Тэд бидний тухай: 13-р зуунд эхэлсэн харилцааг Францис үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.31-нд нийтлэгдсэн

Тэд бидний тухай: 13-р зуунд эхэлсэн харилцааг Францис үргэлжлүүлж байна

Тэд бидний тухай: 13-р зуунд эхэлсэн харилцааг Францис үргэлжлүүлж байна

Ромын пап Францис энэ долоо хоногт Монголд айлчлахдаа 13-р зууны Ромын пап IV Иннокентийн эхлүүлсэн дипломат харилцааг зарим талаараа гүйцэлдүүлнэ гэж үзэж байна. 1245 онд IV Иннокент асар хурдацтай өргөжин тэлж буй Их Монголын эзэнт гүрний зорилгыг олж мэдэхийн тулд элч нараа зүүн тийш илгээж, цус урсгах явдлыг зогсоохыг удирдагчдаас гуйж байсан түүхтэй. Ватиканаас дипломат Элч болох  Жованни Карпини нарын төлөөлөгчдийг илгээсэн нь Их Монголын нийслэл Хархорумд хүрсэн түүхтэй.

Ромын пап ба Монголын хаан хоёрын дундах харилцаа нь захирагдах, шашин хөрвөх тухай дайсагналцсан шаардлагуудаар дүүрэн байсан бөгөөд  "Бурханы нэрийн өмнөөс"  гэж мэдэгддэг байсан нь хадгалагдан үлдсэн захидлуудын эх бичвэрүүдэд бичигдсэн байдаг. 

Католик сүм загалмайтны аян дайн хийж, Монголын эзэнт гүрэн дэлхийн түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрнийг  байгуулж байх үед ч тэдний хоорондын харилцаанд харилцан хүндэтгэл агуулагдаж байв. 

Үүнээс хойш 800 орчим жилийн дараа Ромын пап Францис маргааш /2023.9.1/ нийслэл Улаанбаатарт дөрөв хоногийн айлчлал хийхээр ирэхдээ шинэ дипломат шугамыг тавих төлөвтэй байна. Түүний энэ аялал нь өрнө дорнын түүхэн уулзалт бөгөөд дэлхийн хамгийн жижиг католик шашинтнуудын төлөөлөлтэй Монголд анх удаа айлчилж байгаа явдал юм.

Албан ёсоор Монголд ердөө 1450 католик шашинтан байдаг бөгөөд Католик сүм нь 1992 онд Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөг Үндсэн хуулиндаа тусгасны дараа л зөвшөөрлийн дагуу байгуулагджээ. Францис өнгөрсөн жил Монголын сүмийн удирдагч Италийн номлогч Жоржио Маренгог кардинал болгож, сүмийн нэр хүндийг өсгөсөн юм.

Чингис хааны үеийн Монголын эзэнт гүрэн байлдан дагуулагдсан хүмүүсийн дунд янз бүрийн шашин шүтлэгийг хүлцэн тэвчдэг байснаараа алдартай байсан. Тэгвэл Францис Ням гаригт шашин  хоорондын уулзалтыг зохион байгуулснаар шашин шүтлэг зэрэгцэн оршдог уламжлалыг онцолсон үйл явдал болно.

Уг уулзалтад Монголын буддистууд, еврей, исламын шашинтнууд, шинто шашинтнууд, сүүлийн 30 жилд Монголд байгуулагдсан Христийн шашны урсгалуудын төлөөлөгчид оролцох юм.

Францисын айлчлал нь түүхэн үйл явдал гэдгээсээ гадна геополитикийн чухал ач холбогдолтой.  Францисын хувьд хэлэлцээр хийх хамгийн хэцүү Хятад, Оросын дунд Монгол Улс хавчуулагдан оршдог. Францис хоёр талдаа Хятадын агаарын орон зайгаар нисэх тул Телеграм хаягаараа дамжуулан Хятадын даргад мэндчилгээ дамжуулж, Ватикан-Бээжингийн сэвтсэн харилцааг сэргээх боломжийг олгоно гэж үзэж байна.

"ОХУ-ын Украин дахь дайн, Хятадын шашны цөөнхүүдийг дарангуйлах ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед Францис харьцангуй төвийг сахисан боловч хоёр хүчирхэг хөршийнхөө сүүдэрт бүс нутгийн ач холбогдлоо харуулахыг хичээж буй Монголд зочилж байна" гэж MIT сургуулийн антропологийн профессор, Монгол судлаач Б.Мандухай хэлэв.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эмзэг бүлгийн ард түмэнд үзүүлэх нөлөөллийг арилгахыг 10 жилийн ажлынхаа тэргүүлэх чиглэл болгосноос үзвэл, Монголын байгаль орчны нөхцөл байдал, уур амьсгалын цочрол, газар нутаг нь улам бүр цөлжиж буйг Ромын пап хөндөх бололтой.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж