Монгол Улсын Улаанбаатар хот дахь Апостолик тэргүүн, Кардинал Жиоржио Маренготой Ромын Пап Францисын айлчлалын талаар ярилцлаа.
-Та сайхан намаржиж байна уу. Ромын Пап Францис Монгол Улсад анх удаагаа айлчлах гэж байна. Бэлтгэл ажил гээд тун завгүй байна уу?
-Сайхан. Та сайхан намаржиж байна уу. Түүхэн айлчлалын бэлтгэл ажил их, маш завгүй хичээн ажиллаж байна. Ромын пап Францис маань Италийн цагаар наймдугаар сарын 31-ний өдөр нисч, Монголд есдүгээр сарын 1-нд газардана.
Тэгээд есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад анх удаа албан айлчлал хийх гэж байна.
Албан айлчлалтай холбоотойгоор ажлын хэсэг гарч, эв нэгдэлтэй ажиллаж байгаа. Монгол Улсын төрийн талаас Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан бидэнтэй гар нийлэн ажиллаж байна. Манай Монгол дахь Ватиканы төлөөлөгчийн газраас бас хүмүүс томилон ажиллаж байна.
-Ромын Пап Францисын айлчлал дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Монгол Улсад гэгээн ширээт айлчлал хийж байгаа түүхэн бөгөөд эв нэгдлийн бэлгэ тэмдгийг агуулж буй. Энэхүү айлчлалыг та юу гэж харж байна?
-Түүхэнд Гэгээн ширээт улс болон Монгол Улс хоорондын дипломат харилцаа урт удаан түүхтэй байж ирсэн. Тэртээ XIII зууны үед 800 жилийн өмнө Дөрөвдүгээр Иннокент Пап лам өөрийн төлөөлөгчөө Монголын Эзэнт гүрэн рүү илгээсэн. Итали гаралтай Плано Карпини гэдэг хүн Францын Лион хотоос гарч, жил хагасын дараа Хархорумд ирж Ромын Папын захидлыг өгсөн байдаг.
Тэр хүн Монголд хөл тавьсан баруун орны анхны төлөөлөгч байсан бөгөөд католик буюу загалмайн шашны санваартан байсан.
Тэр төлөөлөгчийн захидлыг Гүег хаан хүлээн авч албан ёсны хариуг Пап ламд илгээсэн байдаг. Тэр цагаас хойш пап ламын монгол хаадуудтай тогтоосон албан ёсны харилцаа эхэлсэн гэж үздэг. Тэр цагаас хойш Ромын Пап Монголд өөрийн биеэр хөл тавих боломж гараагүй. Тиймээс энэ түүхэн айлчлал өвөрмөц, гүн гүнзгий утгатай айлчлал болж байгаа юм. Ромын Пап Францис Монголд төрийн бас шашны тэргүүнээр албан ёсны айлчлалаа хийх гэж байна.
-Албан айлчлалын хүрээнд ямар асуудал хэлэлцэх бол гэсэн хүлээлт байна?
-Ромын Пап Францис энх тайвны төлөөлөгч болж, бадарчилж Монголд ирж байгаа. Монголын түүх, соёл, шашин, уламжлалыг дээдэлж, тэртээ 800 жилийн түүхэн харилцаагаа бататгахаар ирж буй. Мөн дээрээс нь Ромын Пап Францис олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны лидер учраас өргөн сэдвээр ярилцах байх. Мэдээж Монгол Улсын нөхцөл байдлыг дэлхийд харуулж, мэдүүлэх чиглэлээр сайн ажиллана.
Ази тивд орших Монгол Улсын онцлогуудыг харуулах боломжтой. Монгол Улсын Төрийн тэргүүнтэй олон улсад тулгамдаж буй асуудлын талаар ярилцана гэж бодож байна.
-Католик шашны сүсэгтнүүд гэгээн ширээтийг харж, уулзахыг хүсэх нь мэдээж. Тэдэнд пап ламтай уулзах боломж тохиох уу?
-Ромын Папын ойрын 50 орчим хүн байдаг. Тодруулбал, Гэгээн ширээт улсын ерөнхий сайд, гадаад харилцааны сайд, орлогч сайдууд бүгд ирж байгаа. Мөн төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон олон улсын хэвлэл мэдээллийн 75 сэтгүүлч нэг онгоцонд хүрэлцэн ирж байгаа. Үүнээс гадна олон улсын судлаач, сэтгүүлчид дэлхийн улс орнуудаас ирж байгаа гэдэг мэдээлэл байна.
Харин шашны зан үйлийг Хан-Уул дүүрэгт байрлах “Мөсөн өргөө”-д зохион байгуулахаар боллоо. Гэхдээ Монгол дахь загалмайн шашны сүсэгтнүүдийн тоо харьцангуй бага буюу 1500 орчим байдаг.
Түүхэн айлчлалын үеэр дэлхийн улс орнуудаас сонирхсон хүмүүс ирэх байх гэдэг үүднээс том багтаамжтай газрыг сонгосон. Бид “Мөсөн өргөө” цогцолборын 2500 хүний суудалтай үндсэн багтаамжаас багахан хасч тооцсон. Одоогоор мөргөлийн бүртгэл бараг дууссан байх. Гэхдээ сонирхсон хүмүүс манай youtube үндсэн суваг болон Монголын телевизийн сувгаар үзэж болно.
-Ромын Пап Францис Монголд айлчлах болсны гол шалтгааныг та юу гэж харж байна. Албан уулзалтуудаас гадна гэгээн ширээт Монголд юу үзэж, харах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн үү?
-Монголын ард түмэн өвөрмөц соёл, уламжлалтай ард түмэн. Арвин түүх, соёл, шашин, ёс уламжлалтай. Тийм учраас Ромын Пап Францис Монгол орон руу татагдсан байх. Орчин цагийн Монгол Улс тусгаар тогтносон, эрх чөлөөтэй, ардчилсан улс. Тэр утгаараа Монголд баяртайгаар ирэх гэж байна.
–Та монгол хэлээр сайн ярьдаг юм байна. Хаана сурсан бэ?
-Би 20 жилийн өмнө Монгол Улсад анх ирж байсан. Тэр үед би 29 настай байлаа. Анх Монголд ирэхэд их өвөрмөц мэдрэмж төрсөн. Энэ газар нутаг, ард түмэн үнэхээр агуу түүх, соёлтой юм. Надад монгол хэл сурах цаг хэрэгтэй байсан. Одоо хүртэл суралцаж байна. Эхний гурван жил дан монгол хэл сурахад цагаа зарцуулсан. Тэгээд 2006 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод суурьшиж, тэндээ төслийн менежерээр ажиллаж, нэг төв байгуулсан.
Ерөөсөө Монголын түүх, соёл, шашин, уламжлалыг судлаад судлаад дуусдаггүй.
Надад илүү цаг байсан бол судалгааны чиглэлээр ажилламаар байсан. Харин 2020 онд Ромын Пап Францис намайг сонгож, загалмайн шашны хамба ламаар, 2022 онд Кардиналаар томилсон. Тийм учраас энэ чиглэлээр хичээнгүйлэн ажиллаж байна.
-Монгол дахь Ватиканы төлөөлөгчийн газар ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Монголчуудын хувьд сонирхолтой санагдаж байгаа учраас асууж байгаа юм шүү?
-Ватиканы төлөөлөгчийн газар нь 1992 онд Монголын Засгийн газрын хүсэлтээр Гэгээн Ширээт (Ватикан) Улстай дипломат харилцаа тогтоож, тэр хүрээнд байгуулагдсан. Бид хүмүүнлэг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр олон тооны төсөл хэрэгжүүлсээр ирсэн. Тийм учраас манай гадаад мэргэжилтнүүд, монгол сүсэгтнүүд зөвхөн шашны зан үйл гэлтгүй олон төсөл дээр ажилладаг. Манай сургаалийн нэг онцлог нь амьдралаараа, үйлсээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй учраас шашин харгалзахгүйгээр бусдын сайн сайхны төлөө ажилладаг.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ