачаалал ирнэ гэдэг тооцооллыг хийж байв. Ингэхдээ 2020 онд бүх сургуулийг зориулалтын гал тогоотой болгож, 2021 оноос дунд ангийн сурагчдыг хоолтой болгон 2022 оноос ахлах ангийнхныг хамруулахаар төлөвлөж байгаагаа хэлж байсан юм.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн тавдугаар зүйлд:
- 5.1.1.суралцагчийг тэгш хамруулах
- 5.1.2.эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах
- 5.1.3.эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоог хангах
- 5.1.4.стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн байр, тоног төхөөрөмж, хүний нөөцийг зүй зохистой зохион байгуулах
- 5.1.5.орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх
Холбоотой мэдээ