“Акуа гарден” хотхоныг нураах шийдвэрийг НЗДТГ-аас /2023.08.31/ танилцуулж байна.
Хотын орлогч дарга Ж.САНДАГСҮРЭН:
-“Акуа гарден”-тай холбоотой мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. 7844 мкв газарт байрны хоёр блок хамаарагдаж байгаа. Мөн адил энэ хэсгийг албадан буулгах дүгнэлт гарсан. Аль аль талдаа мэдээж хүнд. Миний ойлгож буйгаар 500 гаруй хүн захиалгаа өгсөн.
Иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ мэдээж төрийг хохиролгүй болгох ёстой. Байгаль орчны дүгнэлт гарсан. Тиймээс аж ахуй нэгжүүдэд ижилхэн хандах ёстой.
Миний хувьд ч гэсэн 24 давхар барилга нурааж байсан тохиолдлыг Монголд хараагүй. Мэргэжлийн байгууллагуудад хандаж шийдвэрлэнэ.
"500 ГАРУЙ АЙЛ ӨРХИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭХ ВЭ ГЭДЭГТ САНАА ЗОВЖ БАЙНА"
“Акуа гарден” хотхон буюу “Эм Эм Жи” компанийн ажилтан:
-Манай байгууллагын хувьд маш удаан хэвлэлээр яригдсан захирамжийг гардаж авч байна. Энд дурдсан хуулийн заалтыг судалсан. Манай төсөл улс, нийслэл, яамнаас 30 гаруй хуулийн дагуу зөвшөөрөлтэй. Усны хамгаалалтын бүс зөрчсөн гэдэг асуудал бий. Энэ хуулийн заалтаар манай газрын зөвшөөрлийг цуцлаад, шүүхээр орж, “хууль зөрчөөгүй” гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр бий. Усны тухай хуульд онцгой хамгаалалтын бүсийг Байгаль орчны сайд болон Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тогтоолоор журмаар тогтооно гэж заасан. Журмаараа үерийн хамгаалалтын далан бүхий газар онцгой хамгаалалтын газа тогтоохгүй гэж заасан.
Хоёрдугаарт, нураах захирамж гарсан гурван байршлын хувьд “Шунхлай”, SOutlet бол нэг хүний өмчлөл. Манай төсөл 500 гаруй өрхийн захиалгатай, 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Захиалагчийн эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллага ажиллаж байгаа.
Одоогоор энэхүү төсөлд 100 орчим тэрбумын хөрөнгө оруулалт орсон. Үүний 70 хувь нь банкны өр болон захиалагчдын мөнгө юм.
Захирамжийн тухайд хэлэхэд бид шүүхэд гомдол гаргах эрхтэй. Үерийн асуудал юунаас болсон бэ гэдгийг бүгд харж байгаа. Нийслэлийн удирдлагууд ч мөн хүлээн зөвшөөрч байна. Өчигдөр Ж.Сандагсүрэн орлогчтой уулзахад нийгмийн хариуцлагын хүрээнд Натурын гүүрнээс Нарны зам хүртэлх шороон даланг төмөр бетон далан болгодог юм уу, түр замын гүүрэн байгууламж хийдэг юм уу төр хувийн хэвшлийн хүрээнд хамтарч ажиллах саналаа илэрхийлсэн. Хамгийн гол нь 500 гаруй айл өрхийн хохирлыг хэрхэх вэ гэдэгт санаа зовж байна.
Холбоотой мэдээ