Аргентины ерөнхийлөгчийн сонгууль энэ оны аравдугаар сард болно. Сонгуулийн өрсөлдөөний хамгийн тод од, либертари үзэлтэн, Дональд Трампийн шүтэн бишрэгч гэдгээрээ танигдсан Хавьер Милейг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.
Сонгуулийн анхан шатны санал хураалт наймдугаар сарын 13-нд болоход 52 настай Хавьер Милей хамгийн олон санал авснаар Аргентины улс төрийг доргиожээ. Түүнийг сонгуулийн өрсөлдөөний таамаглашгүй Х хүчин зүйл гэж тодорхойлов. Олон жил үргэлжилсэн эдийн засгийн хямралыг даван туулж чадахгүй байгаа хуучин улстөрчдөд аргентинчууд дургүйлхэж буй. Энэ байдлыг нь Милей өөртөө ашигтайгаар эргүүлэхийг оролджээ.
Эмх замбараагүй үсний засалттай, спорт загварын савхин хүрмээр гангарах дуртай тэрбээр улс төрийн кампанит ажлын үеэр рок дуу дуулж хүмүүсийг хөгжөөсөн байна. Түүний тэмцэгч чанар, рок маягийн жагсаалууд нь иргэдийн анхаарлыг татдаг.
УУРТАЙ ЗАЛУУ
Хавьер Майлей 1970 онд Сицилийн соёл, эдийн засаг, аялал жуулчлалын нийслэл Палермод итали гаралтай гэр бүлд төржээ. Түүний ээж нь эгэл жирийн гэрийн эзэгтэй байсан бол аав Норберто нь автобусны жолооч байв. Хүүхэд ахуйдаа тэр Католик сургуульд сурдаг байсан. Мөн хөлбөмбөг сонирхдог, Чакарита жуниорс багийн хаалгач байв. Урлагийн төрөлд ч бас Милей хүч үзсэн удаатай. “Rolling Stones” хамтлагийн дууг ихэвчлэн дуулдаг Эверест нэртэй ковер хамтлагт тэр дуулдаг байжээ.
Түрэмгий авиртай, хурц үг хэллэг хэрэглэдэг учир сургуулийнхан нь түүнийг “Ууртай залуу” гэж хочилдог байв. Хожим насанд хүрсэн хойно нь ч түрэмгий зан нь түүнийг алдар нэртэй болгожээ. Эцэг эх хоёр нь хоорондоо таарамж муутай байсан тул Милей дунд нь хэлмэгдэж, хүчирхийлэлд өртөж байсан. Тиймээс 10 жилийн турш аав ээжтэйгээ яриагүй гэдгээ тэр өгүүлсэн байдаг.
Аргентины эдийн засагч агсан Хосе Альфредо Мартинес де Хозын удирдлага дор улс орны инфляци туйлдаа хүрсэн тэр үед Милей 18 настай байв. Энэ үеэс тэр эдийн засгийн чиглэлээр ажиллахаар шийджээ. Эдийн засгийн ухааны бакалаврын зэргээ тэр Белграногийн их сургуульд хамгаалсан. Дараа нь хоёр ч их сургуульд мастерын зэрэг хамгаалжээ. Эдийн засгийн чиглэлээрээ хэд хэдэн байгууллагад ажиллаж байгаад 2012 оноос үндэсний хэмжээний бодлого зохицуулагч “Fundación Acordar”-ын эдийн засгийн судалгааны хэлтсийг тэргүүлэх болсон.
Тэрбээр “Их-20”-ийн бүлэгт зөвлөдөг “B-20” бүлгийн гишүүн юм. “B-20” нь Олон улсын худалдааны танхимын дэргэдэх Эдийн засгийн бодлогын бүлэг. Мөн Хавьер Милей нь Дэлхийн эдийн засгийн форумын гишүүн.
Эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн тэрбээр эх орондоо болон хилийн чанадад хэд хэдэн удаа илтгэл тавиж байжээ. “El camino del libertario” тэргүүтэй хэд хэдэн ном болон 50 гаруй эрдэм шинжилгээний ажил мөн бичсэн. Телевизийн ярилцлагад хамгийн олон удаа орсон эдийн засагчаар 2018 онд түүнийг тодруулсан байдаг. Тодруулбал, Милей 235 удаа буюу 193,347 секундын ярилцлага телевизэд өгчээ.
УЛС ТӨРИЙН БОДЛОГО
Аргентин улсад өрийн тэсрэх бөмбөг дэлбэрэх дөхөж, эдийн засаг хүндэрснээр инфляци хөөргөдөж, валютын ханш унасан. Өнгөрсөн жил инфляци 115 хувьд хүрч, песогийн ханш огцом унасан тул одоогийн ерөнхийлөгч Альберто Фернандес дахин сонгогдохыг хүсэхгүй байна.
“Аль нэг ядуусын хороололд очоод, иргэдтэй нь ярилцахад тэдэнд Хавьер Милей ерөнхийлөгчөөр сонгогдвол яах бол гэсэн айдас алга байна. Учир нь тэд нэгэнт бүгдийг алдсан” гэж албаны хүн хэлжээ. Сонгуулийн эхний шатанд ялалт байгуулсныхаа дараа Милей “Өнөөдөр бид Аргентиныг сэргээн босгох эхний алхмаа хийлээ. Нөгөө л нэг хүмүүс нь үргэлж байгаад байвал Аргентин өөрчлөгдөх боломжгүй” гэж хэлсэн байна.
Хавьер Милей 2021 оноос хойш Аргентины Конгрессын доод танхимд хууль тогтоогчоор ажилласан.
Аргентины улс төрд хоёр том хүчин бий. Нэг нь “Union por” гэж нэрлэгддэг эрх баригч нам. Нөгөөх нь консерватив сөрөг хүчин болох Эх орны төлөөх холбоо юм. Иргэд уламжлалт улс төрийн намуудаас залхсан тул Хавьер Милей сонгогчдын дунд шинэхэн, соньхон байна. Тэрбээр Аргентины улстөрчдийг сонгогчдын халаасыг тэмтэрдэг хулгайч нар гэж нэрлэжээ. “Улс төрийн хулгайчдад л ашигтай энэ тогтолцооноос та нарыг хамгаалахаар бид ирж байна” гэж тэр кампанит ажлынхаа үеэр хэлсэн.
Түүний хамгийн гол амлалт бол данхар төрийн бүтцийг шүүсийг нь гартал хумих. Мөн Төв банкийг хааж, эдийн засгийг долларжуулна гэсэн нь олон жилийн уналтад нэрвэгдсэн ард түмний сэтгэлийг хөдөлгөжээ.
Хүмүүс улстөрчдөөс залхаж эхэлсэн. Тиймээс засгийн газрын зардлыг танаж, яамдын тоог цөөлөх зорилгын дор иргэд Милейг дэмжиж байна. Мөн тэрбээр үр хөндөлтийг эсэргүүцэгч, буу зэвсэг эзэмших эрхийг дэмжигч юм. Гэхдээ олны дунд Милейгийн саналыг хөрсөн дээр буугаагүй гэж үзэгсэд ч бий.
Олон улсын валютын сангийн зээлээ хэд хэдэн удаа төлж чадаагүй тул Аргентины үе үеийн засгийн газар асуудлаа шийдэж дөнгөхгүй байсаар. Угаас хямарсан байсан эдийн засагт Covid-19 цар тахал, Орос, Украины дайн улам нэрмээс болсон юм.
Хавьер Милей бол хувь хүний эрх чөлөө, засгийн газрын хязгаарлагдмал хөндлөнгийн оролцоо, чөлөөт зах зээл, тэр байтугай Төв банкийг татан буулгах гэх мэтийг хүчтэй дэмжигч. Түүний хэлсэн алдартай эшлэлүүд нэгээр тогтохгүй бий. Эндээс сорчлон дурдвал, “Улстөрчид бол шимэгч хорхойнууд”, “Надаар төлбөрөө төлүүлээгүй юм чинь та хар тамхи хэрэглэмээр байгаа бол хэрэглэж л бай”, “Төр хэнийг ч халамжилдаггүй, төр бол аллага үйлддэг машин”, “Хэрэв мөнгө хэвлэх нь ядуурлыг устгадаг юм бол диплом хэвлэх нь тэнэглэлийг устгаж таарна” гэх мэт байна.
Мөн “Аргентин улс 400 сая хүний хоол хүнс үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар хөдөө аж ахуйн салбарын татварын ачаалал 50 орчим хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 200 сая хүний хоол хүнсийг төр хурааж байна. Төрийн хурааж авсан хоол хүнсээр аргентинчуудыг тэжээж болно. Гэсэн атлаа бид ядууралтай, хүмүүс өлсгөлөн хэвээр байна” гэж хэлж байжээ.
Эх сурвалж: AL JAZEERA, EXPAT MONEY
Холбоотой мэдээ