Дээрхийн гэгээн XIV Далай лам Х Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарласан. Тэрбээр Монголд 2016 онд айлчилж, хэвлэлийн бага хурал хийхдээ X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг олон нийтэд зарласан. Гэхдээ нас балчир байгаа тул чухам ямар хүүхэд тодорсон талаар мэдэгдээгүй. Харин энэ жилийн сар шинийн 3-ны билэгт сайн өдөр X Богдыг тодруулсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсанаар олон нийт мэдсэн.
Х Богдыг туулай жилдээ багтан албан ёсоор сэнтийд нь залах ёслол болно гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Тэгвэл өчигдөр /2023.08.30/ Х Богдыг залах ёслол болоогүй гэдгийг албаныхан мэдээлж байна.
Олон нийтийн сүлжээнд цацагдсан Гандантэгчинлэн хийдэд болсон хурал ном нь Жадо багш Цэвэгмэд ринбүчи дөрөв хоног насны авшиг айлдаж, Х Богдтой номын барилдлага тогтоон Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурхны насны авшиг дамжлага эрхийг ёсчлон хүртээжээ. Х Богд гэгээний зүгээс хурлыг дааж, хамба лам, хуварга мандал өргөсөн байна.
"ХУТАГТ ХУВИЛГААДЫГ ТОДРУУЛСНЫ ДАРАА ШИРЭЭНД НЬ АЛБАН ЁСООР ЗАЛЖ, БҮРЭН БАТАЛГААЖДАГ"
Х Богдын талаар Монгол Улсын их сургуулийн Антропологи-археологийн тэнхимийн багш Ж.Лхагвадэмчиг өмнө нь байр сууриа илэрхийлэхдээ "Х Богдыг тодруулахын хувьд бол 2016 онд Х Богд Жэвзундамба хутагт Монгол Улсад тодорсон болохыг олон нийтэд мэдээлсэн байдаг. Энэ жилийн Цагаан сарын шинийн гурванд Х Богд Жэвзундамба хутагтыг залах ёслол болсон бол энэ нь хараахан ширээнд залах ёслол биш байх гэж бодож байна.
2011 оны арваннэгдүгээр сарын 2-ний өдөр IХ Богд Жэвзундамба хутагтыг ширээнд нь залсны адил алсдаа Монгол Улсын Буддын шашны нийт сүм хийд, сүсэгтнүүд хуран цуглаж, Х Богд Жэвзундамба хутагтаа залах ёслол үйлдэх байх.
Ер нь бол хутагт хувилгаадыг тодруулсны дараа ширээнд нь албан ёсоор залж байж, хутагт хувилгаад бүрэн баталгааждаг уламжлалтай" гэдгийг хэлсэн байдаг.
Холбоотой мэдээ