Л.Пүрэвдорж: Хятадыг үгүйсгээгүй….

Хуучирсан мэдээ: 2023.08.31-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвдорж: Хятадыг үгүйсгээгүй….

Л.Пүрэвдорж: Хятадыг үгүйсгээгүй….

2020 оноос Өвөр Монголд хэрэгжиж эхэлсэн “Хос хэлний бодлого”–ын үндсэн дээр бий болсон дэлхий даяар Монгол хэл, соёл, элэг нэгт ахан дүүсийнхээ төлөө нэгдсэн Монгол үндэстний 20 мянга орчим гишүүд дэмжигчид бүхий нийгмийн хэрэгцээ шаардлагаар үүссэн "Эх хэлээ аваръя!" хөдөлгөөний гурван жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд "Дэлхийн Монголчуудын холбоо"-ны нэгдсэн зөвлөлийн гишүүн, зохиолч Л.Пүрэвдоржтой ярилцлаа.


-"Эх хэлээ аваръя!" хөдөлгөөнийг үүсгэн байгуулах болсон шалтгаан, уриалга дэвшүүлсэн гол агуулгын талаар танилцуулбал?

-Гурван жилийн өмнө энэхүү хөдөлгөөнийг хэн нэгний биш 100 хувь олон нийтийн санаачилгаар байгуулж байлаа. Зохиолчид, нийгмийн зүтгэлтнүүд, залуучууд голлон нэгдэж эх хэлний соёл, дархлааны төлөө сэтгэл нэгдсэн гэдэг утгаараа бусад төсөөт хөдөлгөөнөөс ялгаатай. Хөдөлгөөний дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа нь "Эх хэлээ аваръя!" хөдөлгөөн ирээдүйп чиглэсэн гэдгийг харуулж байна.

Эх хэл, үндэсний бичгийнхээ төлөө залуучууд нэгдэж байгаа нь Монголд ардчилал гарч, үг хэлэх, эх орныхоо төлөө тэмцдэг, үйл хэрэг бүтээдэг эрх чөлөөтэй болсны үр дүн.

Байгуулагдсан цагаасаа хойш бид олон ажлыг хийсэн. Гэвч зарим хүн энэхүү хөдөлгөөнийг гадаадын санхүүжилттэй гэж харддаг. Дахин хэлэхэд бид хэн нэгний захиалгаар, улс төрийн нөлөөллөөр энэ ажлыг хийдэггүй. Угтаа бол энэхүү эх хэлнийхээ төлөө нэгдсэн хөдөлгөөн бол монголоо гэсэн сэтгэлтэй, монголынхоо соёл иргэншил, тэр дундаа хэл бичгийнхээ соёлд анхаарч буй залуусын хөдөлгөөн болж бойжиж  насанд хүрч байна.

-Өнөөдрийг хүртэл эх хэлний соёл, үндэсний бичгийнхээ төлөө хийсэн томоохон ажлуудаас онцолбол та юуг нэрлэх вэ?

-Дэлхийд олон хэл бий. НҮБ-ын албан ёсны хэл болох Англи, Франц, Испани, Орос, Хятад хэл гээд дурдвал бүгд л онцлогтой. Харин Монгол хэл эдгээр хэлнүүдээс ялгарах өвөрмөц шинжтэй. Судалгаа, шинжилгээгээр батлагдаагүй ч монгол хэл хоёр онцлогтой. Нэгдүгээрт, үйл үгийн сан. Харьцуулж үзвэл, Орос хэлнээс гэхэд үйл үгийн сан хоёр дахин их. Хоёрдугаарт, монгол хэл маш тансаг найруулгатай. Эрхэмсэг дээд найруулгаас гадна бичгийн өвөрмөц хэлбэртэй.

Эрдэмтэд монгол хэлний онцлогийг олон янзаар тайлбарладаг ч баялаг найруулгатайд хэн ч маргадаггүй. Монгол хэлийг хэрэглэдэг эзэн үндэстэн нь нүүдэлчин. Байгаль дотроо байдаг үй түмэн зүйлсийг нүдээр харж, дүрсэлж, илэрхийлдэг учир үгсийн сан тэр дотроо үйл үгийн сан баялаг. Тиймдээ ч монгол хэлний баялаг сан шавхагдашгүй.

Дараагийн нэг зүйл бол найруулга. Найруулга тансаг байгаагийн илрэл нь бичиг, үсэг. Монгол өөрийн бичигтэй болоод 2000 жил болж байна. Ийм хэл бичиг дэлхийд ховор. Оросын тухайд криль бичгийг аваад 1000 гаруй жил болж байгаа. Тэгэхээр өөрсдөө бичиг, үсэгтэй байсан учраас монгол хэлний найруулга баялаг байдаг учиртай.

Монгол хэл бол зөвхөн монголчуудын баялаг биш. Хүн төрөлхтний гайхамшигт хэлний баялгийн нэг. Тиймээс энэ хэлийг аврах, хадгалах нь зөвхөн үндэстний хийх ажил биш.

Хэлийг аврах, хамгаалах шаардлага өдөр тутамд үүсч байна. Бид бичгээ устгасан. Монгол үндэстэн оршин суудаг зарим газар монгол хэл устсан. Тухайлбал, монгол үндэстэн тав тасархай байна. Тэрний хоёр хэсэгт нь монгол хэл устсан. Хамгийн ойр гэвэл Буриадад монгол хэл бичиг байхгүй. Одоо Өвөрмонголд анхаарах хэрэгтэй. Өвөрмонголчуудын нэг гавьяа бол үндэсний бичгээ хадгалж ирсэн. Харин бид үндэсний бичгээ нам засгийн бодлогоор хэрэглээнээс хассан. Сүүлийн 2-3 жилд Өвөрмонгол хэлний байдал хүндэрч эхэллээ. Энэ асуудалд монгол хүн бүр сэтгэл зовж байна. Тэгэхээр эх хэлээ бид хамгаалах хэрэгтэй. Монгол хэл, үндэсний бичгийг хамгаалах дэлхийд тархан суурьшсан 10 сая гаруй монголчуудын үүрэг биш. Энэ бол хүн төрөлхтний асуудал.

Улс үндэстний голомтыг сахиж байгаа бид хэл, бичгийнхээ төлөө нэгдэхээс өөр аргагүй. Хэлээ хамгаалья, хэлээ баяжуулъя гээд хөдөлгөөний нэрний тухайд олон хувилбарыг ярилцаж үзсэн ч аврах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн.

Хэлийг хамгаалах, хөгжүүлэх биш аврах гэдэг бол хатуу ойлголт. Байгаа хэлийг аварна гэдэг утгагүй зүйл гэж зарим хүн хэлж магадгүй. Гэхдээ бид хэлээ аврахаас өөр аргагүйд хүрээд байна.

"БИД ХЯТАДЫН МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙГ ЯВААНДАА ҮГҮЙ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ДАЛД САНААТАЙ БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА НЬ ҮНЭН"

-Хэлээ аврах хөдөлгөөнийг шүүмжлэгчид гадаадын санхүүжилттэй байж болзошгүй гэж дургүйцлээ илэрхийлдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Манай хөдөлгөөнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн хувьд эсрэгээрээ өөрсдөө ямар нэгэн санхүүжилттэйгээр гүтгэж, харлуулж байна гэж би боддог. Биднийг барууныхан ч бай, зүүнийхэн ч бай дэмжих нь ялгаагүй. Монгол хэлээ аваръя гэсэн хөдөлгөөнийг гадаадаас дэмжиж байгаа нь хоёр зүйл дээр баталгаатай. Эхнийх нь, монгол хэл дэлхийд хэрэгтэй хэл юм байна. Хоёрдугаарт, аврах хэрэгтэй болсон юм байна гэдгийг баруун, зүүнийхэн анхаарсан гэсэн үг. Тийм учраас гадаадаас энэ хөдөлгөөнийг дэмжиж байгаа бол баярлалаа гэж хэлэх хэрэгтэй.

Биднийг Хятадыг эсэргүүцэж байна гээд байгаа. Сайн хөршийн харилцааг үгүйсгэж, санаатайгаар тус улсын бодлогыг эсэргүүцэж байна гэж хэлэх цөөнгүй хүн бий.

Энд албан ёсны тайлбар хэлэхэд бид Хятадыг огт үгүйсгээгүй. Хятадын төрийн, намын монгол хэл бичгийг яваандаа үгүй хийх гэж байгаа далд санаатай бодлогыг эсэргүүцэж байгаа нь үнэн. Хятадын Үндсэн хуульд тус улс дахь цөөн үндэстний соёлыг хамгаална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, бичиг үсэг, хэлийг хамгаалах нь Хятадын үндсэн хуулиар баталгаажсан үүрэг. Өвөрмонгол дахь монгол үндэсний бичгийг хэрэглээнээс хасвал тэд үндсэн хуулиа зөрчиж байна гэсэн үг.

-Хэлийг аврах тухайд хэрэглээ, орчноос эхлээд ярих нь зүйтэй байх. Монгол Улс дотооддоо үндэсний хэл, бичгээр харилцах соёлыг дэлгэрүүлэх хэрэгцээ, шаардлага байна уу?

-Орчин гэдэг бол хамгийн чухал. Хэл гэдэг хэрэгцээ байсан цагт л оршин тогтноно. Тэгэхээр хэлийг байнга хэрэглээнд оруулж байх орчин байх ёстой. Аливаа хэлийг түүний дотор монгол хэлийг хамгаалъя, авръя гэж үзэж байгаа бол хэрэгцээний орчинг нь өргөсгөх хэрэгтэй. Гэтэл одоо бид хэрэглээгээ харвал үндэсний бичгийг барагтай хэрэглэдэггүй. Одоо Өвөрмонголд хэрэглээнээс хасч байна. Тэгвэл 10-аад сая хүн хэрэглэж байсан хэлийг зайлшгүй шаардлагаар гурав орчим сая хүн л хэрэглэх нь. Энэ бол хэрэглээ явцуурч байгаа асуудал.

Монгол хэлний хэрэгцээг үүсгэх, нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай бид нүүр тулж байна.

Хэрэв бичиг уствал найруулга байхгүй болно. Найруулга бол сүүлийн жилүүдэд эрс муудсан. Энэ бүхэн яруу тансаг найруулгатай зохиол бүтээл багассантай шууд холбоотой. Зохиолч нар маань баялаг үгийн сан, утга найруулгыг ашиглахаа больсон. Уншигчдын боловсрол ч тэр хэрээр зогсонги хэлбэрт орсон байна.

"МОНГОЛ ХЭЛИЙГ АВРАХАД ЗОХИОЛЧИД ИХ ҮҮРЭГТЭЙ"

-Эх хэлний дархлаа гэж ярьдаг. Гадаад хэлийг бага ангиас нь заахаас илүүтэй үндэсний бичиг, эх хэл дээр төвлөрч хичээл орох хэрэгтэй ч гэх хүмүүс бий. Энэ зөв үү?

-Буруу. Гадаад хэлийг бага ангиас заах нь буруу зүйл биш. Олон гадаад хэл мэддэг хүн харин ч монгол хэлний дүрэм, найруулгадаа сайн байдаг. Учир нь харьцуулалт сайтай байна шүү дээ. Хэлний дархлаа гэдэг чухал сэдэв. Төр засгийн бодлого ч нөлөөтэй байдаг. 90-ээд оноос төрөөс монгол хэлний бодлогод анхаарч эхэлсэн. УИХ-ын 2-3 тогтоол гарсан. Засгийн газрын тогтоол ч бий. Одоо гол нь биелүүлэх л хэрэгтэй.

Эх хэлээ аварч, хамгаалахад зохиолчдын үүрэг дээр хэлсэнчлэн их.

Үйл үгийн баялаг санг ашиглаж, маш сайхан найруулгатай бүтээл бичиж чадвал уншигчдын боловсролд нөлөөтэй. 1960-аад оноос монгол уран зохиолын найруулга муудаж эхэлсэн. Одоо уран зохиолчид найруулга сайтай бичилтээ сэргээж эхэлбэл хүмүүст нөлөөлнө. 100 хүний 10-20 нь уран зохиол уншиж л таараа. Хэл сайжруулдаг гол зүйл бол багшаас гадна уран зохиол.

"Эх хэлээ аваръя!" хөдөлгөөний цаашдын зорилго юу байна вэ?

-Бид цаашид өвөрмонголчуудыг дэмжиж ажиллана. Гэхдээ хэл, соёлынхоо хүрээнд л дэмжинэ. Дэлхий дээр тархан сууртшсан монголчууд соёл иргэншлээрээ нэгдмэл байх ёстой. Өмнөд монгол, буриад, халимаг, урианхай хязгаар, Тува зэрэг соёл иргэншлээрээ нийлэмж байх хэрэгтэй.

Манай хөдөлгөөнийхөн монгол хэл, бичиг үсгийнхээ төлөө тууштай ажиллана. Эх хэлээ аварч хамгаалахаар нэгдэж буй залуусаа ч дэмжинэ.

Монгол руу ирж сурч, ажиллахыг хүссэн монгол хүн бүрд бид хэлний талаас шаардлагатай тэтгэлэг, тусламжийг боломжийн хүрээнд олгоно. Түүнээс улс төр, эдийн засгийн хүрээний дэмжлэгийг бид үзүүлэхгүй. Эх хэлээ аврах хүсэлтэй хүмүүст "Эх хэлээ аваръя!" хөдөлгөөний үргэлж дэмтэй ажиллах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж