Украины армийн ашиглаж буй хямд өртөгтэй, картон загварын нисгэгчгүй онгоц тулааны талбарт давуу тал болж байна. "PPDS" нэртэй уг дроныг Австралийн "SYPAQ" компани үйлдвэрлэдэг. Австралийн засгийн газар 20 сая ам.долларын тусламж Украинд үзүүлнэ гэж зарласны нэг хэсэг нь "PPDS" дрон юм. Тусламжаар ирсэн дроныг Украины арми гуравдугаар сараас хойш ашиглаж байгаа гэлээ.
Нисгэгчгүй онгоцны харагдах байдал, сав баглаа боодол нь "IKEA"-ийн бүтээгдэхүүн гэж андуурмаар. Энэ нь 75 см урттай, гурван кг орчим жинтэй. Харахад овор багатай ч цэрэг армийн түвшний удирдлагын системээр дүүрэн байдаг тус нисгэгчгүй онгоцноос эм, сум зэргийг хаяхад тохиромжтой. Маш хөнгөн тул цаасан онгоц шиг шидсэн ч болдог аж. Мөн хэр хүнд жинтэй ачаа ачсанаас шалтгаалаад 60 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Туулах замын нийт урт 120 км байна.
Үнийн хувьд нэг бүр нь 3500 ам.доллар. Энэ нь цэргийн стандарт тоног төхөөрөмж гэхэд харьцангуй хямд үнэ ажээ.
Харагдах байдлаар нь картон дрон гэж нэрийдээд буй ч яг үндсэн бүтэц нь юу гэдэг нь тодорхойгүй. Зарим хэвлэлд үүнийг ваксаар бүрсэн картон гэж нэрлэсэн бол зарим нь хялбархан эвхэгддэг хөөсөн хавтан гэжээ. Картон бүтэц нь радарт үл үзэгддэг тул онилоход хэцүү байдаг гэдгийг Оклахомагийн их сургуулийн дрон судлаач Жэйми Жэйкоб хэлэв. Цахилгаан мотор, батерей, сэнс зэрэг зүйл л радарт үзэгддэг аж.
Оросын нисэх онгоцны буудал руу халдахдаа уг дроныг ашигласан гэх мэдээлэл бий. Үндсэн халдлагыг тэсрэх бөмбөгөөр дүүргэсэн өөр нисгэгчгүй онгоц гүйцэтгэсэн боловч эргэн тойронд нь зэвсэг тээгээгүй "PPDS" дронууд бөөгнөрсөн байсан тул радарт үзэгдэлгүй зайлсхийж чадсан гэж үзэж байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ