"Их-20"-ийн дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болно. Уулзалт болох газруудаас сармагчингуудыг нь зайлуулах арга хэмжээг Энэтхэгийн эрх баригчид авч байна. Энэтхэгийн гудамж талбайд олноороо байдаг сармагчингууд дээд хэмжээний уулзалтыг бусниулах вий гэж эрх баригчид болгоомжилж байна.
Сармагчингуудыг хотын төвөөс холдуулж байгаа арга нь сонирхолтой. Тодруулбал, асар том хэмжээтэй лангур сармагчингийн бодит мэт хайчилбарыг энд тэнд байрлуулснаар жижиг сармагчингуудыг айлгах тактик хэрэглэж байна. Мөн лангур сармагчинтай адил дуугарахаар бэлтгэгдсэн хүмүүс хайчилбарын ард зогсож байна. Ойролцоогоор 30-40 хүнийг сармагчингийн хайчилбарын хамтаар гадаадын төлөөлөгчид байрлах зочид буудлуудын ойролцоо болон сармагчин ихтэй гэлцдэг газруудаар байрлуулах аж.
Лангур сармагчин нь урт сүүлтэй, бараан царайтай, түрэмгий зан авиртай. Тусгайлан бэлтгэгдсэн сургагчид л лангур сармагчинтай харьцаж, учрыг нь олдог.
Өмнө нь 2010 онд Шинэ Делид Хамтын нөхөрлөлийн орнуудын арга хэмжээ болох үед мөн сармагчин зайлуулах арга хэмжээ авч байсан. Тухайн үед лангур сармагчингуудыг бодитоор энд тэнд байрлуулжээ. Дараа нь 2014 онд нийслэл дэх засаг захиргааны байгууламжуудын ойролцоо тарсан жижиг сармагчингуудыг айлгаж холдуулах зорилгоор 40 мэргэжлийн жүжигчин хөлсөлж байсан. Жижиг сармагчингуудыг айлгахын тулд жинхэнэ лангуруудыг ашиглах нь амьтны эрх зөрчсөн үйлдэл гэж үзсэн учир ийнхүү хайчилбар болон жүжигчид ашигладаг болжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ