Хятад улс Гималайн нурууны зүүн хэсэгт орших Аруначал Прадеш муж болон Аксай Чин өндөрлөгийг өөрсдийн нутаг дэвсгэр гэж харуулсан албан ёсны стандарт газрын зургийг гаргажээ. Шинэ газрын зурагтай холбоотойгоор Энэтхэг улс эсэргүүцлээ илэрхийлж байна.
Аруначал Прадеш мужийг Төвөдийн өмнөд хэсэг гэж зарлаж 11 газрынх нь нэрийг өөрчилсөн. Харин Аксай Чин өндөрлөг нь Гималайн баруун хэсэгт орших бөгөөд Хятадын хяналтад байдаг.
“Хятадын 2023 оны стандарт газрын зурагт Энэтхэгийн газар нутаг багтсантай холбоотойгоор бид өнөөдөр дипломат шугамаар эрс эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ мэдэгдэл нь ямар ч үндэслэлгүй тул няцааж байна. Хятадын талын ийм алхам нь хилийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн долоо хоногт Йоханнесбургт болсон “BRICS”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон. Тэрбээр энэ үеэрээ Хятадын дарга Ши Жиньпинтэй ярилцаж, хилийн маргааны талаар санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Гималайн нурууны бүс нутагт хоёр улсын цэргүүд 2020 оны зургадугаар сард мөргөлдөж байсан. Мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын дөрвөн цэрэг амь үрэгдсэн бөгөөд үүнээс хойш цөмийн зэвсэгтэй хоёр хөршийн харилцаа эрс мууджээ. 3000 орчим км үргэлжлэх хилийн шугам өдгөө харьцангуй тайван байгаа хэдий ч Гималайн нурууны хоёр талд Энэтхэг, Хятадын олон мянган цэрэг байрласан хэвээр байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ