Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр Овоотын отрядын хамгаалдаг зурвас газраас 15 м.кв талбай бүхий газар нутгийг Хятадад шилжүүлэхээр болж байгаа гэх мэдээлэл өнөөдөр /2023.08.30/ цахим хуудаст нийтлэгдсэн. Тус ташаа мэдээлэлтэй холбоотойгоор Хил Хамгаалах Ерөнхий Газраас тайлбар хийлээ.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.ЛХАГВАСҮРЭН:
-Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандалд, хөрс зэргэлдээ хөрш улсуудын нутаг дэвсгэрээс зааглан тогтоосон шугамыг агаарын, гүний хил гэж хуульд тодорхойлсон байдаг. Монгол Улсын хилийг хуулиар бататгадаг. 1962 онд Хятадтай хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд газар орон дээр нь тогтоон тэмдэглээд хилийн протокол үйлдэн 1975 онд НҮБ-д бүртгүүлсэн, олон улсын гэрээ, эрх зүйд нийцсэн халдашгүй дархан хилтэй.
Улсын хилийг 20 жил тутамд нэг удаа шалгадаг. 1982-1984, 2002-2004 онд хоёр дахь удаагаа шалгасан. Хилийн шугам үер ус, тектоник хөдөлгөөн, газарзүйн байрлалаас шалтгаалаад гажилт үүсэх магадлалтай. Хамгийн сайн GPS ашиглан шалгахад хилийн шугам 3-5 см-ийн гажилттай байх магадлалтай гарсан. 2024-2026 онд хилийн шугамыг шалгана.
Улсын хил баталгаажсан байдаг тул энэ нь хөдөлгөөнгүй байна гэсэн үг. Хил хамгаалах тухайд Хятад улстай 2010 онд хилийн дэглэмийн гэрээг байгуулсан. Хилийн дэглэмийн гэрээнд нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй дархан байдлыг олон улсын гэрээ, эрхзүйд тулгуурлан бүрэн эрхт нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биеийнхээ дотоод хэрэгт үл оролцох, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчимд тулгуурлан найрсгаар хамтран хамгаалах үзэл санааны дагуу хилийг хамтран хамгаалах, өнө мөнхөд энх тайван, найрсаг харилцааны хил байлгахын төлөө хүчин чармайлт гарган энэ гэрээг байгуулсан гэж тусгасан. Гэрээний дагуу хоёр улсын хилчид хамгаалалтыг зохион байгуулж байна.
Хилийн шугам дээр өөрчлөлт, зөрчил гаргахгүй байхын төлөө хоногт 4000-5000 залуус 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Гэтэл олон нийтийн сүлжээнд гарсан мэдээлэлд "Монгол Улсын ерөнхийлөгч газар нутгийг бусдад зарсан, Монгол Улсын газар нутаг дээр Хятадын цэргийн анги салбар байрласан" мэтээр бичсэн байна. Эрх зүйн мэдлэггүйгээр Монгол Улсын төрийн тэргүүнийг болон мянга, мянган хилчдийг үгүйсгэн ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна. Өнөөдөр цагдаа, тагнуулын байгууллагын дарга нарт хандаж дээрх мэдээллийг бичсэн хүмүүсийг олох, яагаад дайсагнан бутаргах үйл ажиллагаа явуулаад байгаа юм гэдгийг хэлсэн.
Иргэд худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
Цагдаа, тагнуулын байгууллагууд олон нийтийн сүлжээнд уг мэдээллийг гаргасан хүнийг илрүүлж, саатуулсан. Одоо байцаалт авч байна гэсэн мэдээллийг өгсөн.
Холбоотой мэдээ