Япон: Газар хөдлөлтийг тэсвэрлэх 100 жилийн туршлага

Хуучирсан мэдээ: 2023.08.31-нд нийтлэгдсэн

Япон: Газар хөдлөлтийг тэсвэрлэх 100 жилийн туршлага

Япон: Газар хөдлөлтийг тэсвэрлэх 100 жилийн туршлага

Япон улсад 2011 оны гуравдугаар сарын 11-нд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөхөд архитектор Такаши Хосода Токио хотноо тэнгэр баганадсан барилгад байсан ч түгшиж сандраагүй гэв. Учир нь тэрбээр Японы орчин үеийн барилгууд газар хөдлөлтөд тэсвэртэй, оршин суугчдаа хамгаалах зориулалттай гэдгийг мэднэ.

Өмнө нь 1923 оны Кантогийн аймшигт газар хөдлөлтөд Токио хот сүйрснээс хойших зуун жилийн хугацаанд Японы нийслэл  7.9 магнитудын хүчтэй чичирхийлэлд тэсвэртэй болж хөгжжээ. Зуун жилийн өмнө болсон 7.9 магнитудын газар хөдлөлтийн улмаас 105 мянган хүн амиа алдав. Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын бөмбөгдөлтөд хоёр дахь удаагаа сүйрсэн голдуу модон, намхан барилгуудыг төмөр бетоноор дүүргэсэн өндөр мегаполисоор сольжээ.

Дэлхийн шинжлэх ухаан, гамшигт тэсвэртэй байдлын үндэсний судалгааны хүрээлэнгийн газар хөдлөлтийн инженерийн мэргэжилтэн Ёшиаки Накано хэлэхдээ, 1923 оны есдүгээр сарын 1-ний гамшиг нь Япон дахь барилга байгууламжуудын газар хөдлөлтөд тэсвэртэй байх загварыг гаргахад гол сургамж болсон гэж дүгнэж байна. Гамшгаас нэг жилийн дараа газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын анхны дүрмийг Японд нэвтрүүлжээ. Дэлхийн газар хөдлөлтийн 10 орчим хувийг эзэлдэг архипелаг дахь бусад томоохон чичирхийллийн сургамжид үндэслэн эдгээр стандарт, дүрмүүдийг тэр цагаас хойш байнга өргөжүүлж ирсэн юм.

 Японы газар хөдлөлтийн барилга байгууламжийн дүрэм нь дэлхийн хамгийн хатуу чанд баримт бичгийн нэг юм.

Үндсэндээ Японы барилга бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр хүч чадал шаарддаг бөгөөд дагаж мөрдөх байдалд нарийн хяналт тавихын чухлыг Ёшиаки Накано онцлон тэмдэглэв. Газар хөдлөлтийн үед барилга байгууламжийн чанар, гүйцэтгэлийг хангах гол хүчин зүйл бол зураг төсөл, барилгын ажлыг газар дээр нь хянах, шалгах систем байдаг аж.

Эдгээр стандартуудын ачаар 2011 оны газар хөдлөлт зүүн хойд эргийн дагуу үхлийн аюултай цунами үүсгэсэн боловч Токиод хохирол нь хязгаарлагдмал байжээ. Японы өндөр цамхгууд хэдэн минутын турш түгшүүртэй ганхсан боловч нурж унаагүй. 

ЧИЧИРХИЙЛЛИЙГ ШИНГЭЭХ ЦАМХГУУД

Орчин үеийн тэнгэр баганадсан цамхгуудыг газар хөдлөлийн аюулгүй байдлын илүү боловсронгуй арга хэмжээний дагуу барьж босгожээ. Суурин дор хөрсний чичиргээнээс тусгаарлахын тулд их хэмжээний зөөлөн резинэн дэр суурилуулж, цочрол шингээгчийг бүх давхарт байрлуулснаас гадна зарим барилгад газар хөдлөлтийн үед барилгын хөдөлгөөнийг эсэргүүцэхийн тулд дээд хэсэгт хэдэн зуун тонн жинтэй дүүжин суурилуулсан байдаг.

Тухайлбал, "2014 онд баригдсан, газраас 247 метр өндөрт өргөгдсөн Торанамон Хиллс Мори цамхаг нь газар хөдлөлтийн чичиргээнээс хамгаалах системээр тоноглогдсон бөгөөд тус бүр нь 1.7 метр урт зузаантай цилиндрээс бүрдэх 516 сааруулагчтай. Эдгээр нь газар хөдлөлтийн үед дахин дахин сунаж, агшиж байдаг бөгөөд  энергийг дулаан болгон ялгаруулдаг. Үр дүнд барилгын чичиргээг бүхэлд нь хянах боломжтой байдаг" гэж үл хөдлөх хөрөнгийн аварга "Мори Билдинг" компанийн бүтцийн инженер  Кай Тояма тайларлав.

1995 оны Кобегийн газар хөдлөлтөд 6000 гаруй хүн амь үрэгджээ. Үүний дараа модон байшингийн газар хөдлөлтөд тэсвэртэй байдлын стандартыг өөрчилж, 1981 онд барилгын дүрэмд хамгийн сүүлд их засвар оруулахаас өмнөх хуучин барилгуудыг шинэчлэхэд онцгой анхаарал хандуулсан.

"1923 оны Кантогийн аймшигт газар хөдлөлт нь  "Японыг сэрээсэн дуудлага байсан. Энэ нь зөвхөн барилгын инженерүүд төдийгүй иргэдийг ч сэргээсэн " гэж Накано тэмдэглэв.

Япон улс нь 1960 оноос хойш есдүгээр сарын 1-нийг үндэсний Гамшгаас сэргийлэх өдөр болгон тэмдэглэж иржээ. Жил бүрийн энэ өдөр олон зуун сургуулийн сурагчид, цэрэг, цагдааг, онцгой байдлын албан хаагчид, төрийн албан хаагчид, тэр дундаа засгийн газар бүхэлдээ томоохон газар хөдлөлтөд бэлтгэхийн тулд  сургуулилалт хийдэг.

Японд олон хүн яаралтай тусламжийн хэрэгслээ гэртээ нөөцлөхийн зэрэгцээ бизнес эрхлэгчид болон орон нутгийн засаг захиргаа ч нөөцөлдөг. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар Токиогийн орон нутгийн эрх баригчид 400 орчим агуулахад 9.5 сая бэлэн хоол (будаа, гоймон, жигнэмэг зэрэг) нөөцөлсөн байна. 

Дээрх урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд 2011 оны газар хөдлөлтийн дараа улам эрчимжээ. Тухайн үед Токио хотноо нийтийн тээврүүд бүрэн зогсч, маш өргөн хэмжээний автозамын түгжрэл үүссэнээр олон сая хүн гэртээ харьж чадахгүй сандралдсан гэж онцгой байдлын алба хаагч дурсчээ.

Хэдийгээр Япон улс дээрх бүх хүчин чармайлтыг гаргаж, арга хэмжээнүүдийг авсан ч Токио хот одоо ч газар хөдлөлтөд эмзэг хэвээр байгаа бөгөөд үер гэх мэт байгалийн гамшгуудад өртөх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулдаг.

Ялангуяа нийслэлийн зүүн дүүргүүд тогтворгүй, намгархаг хөрсөнд баригдсан бөгөөд хоорондоо наалдсан хуучин модон байшингууд төвлөрсөөр байна. "Дайны дараах Токиогийн сэргээн босголт нь эдийн засгийн хөгжлийг нэн тэргүүнд тавьсан" гэж газар хөдлөлт судлаач Масаюки Такемүра халаглан ярьжээ. Тэрбээр мөн "тэнгэр баганадсан барилгуудын хэт их төвлөрөл" болон хиймэл арлууд дээр суурьшлын бүсүүд барьж байгаа нь байгалийн гамшгийн үед тусгаарлах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцолсон байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ирэх 30 жилийн дотор Японд дахин асар хүчтэй газар хөдлөх магадлал 70 хувьтай байна. 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж