“Найрамдлын мод” (“Дерево дружбы”) баяр энэ жил ОХУ-ын Буриадын Борзинск дүүрэгт зохиогдоно. Энэ баярт оролцох монголчуудыг Өвөр байгальчууд хүлээн авахаарид бэлдэж байна.
Найрамдлын самбар
Монгол болон Өвөр Байгалийн иргэдийг олон жилийн эв найрамдалт харилцаа холбодог. Энэ харилцааны уг үндэс Оросын хувьсгалын өмнөх үе рүү хөтөлнө. Борзинск дүүргийн тэргүүн Роман Гридин хоёр орны найрамдалт харилцааны талаар ийн хэлсэн юм.
“Бидэнд хамгийн ойр орших Монголын суурин газар бол Эрээнцав юм. 100 гаруй жилийн турш Эрээнцав болон хилийн ойролцоох Соловьевск суурины ард иргэд харилцан бие биедээ зочилдог уламжлалаа хадгалсаар ирлээ. Энэ уламжлалыг оросоор “обоюд” гэдэг бол монголоор “нарин” гэж хэлж заншчээ” хэмээн Роман Гридин хэллээ.
Жил бүр зохиоггдог “Найрамдлын мод” баярын онцлог нь хоёр орны иргэд “найрамдлын самбар” гэж нэрлэдэг модон самбарыг таллан хувааж хадгалдаг уламжлалтай. Хуш модоор хийсэн гарын алганы хэмжээтэй энэхүү самбарын нэг тал дээр оросоор “Пусть живут в мире и дружбе русские и монголы”, нөгөө тал дээр “Орос, монголчууд энх амар, эв найрамдалтай амьдраг” хэмээн монголоор бичсэн байдаг. Самбарыг таллан хувааж хадгалж байгаад дараа жилийн баярын үеэр самбараа эвлүүлэн эв найрамдлаа бэлгэддэг. Хил орчмын орос, монгол айл бүрт шахам ийм самбар бий.
Харилцан тохирсон өдөр хоёр талаас цуглан самбараа нийлүүлж, баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Эв найрамдлын баярыг 2-3 хоног тэмдэглэдэг. Монголчууд мах, сүү, айргаа авчирдаг бол оросууд талх, тахианы мах, зөгийн балаа авчирдаг. Баярын үеэр морь уралдуулж, бөх барилдаж, нум сум харвадаг. Баярыг Орос, Монголын нутагт ээлжлэн зохион байгуулдаг.
Соёл, спорт
Хоёр орны иргэдийн зөнгөөрөө хийдэг байсан энэ баярыг нэлээн сүүлд “Найрамдлын мод” хэмээн албан ёсоор нэрийдэж, уламжлалт болгосон юм. Тухайлбал, 2008 онд “Найрамдлын мод”-ны баярыг Читинский дүүрэгт зохиосон. Монголын Эрээнцав, Чойбалсан хотын иргэд баярт уригдан Читинский дүүргийн Угдан болон Засопка тосгонд зочилсон билээ. 2018 онд Монголын тал энэ баярыг улсын статустай болгосон юм. 2018 онд “Найрамдлын мод” баярыг Чойбалсан хотод гурав хоног тэмдэглэсэн. Оросын талаас Борзинск дүүргийн болон Соловьевск суурины иргэд уригдан оролцож байлаа.
КОВИД-19 цар тахлын жилүүдэд баярыг тэмдэглээгүй. Өнгөрсөн 2022 оноос баярыг сэргээн тэмдэглэж эхэлсэн. Энэ 2023 онд “Найрамдлын мод” баярыг Борзинск дүүрэг хүлээн авч байгааг дээр өгүүлсэн. Баярыг “Хил орчны эдийн засгийн харилцаа”, “Хил орчмын хамтын ажиллагаа”, “Соёл”, “Спорт” гэсэн сэдвүүдээр зохион байгуулахаар бэлдэж байна.
Баярыг хүүхэд багачууд илүүтэй хүлээж байгааг онцгойлон хэлэх нь зүйтэй. Хүүхдүүдийн хувьд хөрш орны хүүхдүүдтэй харилцах нь ихэд сонирхолтой байдаг. Баярт зориулан хүүхдүүд дуугаа цээжлэн, урлагийн үзүүлбэрүүдээ бэлдэн зочдоо хүлээж байна. Орос жаалууд Монголын соёл, урлаг, уламжлал гээд бүхий л зүйлийг сонирхож байна. Хамгийн гол нь энэ баярын үеэр Монгол-Оросын олон жилийн уламжлалт “Найрамдлын мод”-ны үндэс улам бэхэждэг.
С.ПАЛАМ