ОХУ-тай хил залгаа орнуудын хувьд Украинд болж буй дайн тийм холын зүйл биш. Энэ нь зөвхөн Оростой ойрхон оршдог эсвэл Путин Зөвлөлтийн туган дор нэгэн цагт хамт байсан улсуудыг авах ёстой учраас биш юм.
ОХУ олон жилийн турш хөршүүд рүүгээ танк илгээж байсан түүхтэй. Түүхийн хуудаснаа бичигдсэн тэдгээр үйл явдал өдгөө бодит байдлын аймшигт өнгө аястай болжээ.
Хэрвээ Украин ялалт байгуулахгүй бол Оросын бусад хөрш бүгдээрээ заналхийлэлд байгааг ерөнхийлөгч Зеленский илэн далангүй хэлсэн. Путин ЗХУ-ыг дахин байгуулахыг хүсч байна гэж үзэгсэд ч бий. 30 жилийн өмнө тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд нэгдэж байсан нэгэн латви иргэн хэлэхдээ “Хэрвээ Путин Украинд ялалт байгуулчихбал энд ирнэ” гэж хэлжээ.
Энэ бол нийтэд өргөн тархсан итгэл үнэмшил. Украиныг яагаад дэмжих хэрэгтэйг Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас тайлбарлахдаа “Украин бол Эстонийн фронтын шугам. Украинчууд бидний төлөө тэмцэж байна” гэж хэлсэн. Эстони дах Оросын Элчин сайдын яамны гадна хэсэг Украиныг дэмжсэн агуулгатай зураг, үг хэллэгээр дүүрчээ.
Цаашилбал, Латвийн нийслэл Рига хот дахь ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг гудамжийг эрх баригчид “Украины тусгаар тогтнолын гудамж” гэж нэрлэсэн байна. Оросын дипломатчид өдөр тутамдаа цонхоороо Украины туг далбааг, өөрсдийг нь террорист гэж нэрлэсэн бичээсүүдийг харж байна. Тус улс нь НАТО-ийн нэр сүр доор байгаа тул зоригтой байдаг. ОХУ-ын түрэмгийллийн эсрэг НАТО асар их зэвсгийн болон дипломат тусламжийг Украинд үзүүлсэн.
“Украин улс НАТО-оос чамлахааргүй их дэмжлэг авч байгаа нь бидэнд аюул заналхийлсэн үед яах бол гэдэг айдсыг багасгалаа” гэж католик шашны Мария радиогийн Латви дахь захирал Янис Мельниковс хэлжээ.
Нөгөөтэйгүүр Украиныг дэмжих, дотооддоо цэргийн төсвөө нэмэгдүүлэх зэргээс шалтгаалаад Латвийн дотоодын эдийн засаг амаргүй үеийг туулж байна. Дайнаас хойш тус улсын инфляцийн түвшин санаа зовоохуйц түвшинд хүрсэн. Гэхдээ иргэд Украиныг чин сэтгэлээсээ дэмждэг хэвээр аж. Бүс нутгийн хаа сайгүй Украины далбаа намирч байдгаас үүнийг харж болно.
ОХУ-тай 1200 гаруй км хиллэдэг Финландад ч энэ байдал ажиглагддаг. Кремль 1939-1940 онд Финландад довтолж байсан түүхтэй. Олон 10 жилийн турш НАТО-д нэгдээгүй Финландын шийдвэрийг Оросын түрэмгийлэл өөрчилсөн юм. Төвийг сахисан байдал нь улс оронд ямар ч хамгаалалт болохгүй гэдэгт тэд итгэсэн тул дөрөвдүгээр сард НАТО-д элсжээ.
Өдгөө дайн эхлээд 18 сар болсон ч Хельсинкийн нисэх онгоцны буудал дээр “Украинаас дүрвэн ирэгсдэд зориулсан мэдээлэл” гэсэн бичиг байсаар байна. Мөн төв вокзал дээр нь Украины туг мандсаар байна.
Гэвч Сталины дайралт болон Кремльд захирагдаж байсан үеийн траума Балтийн жижиг орнуудад одоо ч байдаг. ЗХУ-ын үед Эстонийн нийслэл Таллин хот дахь "Виру" зочид буудлын дээд давхарт КГБ-ын ажилтнуудаас өөр хүн орох хориотой байв. 1991 онд тэд Эстонийг орхисон ч үнсний сав, чийдэн зэрэг зүйлд микрофон, дамжуулагч зэрэг хяналтын төхөөрөмжөө үлдээсэн гэдэг. Саяхныг хүртэл энэ мэт орхигдсон оффисуудыг хүмүүс сониуч зангийн үүднээс л авч үздэг байсан. Гэвч Украинд дайн эхэлснээс хойш бүх зүйл шинэ ноцтой байдалд оржээ.
Латви улсад ч бас КГБ-ын үлдэгдэл бий. Рига хотын Бривибас гудамж дахь 61 дүгээр байшин бол хэлмэгдүүлэлт, харгислалын ул мөр шингэсэн газар. Тэнд хувьсгалын эсэргүү үйл ажиллагаанд сэжиглэгдэж буй хүмүүсийг байцааж, эрүүдэн шүүж, тэр бүү хэл цаазалдаг байсан аж. Хувьсгалын эсэргүү үйл ажиллагаа гэдэгт шүлэг бичих, танилуудынхаа эсэргүү үйл ажиллагааг мэдээлэхгүй байх зэрэг орж байв.
Балтийн орнуудын удирдагчид Оросын аюул заналхийллийг олон жилийн турш сануулах гэж оролдсоор иржээ. Эстони улс 2007 онд томоохон кибер халдлагад өртөж байв. Учир юу вэ гэвэл Эстонийн эрх баригчид 1947 онд Дэлхийн хоёрдугаар дайны үед Таллин хотыг чөлөөлсөн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэсэн хөшөөг буулгажээ. Энэ шийдвэр нь орос хэлээр ярьдаг хүмүүсийн эгдүүцлийг төрүүлсэн ба удалгүй Эстонийн интернет нууцлаг саажилттай болсон. Энэ бол шинэ төрлийн дайны урьдчилсан үзүүлбэр байв. Тодорхой буруутан олдоогүй ч Кремлийн дараа дараагийн хакердалтууд бүхнийг тодорхой болгосон юм.
Үүний дараа ОХУ-ын арми 2008 онд Гүржид нэвтэрч, 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн.
Оросын түрэмгийллээс хойш Украины батлан хамгаалахын салбарт хамгийн их хувь нэмэр оруулсан гурван улс бол Эстони, Латви, Литва. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар тооцсон тооцоолол юм. Эстони улсын тусламж л гэхэд АНУ-ынхаас дөрөв дахин их байна. Үүнээс гадна тэд дотоодын батлан хамгаалах зардлаа ч нэмэгдүүлэх болжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ