Сурвалжлага: Шинэ суурьшлын бүс агаар нь сайхан ч асуудал ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.08.30-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Шинэ суурьшлын бүс агаар нь сайхан ч асуудал ихтэй байна

Сурвалжлага: Шинэ суурьшлын бүс агаар нь сайхан ч асуудал ихтэй байна

Овон товон ихтэй шороон замаар 2.5 км явсны эцэст шинэ суурьшлын бүсэд ирлээ. Албаны хүнээс шинэ суурьшлын бүсийг тодруулж асуухад "БЗД-ийн 21 дүгээр хорооны 127 дугаар сургуулийн уулзвараас Жамсран уулын ард Богдын ам гэх газар" болохыг хэлэв. Иргэд төдийлөн мэдэхгүй тус газар руу очих гэж багагүй төөрч, будилсны эцэст, уулын ам руугаа шахаж буусан хэдэн гэр харагдав. 

Улаанбаатар хотод долдугаар сарын 5-ны өдөр орсон аадар борооны улмаас БЗД-ийн 21, 27, 29-р хороо буюу Дарь-Эх, Монел орчмын 360 айл өрх үерт автсан. Үүнээс 47 айл нь орон гэргүй болсон бөгөөд Нийслэлийн ЗДТГ-аас эхний ээлжинд 20 өрхөд бүрэн тавилгатай таван ханатай гэр өгсөн. Мөн тэдэнд шинэ суурьшлын бүсэд газар өгсөн билээ.  Тэдгээр айл тог цахилгаан, худаг ус, нийтийн тээвэр, нүхэн жорлон, гэрэлтүүлэг байхгүй гэх шалтаг, шалтгаантай сууж байлаа. Зарим айл нь буцаж нүүсэн бол зарим нь үүдээ цоожлоод, зөвхөн амралтын өдрүүдэд л ирдэг гэв. 

Уулын оройд ганц трактор газар тэгшилж байгаа харагдана. Трактороор газар тэгшлүүлэхэд 350-400 мянган төгрөгийн хөлстэй аж.

Хуучивтархан гэрийн гаднах уяатай нохой хуцаж, гэрийн эзэн болох 40 орчим насны эмэгтэй гарч ирэв.  Гэрээс гарч ирсэн эмэгтэй өөрийгөө Д.Сарантуяа гэж танилцууллаа. Тэднийх Богдын ам гэх газар нүүж ирээд гурван жил болжээ. Тог, ус байхгүй тул шөнөдөө лаа барьдаг. Усаа тээр дороос зөөж ирдэг болохоо ярилаа. Тэдний хажуугийн гурван айл мөн л гурван жилийн өмнө ирж суурьшжээ.  Тэрбээр "Дарь-Эхэд буусан үерт автсан айлуудад энэ газар олгож байгаа гэсэн. Хэсгийн ахлагч эмэгтэй ирж, гудамж гаргах тухай ярьсан. Тог, цахилгаан татах асуудлыг судлаж байгаа юм билээ" гээд "Зөвхөн үерт өртсөн айлуудыг тог цахилгаанаар хангаад бусдад нь өгөхгүй байгаа"-д гомдоллов. 

Ойрхон сургууль, цэцэрлэг байдаг уу гэсэн асуултад Д.Сарантуяа "Машинтай хүмүүст эндээс хамгийн ойрхон байрласан сургууль, цэцэрлэг рүү хүүхдүүдээ зөөгөөд байж болно" гэсэн. 

Өвөл утаа, угаар багатай, зун зусланд байгаа юм шиг сайхан байдаг гэнэ. Гэхдээ  энд хоосон, хашаа хатгаагүй газар 15 сая төгрөгөөр зарагддаг болохыг хэллээ. 

ШИНЭ СУУРЬШЛЫНХАН ТОГ ЦАХИЛГААН, НИЙТИЙН ТЭЭВРЭЭ ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЭВ

Баянзүрх дүүргийн 29-р хорооны иргэн С.Бямбасүрэн үерт гэрээ алджээ. Бүсэлхийгээр давсан борооны усанд гэр нь автаж, авдар савнаас эхлээд хамаг эд хэрэгсэл нь лаг шавар болсон, авах юм байхгүй болсон гэнэ. Үерт өртсөн хашаа бараагаа цэвэрлэж, тэндээ амьдрах гэж үзсэн ч хүүхдүүдийнх нь гэдэс өвдөөд эхэлсэн аж. Тиймээс шинэ суурьшлын бүс рүү нүүж ирсэн аж. 

Хуучин гэрийнхээ шал, хивсийг аваад шинэ гэртээ тавьсан боловч муухай үнэртээд байсан тул сольжээ. Хамгийн гол нь газрын хөрс нь эрүүл нь таалагдаж байгаа гэв. Тог цахилгаан, дэд бүтцийнх нь асуудлыг шийдээд өгвөл эндээ амьдарна гэж С.Бямбасүрэн ярьж байна.  Тэднийх сургуулийн насны хүүхдүүдтэй.  Тиймээс нийтийн тээврийн асуудлаа сургууль орохоос өмнө шийдэхгүй бол буцаад нүүхэд хүрч магадгүй бололтой. Намрын дулаанд хүүхдүүд нь сургууль, гэр хоёрынхоо хооронд алхаад явчихаж болох ч өвөл хэцүү. Өглөө, оройны харанхуйд хүүхдүүд алхах аюулгүй, дээр нь халтиргаа гулгааны асуудал ч байна гэлээ. 

"Газрын албаныхан газрыг чинь олгосон, бусад асуудлаа өөрсдөө хөөцөлдөж шийд" гэсэн гээд хүн хөлсөлж жорлонгоо ухуулж байгаагаа ч зарим нь ярив. Шинээр жорлон ухуулахад 300 мянган төгрөгөөс дээш үнэтэй болохыг хэллээ. Нийтийн тээвэр байхгүй тул байнга таксидахад зарлагатай байгаа аж.  

ХУДАГ БАЙХГҮЙ, МАШИНТАЙ ТУЛДАА Л УСАНДАА ЯВЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн 27-р хорооны түр оршин суугч Н.Болортуяаийнх газар олгосон цагаас тэндээ амьдарч байгаа аж.  Тэр хэлэхдээ "Хэд хоногийн өмнөөс л цахилгаан ирсэн.  Газрын кадастрынх нь зураг  нь гарсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Машингүй бол энд амьдрахад их хэцүү байх шинжтэй. Худаг байхгүй, машинтай тулдаа усандаа явж байна. Нэлээд холоос ус авдаг. Сургууль цэцэрлэгийн хоёр хүүхэдтэй. Яаж ийж байгаад хүргэж өгнө дөө. Сургууль соёл нь холдчих вий гээд саяхнаас энэ хавийн цэцэрлэг, сургуульд бүртгүүлчихсэн. Гол асуудал нь энд сүлжээ ерөөсөө барьдаггүй. Интернэт юу ч байхгүй, хааяа сүлжээ орж гардаг. Яаралтай хүн амьтан дуудахаар бол одоо яах юм бол. Хүнсээ доошоо бууж байж авдаг. Энд дэлгүүр байдаггүй. Цэвэр агаарт сайхан байгаа хэдий ч шинэ газар юм болохоороо дутуу дулимаг юм зөндөө л байгаа"-г хэлэв.

Тэрбээр айлын  хашаа түрээсэлж амьдардаг байсан ч үерээр гэр нь тэр чигтээ урсжээ. Машин нь харин урсалгүй гэрийн лаг шаварт зоогдоод үлдсэн байна. Машинаа янзлуулаад унаж байгаа аж. Харин гэр доторх эд зүйлсээс юу ч үлдээгүй гэнэ.  Эдгээр 20 айлаас нэг айл нь гэрээ ачаад буцаад нүүчихсэн аж. 

Газар зохион байгуулалтын хувьд гэр хоорондох зай ойрхон болохоор нүхэн жорлон ухахад төвөгтэй байгаа гэх. Шонгийн мод хатгасныг харвал шинээр айлууд нүүж ирэхээр бэлдэж байгаа бололтой. 

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн Ш.Шүрэнцэцэг мөн л үерт автаж, хамаг эд хөрөнгөө алджээ. Өмссөн хувцастайгаа үлдсэн тэд шинэ гэр орон, газартай болсондоо баяртай байлаа.  Гэхдээ жорлонгоос эхлээд нийтийн тээврийн асуудлаа шийдээгүй байгааг хэлээд өвөл хүүхдүүдээ яаж зөөхөө мэдэхгүй байна гэв.

Тэнд байх 20-оод гэрийн ихэнх нь цоожтой. Ажилдаа явсан уу, аль эсвэл тэндээ амьдрахаа больсон уу мэдэхгүй. Хажуугийн айлуудынх нь ярьж байгаагаар амралтын өдрүүдэд гэртээ ирдэг хүмүүс ч байдаг гэнэ. Шинэ суурьшлын бүсэд юун түрүүнд нийтийн тээвэр, худаг усны асуудал нэн шаардлагатай байгааг иргэд бүгд хэлж байна. Агаар орчны хувьд зуслан шиг сайхан боловч асуудал нь тэднийг буцааж нүүх шалтаг, шалтгаан болж магадгүй байна.

Л. Энхтуул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж