Пап Францисын айлчлалыг 23 орны сэтгүүлч сурвалжилна

Хуучирсан мэдээ: 2023.08.30-нд нийтлэгдсэн

Пап Францисын айлчлалыг 23 орны сэтгүүлч сурвалжилна

Пап Францисын айлчлалыг 23 орны сэтгүүлч сурвалжилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд айлчлах юм. Тус айлчлал нь Монгол Улс Гэгээн ширээт улстай дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Айлчлалын хөтөлбөр ёсоор Пап Францис наймдугаар сарын 31-нд нутгаасаа мордож, Монгол Улсад есдүгээр сарын 1-нд газардах юм байна. Хол зам туулж ирж байгаа учраас тэрбээр ирсэн өдрөө амрахаар төлөвлөжээ. Есдүгээр сарын 2-нд түүнийг  Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр хүлээж авч, улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, олон нийтэд үг хэлнэ.  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Пап Францист  бараалхана. Ингээд 16:00 цагт Гэгээн Петр, Паулын сүмд хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Харин айлчлалын гурав дахь өдөр 10:00 цагаас шашин хоорондын уулзалт хийх ба 16:00 цагт Степпэ Аренад Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа болох юм. Тус мөргөлд оролцохоор 3500 гаруй хүн урьдчилан бүртгүүлээд байгаа аж.  Айлчлалын сүүлийн өдөр 09:30 цагт  сайн үйлстнүүдтэй уулзалт хийснээр түүний айлчлал албан ёсоор өндөрлөх юм. Ингээд 11:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудал түүнийг үдэх ёслолын ажиллагаа болно.

Монгол Улсад айлчлах Пап Францисийг дагаж дэлхийн 23 орны 56 редакцийн 150 гаруй сэтгүүлч ирэх тооцоо гарсан байна.  Нийт сэтгүүлчдээс түүний албан ёсны  айлчлалыг сурвалжлах нь 46 редакцийн 75 сэтгүүлч байгаа бол үлдсэн нь Папын айлчлалыг даган хувиараа сурвалжлага хийх аж. Үүнд дэлхийн томоохон хэвлэлүүд багтжээ. Тухайлбал, "Associated Press", "New York Times", "Reuters" зэрэг хэвлэлээс гадна Итали, Испанийн хэвлэлүүд ирэх аж. Харин дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас 180 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлсэн байна.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримталдаг. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг хүлээн авч, ирж байгаа Пап Францисын айлчлал дэлхий дахины анхаарлын төвд байна.  Тус айлчлал улс төр, нийгэм, эдийн засаг, түүхийн өргөн цар хүрээ, өндөр өгөөжтэй айлчлал болно гэдгийг судлаачид онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж