Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. Түүнчлэн 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж байгаа юм. "Ньюс" агентлаг энэ удаагийн VS буландаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын эсрэг тэсрэг байр суурийг онцлон хүргэж байна.
Л.Энх-Амгалан
БШУ-ы сайд
Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Тухайн сургуулиудад 50 мянга гаруй хүүхдийн асуудал яригдаж байна. 68 сургуулийн 47 нь хотод бөгөөд нийт 33 мянган хүүхдийн асуудал. Яагаад нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх нөхцөл байдал үүссэн бэ? Шалтгаан нь юу байв гэдгийг олж тогтоох ажлыг бид эхлээд хийсэн. Гурван үндсэн шалтгаан байсан гэж бид тогтоосон.
Нэгдүгээрт, 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид ороход 30 мянган хүүхэд 12 дугаар анги төгсч байгаа. Жил бүр 35-40 мянган хүүхдийн зөрүү гарч байгаа болохоор дунд, ахлах ангид тодорхой ачаалал үүсч байна. Тиймээс шинэ хичээлийн байр, анги танхимын хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм.
Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын оновчгүй төлөвлөлт их хийдэг. Газаргүй, зураггүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаагаас болж сургууль, цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүй хүлээгдэж байна.
Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдааг нэрлэж байна. Улаанбаатарт сургуульгүй 50 хороо байна. Цэцэрлэггүй 17 хороо байгаа. Тэгсэн мөртлөө өндөр өртгөөр Нарны болон Маршал, Хүннү зэрэг хорооллыг барьдаг. Гэвч тэнд нь сургууль, цэцэрлэг байдаггүй. Тухайн баригдаж байгаа хороолол сургууль, цэцэрлэгтэй байх зохицуулалттай. Тухайн хорооллыг барьж байгаа компаниуд газрын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа сургууль, цэцэрлэгээ төлөвлөсөн байдаг. Гэтэл улсын комисст хүлээлгэж өгөхдөө хорооллуудаа хэсэгчилдэг. Анхны төлөвлөж байснаараа ажлаа хийдэггүйгээс үүдэн сургууль, цэцэрлэггүй олон хороолол бий болж байна. Энэ талаар Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд бодлогын ямар арга хэмжээ авах талаар баримт бичгүүд гаргаж байна.
Л.Оюун-Эрдэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд
Есдүгээр сарын 1 бол ердийн үед БШУЯ-ны л гол ажил байдаг. Энэ бол зөвхөн яамны ажил биш, Монгол Улсын Засгийн газрын асуудал. Дэлхий нийт ч энэ хичээлийн жилд ийм сорилттой тулж байна. Монгол Улс вакцинжуулалтын явцаар эхний 10 улсын нэг болж, хүн амын 60-аас дээш хувийг дархлаажуулах ажлыг зохион байгуулсан. Мөн 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт байгаа бөгөөд 80-аас дээш хувьтай явж байна. Багш нар болон боловсролын салбарын ажилчдын вакцинжуулалт бас өндөр хувьтай байна. Энэ амжилтдаа үндэслээд бид бүхэн хоёр жилийн дараа танхимын сургалтаа эхлүүлэх томоохон шийдвэрийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Энэ удаагийн хичээлийн шинэ жил хэд хэдэн үйл явдлаар онцлог байна. Нэгдүгээрт, цар тахлын амаргүй сорилт дунд бид бүхэн ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа боловсролын хоцрогдлыг арилгах томоохон зорилт тавьж байна. Эцэг эхчүүд, иргэд Засгийн газар, БШУЯ-тай нягт хамтарч ажиллаж байж ард нь гарах юм. Тийм учраас эцэг эхчүүд үүнд туйлын анхааралтай хандах хэрэгтэй.
Өөр нэг онцлог бол Засгийн газрын томоохон зорилт биелж, ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэдэгийг байхгүй болгож анх удаа хоёр ээлжээр орно. Мөн “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” болж байгаа. Өмнө нь нэг хүүхдэд 900 төгрөг зарцуулдаг байсан бол одоо 1500 төгрөг болж өдрийн хоолтой болно. Энэ хөтөлбөрийг туйлын чухал гэж олон улсын судлаачид үздэг. Учир нь хүүхэд илүү тухтай байж, хичээл сургуульдаа илүү анхаардаг. Олон жилийн дунджаар бие бялдрын өсөлт хөгжилд нь ч нөлөө үзүүлдэг том хөтөлбөр. Үүнийг хийж байгаа мөн эхний жил болж байна. Мөн таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. Цаашдаа бид 12 жилийн сургалтыг орон даяар зохион байгуулж, хот хөдөөгийн ялгааг байхгүй болгох, сургууль болон цэцэрлэгийг нэгдсэн стандартад оруулах томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа. Их, дээд сургуулиудыг нэгтгэж, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилт ч тавьсан. Монгол хэл, түүх, өв соёл дээр монгол стандарт гаргах том зорилтыг дэвшүүлээд явж байна. Энэ бүх зүйл дээр иргэдтэй хамтран ажиллаж, ирэх гурван жилд боловсролын салбарт олон улсын стандартад нийцсэн том хэмжээний реформ хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Энэ агуулгаараа энэ хичээлийн жил чухал юм.
Холбоотой мэдээ