Путины бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш Украины арми эсрэг талын агаарын баазуудад дор хаяж есөн удаа цохилт өгснөөр ОХУ, Беларусь, Крымийн нутаг дэвсгэрт 24 нисэх онгоцыг устгажээ. Оросын "Верстка" хэвлэлд өчигдөр /2023.08.30/ устсан онгоцуудын жагсаалтыг гаргасан байна. Тэд энэ мэдээллээ ОХУ-ын Батлан хамгаалах яам, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон тагнуулын нээлттэй эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн гаргажээ.
Хамгийн эхний халдлагыг дайн эхэлсний маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 25-нд мэдээлсэн. Тодруулбал, Украины арми Ростов муж дахь Миллерово нисэх онгоцны буудалд байрлаж байсан Оросын онгоцыг дрон эсвэл Точка-У пуужингаар устгажээ. Дараа нь 2022 оны наймдугаар сарын 9-нд Крым дахь Сакигийн агаарын бааз руу дайрснаар дөрвөн Су-30СМ сөнөөгч, долоон Су-24М бөмбөгдөгч онгоцыг устгав. 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд Саратов, Рязань муж дахь Энгельс-2, Дягилево баазуудад дроноор халдсанаар нэг Ту-22М3, хоёр Ту-95 бөмбөгдөгч онгоц сүйрчээ.
Беларусийн нутаг дэвсгэрт мөн эрт сэрэмжлүүлэг, хяналтын зориулалттай А-50 онгоцыг гэмтээжээ. Энэ халдлагыг орон нутгийн партизанууд үйлдсэн гэж Беларусийн сөрөг хүчнийхэн тухайн үед мэдээлж байсан.
Энэ он гарсаар Брянск мужийн Сеща тосгоны нисэх онгоцны буудал руу тавдугаар сард нисгэгчгүй онгоцоор халдаж, Ан-124 тээврийн онгоцыг гэмтээсэн. Улмаар наймдугаар сараас Оросын агаарын баазуудад цохилт өгөх давтамж нь нэмэгдсэн байна. Новгород, Калуга мужуудад наймдугаар сарын 19, 21-нд хийсэн халдлагын үеэр дор хаяж хоёр Ту-22М3 бөмбөгдөгч онгоц устсан. Хамгийн сүүлд наймдугаар сарын 30-ны шөнө Оросын Псков хотын цэргийн нисэх онгоцны буудалд халдсанаар дөрвөн Ил-76 онгоц гэмтжээ.
Украины Цэргийн тагнуулын газрын дарга Кирило Будановын мэдэгдсэнээр, ОХУ одоогоор Украины эсрэг довтолгооны ажиллагаанд зориулж 436 нисэх онгоц байрлуулаад байна.
Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ